Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаа худаг-Гашуунсухайтын төмөр замд ажилласан 13 компани ДАМПУУРЛЫН ИРМЭГТ иржээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлтай тулгарч, зарим компаниуд дампуурлаа зарлах тулаад байгаа ажээ. Энэ компаниудын төлөөлөл болгож “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо,  “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын ажилтан н.Сумьяадорж, “Транскон” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

“БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна.  Энэ мөнгө Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа” хэмээн н.Сумъяадорж онцлон хэллээ.

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Монголын төмөр зам" ТӨХК, БНСУ-ын “Samsung СТ” компани энэхүү ажилд шалгарсан ажээ.  

Улмаар үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгүүлжээ.

Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112.6 тэрбум төгрөг буюу 56.2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч “Samsung СТ" компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

 

Энэ талаар “Транскон” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-ЯнНийт 13 компанийн гэрээний үлдэгдэл төлбөр 24.6 тэрбум төгрөг байна. Гүйцэтгэлээс суутгаж авсан төлбөр нь 8.5 тэрбум төгрөг болсон. Мөн хоёр жилийн турш сул зогсолт хийснээр эдгээр компани ажилтнуудынхаа хөлсийг өгч чадахгүй, бүтээн байгуулалтад оролцож чадахгүй хүнд байдалд ороод байна.

13 компанийн ард 1,500-2,000 гаруй ажилтнууд бий. Төмөр замын ажлыг цөөн хүмүүс хийчихдэггүй. Энэ төлбөрийн асуудлаас болоод олон хүний эрх ашиг хөндөгдөж байна.

Өнгөрсөн жилээс хойш ахиц гарсан юм алга. "Самсунг CT" компани бүгдийг нь хойш нь татаад, хугацаа хожихын тулд “Монголын төмөр зам”-аас мөнгөө авч байж өгнө гэдэг. Гэтэл яг үнэн хэрэгтээ баримт харахад энэ компани санхүүжилтээ авчихсан байгаа” гэв.

Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой уг ажилд нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см ч төмөр зам баригдаагүй байна. Энэ хугацаанд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч 2,
  • Засгийн газар 4,
  • Зам тээврийн сайд 6,
  • “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 6 удаа солигджээ.

Харин Монголчууд бид төмөр замын бүтээн байгуулалтанд нийт 265.6 сая ам.доллар, 6.3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Тэдний зүгээс үндэсний 13 компанид санхүүжилтыг нэн яаралтай олгохыг Зам Тээврийн Яам, “Монголын Төмөр Зам” ТӨХК-иас шаардаж байгаа илэрхийлэв.