Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даш: Цагдаагийн байгууллагад очиж тайлбар л өгсөн

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
 

1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олсон, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш гэгч байсан гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагынхан мэдээлэл хийлээ.

Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш "Анх 1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олжээ, энэ нь Дархан Монгол нэгдлийн тэргүүн байжээ гэсэн мэдээг сонсоод бид их гайхацгаасан. 

Өчигдөр нэгэн зэрэг шахуу 40 гаруй мэдээллийн хэрэгслээр намайг цуурхал тараасан, баривчлагджээ гэх  мэтээр гүтгэсэн мэдээллийг цацлаа. Манай байгууллагынхан дээрх мэдээллүүдийн доор орсон сэтгэгдэлүүдийг ажиглаж жижигхэн судалгаа хийхэд 10-аадхан IP хаягаас бичсэн байсан. Бидний талаар мэдээллийг харлуулж, доромжилсон коммент бичиж байсан тэдгээр хүмүүсийн хаягийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна.

 

Дөрөвдүгээр сарын 20-ний үеээс "Иргэд Таван толгойн хувьдаагаа зарах гээд Урт цагаан дээр хонон өнжин цуглаад байна" гэсэн мэдээ хэвлэлээр гарч эхэлсэн. Эхний үед юу болоод байгаа нь ойлгомжгүй байсан. Эхний мэдээнээс 10 гаруй хоногийн дараа миний танил н.Золжаргал тавдугаар сарын 6-ний өдөр над руу утасдаж "Сая хөдөөнөөс орж ирсэн чинь Эмээлт дээр юу болоод байгаа юм бэ, ДМ-ийхэн та нар яагаад мэдээлэхгүй байгаа юм бэ. Улс орон сүйрлээ шүү дээ. Чи хамт очиж үз" гэсэн. 

Тэгээд газар дээр нь бодит байдлыг мэдэхээр очицгоосон. Тэнд 300-400 хүн цугласан нүд халтирмаар зураг угтсан. Зарим нь хувьцаагаа зарна гэж найдан хүйтэнд 10 хонож байна гэсэн. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш амжиргаагүй болсондоо тэнд цугласан нь илт байсан. Очоод баримтжуулан авч хэвлэл мэдээлэлд мэдээлэх гэж мөн хажуугаар нь ингэж болохгүй талаар ухуулах гэж оролдсон. Тэгэх боломж олгоогүй. Олон хоног гадаа хоносон хүмүүс ойлгохгүй байсан. Тэгээд телевиз авчирч сурвалжлуулна гэж хэлээд хотод ирцгээсэн. Тэр өглөөнөө ТВ9-ийн Мэдээний албаны дарга н.Ганбаяр луу залгаж сурвалжлах баг явуулж мэдээ авахыг хүссэн. 

Байдал нилээн хүнд, цагдаагийн тусламжтай очихгүй бол уурлаж бухимдсан хүмүүс телевизийг буруугаар ойлгох вий гэж сануулсан. Тэр өдрийн үдээс хойш надруу Эрүүгийн цагдаагийн газрын хошууч н.Мөнхбаяр ярьж "Танил н.Золжаргал чинь энд байна, та бас хүрэлцэн ирж Эмээлтэд юу болсон талаар тайлбар хийнэ үү" гэсэн. Түүний дагуу очиж зохих тайлбараа хийсний дараа Цагдаагийнхнаас тэнд нэн яаралтай очиж байдлыг шалгаж хүмүүсийг хонуулахгүй байлгах талаар арга хэмжээ аваач гэж хүссэн. Ердөө ийм л зүйл болсон. Тайлбар өгснөөс өөр зүйл болоогүй. 

Энэ явдлыг ашиглах гэсэн тодорхой хүмүүс байх шиг байна. Нэг ийм "намнах технологи" манайд дэлгэрээд байх шиг. Зөв зүйл хэлж эх орноо өмөөрсөн болгоныг боогдуулан мохоохын тулд эхлээд ямар нэг зохиомол хэрэг тохоод зориуд харлуулан нийтэд өргөнөөр мэдээлдэг. Тэгээд олон нийтийг худалд дасгаж байгаад сайнуудыг дардаг. Энэ аргаараа биднийг мохооно гэж бодож байгаа бол мохохгүй" гэлээ.