Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлдэгчид ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХыг шаардлаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэдний хувьд банкнаас олгож байгаа зээлийн хүү хэт өндөр байгаа бөгөөд 15 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 
Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Бид тавдугаар сарын 3-ны өдөр албан ёсны хүсэлтээ арилжааны зургаан банканд өгсөн байгаа. Гурван хоногийн хугацаанд хариугаа бидэнд хэлэх ёстой. 

Хүсэлтэд зээлдэгчид юу хүсч байгааг оруулсан.  Хэрэв бидэнтэй хамтран ажиллаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. 
Учир нь энэ олон иргэд бухимдлаасаа болоод ямар нэгэн үйлдэл гаргавал манай холбоо дийлэхгүй гэдгээ хэлье.  Санхүүгийн энэ хүнд нөхцөлд 26 жил үнэнч явж ирсэн харилцагч нарийнхаа төлөө өнөөдрийг хүртэл банкны ТУЗ болон удирдлагууд юу ч хийгээгүйд туйлаас ИХ ХАРАМСАЖ байна” гэв. 

Зээлдэгчдийн зүгээс дараах гурван шаардлагыг тавьж байна:

  • Барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох,
  • Хэт нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх,
  • Жилийн 15%-с дээш хүүтэй зээлийн хүүг буулгах зэрэг саналуудыг тавьж байна.

Монгол Улсын эдийн засаг хямарч 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 693.9 мянган иргэн төрөл бүрийн зээлтэй байгаагаас найдваргүй зээлдэгчийн хувь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өссөн гэсэн тоо баримтыг тэд онцолсон юм. 

 

Тус холбооны хуулийн зөвлөх Ц.Монгол зээлийн хүү бууруулах боломжийн талаар “Банк манай улсад хэмжээгүй эрхт субъект болсон байна гэдгийг би 2010 оноос хойш ярьсан. Зах зээлийн эдийн засгийн уналтын үед иргэд зээлээ буцааж төлж чадахгүй тохиол маш олон болсон байна. 

Мөн иргэдийн барьцаалсан барилга байшин үнэгүйдэж, худалдаж авах боломжгүй хүнд байдалд орлоо. Тиймээс би үүнтэй холбоотой ҮХЦ-д хуулиар банканд олгосон давуу эрхийг алга болгож өгөөч ээ. Хэрэв банкныхаа хүүг хугацаандаа төлж чадахгүй болсон тохиолдолд хүү зогсоох хүсэлт гаргасан. 

Банкууд зээлдэгчдийг харж, хүүгээ бууруулах арга хэмжээ авч өгөөч ээ. Хугацаандаа хүүгээ төлөөгүй иргэдийг хүүгээс нь чөлөөлөх, барьцаалсан хөрөнгийг нь шүүхийн шийдвэргүйгээр булааж авахаа больж, хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж байна” гэв.