Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Зээлдэгчдийн холбоог 50 гаруй БИЕ ДААГЧ дэмжиж байгаа"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зээлдэгчдийн холбооноос гаргасан хүсэлтийг арилжааны банкууд хэрхэн хүлээн авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго хэлэхдээ "Бид энэ сарын 03-ны өдөр албан ёсны хүсэлтээ арилжааны зургаан банканд өгсөн байгаа. Гурван хоногийн хугацаанд хариугаа бидэнд хэлэх ёстой байсан.

Манай холбооноос гаргасан саналууд:

  • Барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох,
     
  • Хэт нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх,
     
  • Жилийн 15%-с дээш хүүтэй зээлийн хүүг буулгах зэрэг саналуудыг албан бичигт тусгасан.
 

Ингээд одоогийн байдлаар гурван арилжааны банк хүсэлтийг хариуг явуулсан. ​

  • Хаан банк: "Хүсэлт хүлээн авах боломжгүй"
     
  • Хас Банк: "Бид нарыг ард иргэдийг эмх замбараагүй байдалд оруулж байна" гэсэн утгатай хариулт
     
  • Ариг Банк: "Хүсэлт хүлээн авах боломжгүй" гэсэн хариултыг тус тус ирүүлсэн. Мөн бид Банкуудын холбоотой уулзсан.

Эцэст нь дүгнээд харахад, Монголын арилжааны банкууд өөрсдийнхөө эздийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг гэж ойлгосон. Үүнээс гадна чөлөөт өрсөлдөөнөөр явагдах ёстой салбар байхад, ашгийн төлөө хоорондоо хамтарч үйл ажиллагаа явуулдаг юм гэдэг нь тодорхой болсон.

Бид цаашид Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд албан бичгээ хүргүүлэх болно.

Малчдын зээлийн хүүг 10 хувь хүртэл бууруулж чадсан байж, яагаад банкны зээлийн хүүг бууруулах, зээлтэй иргэдийн төлөө Засгийн Газар, УИХ-ын эрхэм гишүүд ажиллахгүй байна вэ" гэв.

Зээлдэгчдийн холбооны дэд тэргүүн М.Эрдэнэбилэг хэлэхдээ "Манай холбооноос Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 23.1-ийг үндэслэн УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байна.

Бид 25 жилийн турш бид арилжааны банкуудын дарамт дор ажиллаж, амьдарч ирлээ.

УИХ-ын гишүүд Сонгууль гээд чих зөөлөн байгаа. Тиймээс ч энэ үеийг ашиглан бид зээлийн хүүг бууруулах хүсэлтээ илгээж байна. Одоогийн байдлаар 50 гаруй бие даагч "Танай холбоотой хамтран ажиллахад бэлэн байна" гэсэн санал ирүүлсэн.

Өнөөдрийн байдлаар зарим зээлдэгчид амь насаа алдах, хөрөнгөө алдах гэх мэт асуудалд орж байгаа. Цаашид ч гэсэн гарч болзошгүй" гэлээ.