Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа: Төр итгэл хүлээлгэсэн учраас цаг алдах эрх надад байхгүй

Ч.Чулуунцэцэг
2016 оны 5 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Төрийн  нүдээ олсон шийдвэрийг ард түмэн алга ташин хүлээн авдаг. Яг ийм шийдвэрийг  Монголын төр өнгөрсөн баасан  гарагт гаргав. Энэ нь олон сарын турш эзэнгүй явсан гэж хэлж болох эрүүл мэндийн салбар  эрхэлсэн сайдтай болсон явдал. Нөгөө утгаараа энэ салбарт  ажилласан сайд нараас  хамгийн сайн нь С.Ламбаа гуайг хэмээн эрүүл мэндийнхэн дүгнэдэг юм билээ. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ч улаанбурхан хэмээх гамшгийн хэмжээнд хүргэх дөхсөн халдварт өвчнийг богино хугацаанд дарах ажлыг зохион байгуулж чадаж буйг та бид бэлхнээ харж буй.  Тиймээс “Монголын мэдээ” сонин түүнд  баяр хүргэж, салбарын хэмжээнд  нэн даруй шийдвэл зохих тулгамдаж буй ямар асуудал байгаа,  түүнийг хэрхэн шийдэх талаар нь асууж, сонирхсон юм.  

-Эрүүл мэнд спортын сайдаар томилогдсонд  тань баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдохын өмнө БНСУ-д ажиллаад ирэв үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан тус улсад ажиллаад  ирлээ. Ингэхдээ  өөрийн салбарын  ажлыг амжуулахын тулд хоёр хоно­гийн өмнө явж, Солонгос улсын хөнгөлөлттэй зээлээр баригдах Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн  ажлыг нь эхлүүлэх зорилгоор уг  ажлыг гүйцэтгэх Самсунгийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй албаны  хүмүүстэй уулзаж ярилцсан. 

Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын ажил  энэ сарын 25-нд эхлэхээр болсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэн­дээ хүргэхэд таатай байна. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод  таван  жил зогссон энэ ажлыг эхлүүлэхийн тулд Самсунг корпораци болон барилга барих, тоног төхөөрөмж нийлүүлэх, зөвлөх үйлчилгээ хариуцах зэрэг компанийн удирдлагуудтай Монголд удаа дараа уулзан  уйгагүй хөөцөлдсөний үр дүн ингэж гарлаа. “Экзим” банк санхүүжилтийн урьдчилгаа төлбөрийг хийсэн болохоор  оношилгооны төвийн  бүтээн байгуулалтын ажил саадгүй явах байх. 

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан. Мөн БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны дэд сайдтай уулзан  2011 онд хоёр яамны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, “Сөүл хөтөлбөр”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний  мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон. 

-ЭМС-ын сайдад нэр тань дэвшигдэх мөртөө  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй удсаны  шалтгаан  ийм учиртай байж л дээ?

-Тийм. Нэр дэвших асуудлыг мэдээгүй. БНСУ руу явчихсан байсан хэрэг. 

-Сайдын ажлын анхны өдөр юунаас эхлэх нь сонин байна.  Ямар шийдвэр гаргах тухайгаа бодож, төлөвлөж амжсан уу?  

-Өмнө нь таван сар шахам хугацаанд яамныхаа  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн  болохоор бүх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Манай салбарын ажилтан ажилчид, эмч, сувилагч, асрагчид өнгөрсөн хугацаанд маш ачаалалтай ажилласан. Одоо ч үргэлжилнэ. Мэдээж сайдын албан тушаал бол Эрүүл мэнд, спортын асуудлыг Ерөнхий сайдын өмнө шууд хариуцах болохоор бодлогын тодорхой шийдвэрүүдийг гаргана. Өмнө нь сайд байхдаа эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарна. 

-Тухайлбал...?

-Сайдын тушаал гаргаж,  улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоох, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэх, дэлхий даяар дэлгэрч байгаа халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээг төлөвлөж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ДЭМБ-тай хамтарч эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, өвчлөл, нас баралтын шалтгааныг тогтоох нарийвчилсан судалгаа хийж, дүгнэлт гаргах эрдэмтэд, эмч, мэргэжилтний баг гарган ажиллуулах гээд олон ажил байна.

С вирусын эмчилгээнд хэрэглэх харвони, ледвири эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулах, вирус тоолох оношилгооны тоног төхөөрөмжөөр аймгуудын нэгд­сэн эм­нэл­гийг нэгдсэн бодлогоор хангах, эмчилгээнд тавих хяналтыг боловсронгуй бол­гох ул­маар эмийн болон, оношилгоо, шин­жил­гээний үнийг аль болохоор бууруулах ажлыг зохион байгуулна. 

Би ярианыхаа эхэнд Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн тухай хэлсэн. Түүнээс гадна Яармаг дахь 300 ортой  Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ажлыг үргэлжлүүлнэ. Хуучин хийсэн гэрээ хэлцлийг хүчингүй болгож барилга, дэд бүтцийг концессын  гэрээгээр барьж дуусгахаар сонгон шалгаруулалт зарласан байгаа. Мөн Төрийн албан хаагчдын эмнэлгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатори болгох, 260 ортой хэсгийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болгох зураг төслийг хийж, Засгийн газрын тогтоолыг гаргуулснаар  засварын ажил нь эхлэх учиртай. 

Хавдар судлалын үндэсний төв, Түлэнхийн төвийн барилгын ажлыг ч  эрчимжүүлнэ. Эмч нарын шаардлага тавиад байгаа Эрүүгийн хуулийн 15.1-д оруулах өөрчлөлтийг  ажлын хэсэг байгуулж боловсруулаад Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Гишүүдийн өргөн барьсан төсөлтэй нэгтгэж Хууль зүйн яам болон  Засгийн газрын хуралд оруулах гэж байна. Энэ бүхнийг  чуулганы хугацаанд амжуулах учиртай. 

“Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай”, “Эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэх, холбогдох журам дүрмийг боловсруулж байлах ажлыг зохион байгуулна. “РИО-2016” олимп  хаяанд ирлээ. Бэлтгэлийн баазтай гэрээ байгуулах, тамирчдын ёслолын болон бэлтгэлийн хувцсыг бэлэн болгох, нисэх онгоцны хуваарийг хийж,  холбогдох байгууллагуудтай тохиролцох гээд хийх ажил зөндөө.  Олимпийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ахлагчийн хувьд олимптой холбоотой ажлууд эхнээсээ бэлэн болж байгаа.

-Уучлаарай, сайд аа. Сайдын асуудлыг өргөн барих үеэр УИХ-ын зарим  гишүүн  ганц сарын хугацаатай албан ту­шаал энэ тэр гээд л байсан. Тэд­ний хэлснээр  энэ бүхэн нэг­хэн сарын хугацаанд  амжих уу?

-Амжуулахын төлөө л зүтгэнэ шүү дээ. Нэгэнт Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын гишүүд маань итгэл хүлээлгэн  баталсан болохоор тайвшрах, хойш тавих эрх надад байхгүй. Миний амьдралдаа  мөрдөж ирсэн зарчим гэвэл энэ.

Зураг