Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үлгэрт гардаг алтан загасны Энхбаяр

Т.Эрдэнэ
2016 оны 5 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

МАХН-ын дарга Н.Энхбаяр шиг улстөрд хор найруулж хутгах талаар мэргэшсэн хүн заримдаа алга л байдаг.

Төрийн бүх өндөр албан тушаалуудыг хашсан, тэгээд бас оймстойгоо ачигдаж, аавын хаалга татсан, төрөлх намаа хуваасан, сонгуульд орохдоо ч саналыг нь хувааж ялагдуулсан, парламентад анх удаа гуравдагч хүчний бүлэг байгуулж чадсан гээд Монголд улстөрийн жинхэнэ үзэгдэл болсон хүн л дээ.

Энэ хүний одоогийн нөхцөл байдлыг нь харвал яг л үлгэрт гардаг алтан загасны эмгэн шиг харагдаж байх юм.

Н.Энхбаяр, Ц.Цолмон нарын нам гэдэг нь иймэрхүү асуудал дээр батлагдчихаж байгаа тул МАХН-ынхан юу гээд ч нэмэргүй. 

Үндсэн хуулийн Цэцийн тавдугаар дүгнэлт гарахаас өмнө Н.Энхбаяр шиг хэрэгтэй буянтай хүн АН, МАН-д алга байлаа.

Тэр нэг шөнийн настай эвслийн гэрээг МАН-ынханд тэврүүлж орхиод АН-ын шүхэр дор зогсохоор явахдаа эрчүүдийг араасаа уйлуулж дуулуулсан гунхсан сайхан бүсгүй мэт л байлаа.

Түүнээс ч өмнө Н.Энхбаяр улстөрийн намуудын хамтын ажиллагааны хувьд тогтворгүй, олон ааштай, хоёр нүүртэй үйлдлийг мөн ч их гаргасан юм. Оны өмнөөс л МАН-МАХН-ын эвсэл, тэр бүү хэл нэгдлийн асуудлыг ахмадуудаараа дамжуулан нийгэмд мессеж өгч, далдуураа эрх баригчдыг айлгаж эхэлсэн гэж хэлж бас болно.

Ийм мессеж түүний хувьд, АН-тай хийх яриа хэлцлийнх нь гол хөзөр болж байв.

Парламент дахь эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ хооронд ИЗНН руу хүртэл ханд хаяж байсан нь Н.Энхбаярын анзааргагүй, зөвлөгөөгүй хийсэн алхам гэхэд итгэхгүй л дээ. Чухамдаа Н.Энхбаяр нэг гараараа МАН-тай атгалцаж нөгөө гараараа АН-тай хөзөр тоглож бас эргээд ИЗНН, Монголын Ногоон намтай ч хамтрах, эвсэх асуудал ярьж хөөрч хэдэн тал руу үсчиж гарсан.

Яв явсаар намынхаа Бага чуулган дээр урьд өдөр нь МАН-тай эвсэхээр болсон тухай сүр дуулиантай мэдээг тас цохиж утсаа салгаад алга болсон хүн.

Тэр нь мэдээж хэрэг 3.Баянсэлэнгэ нарын санаачилсан Өршөөлийн хуультай холбоо бүхий тогтоолын төслөөс шалтгаалсныг бүгд л ярьж бичиж байлаа.

МАН-тай нийлж сонгуульд ялалт байгуулахаас илүүтэй өөрөө л нэр дэвших боломжтой болох нь түүнд чухал байсныг намын нөхөд нь таашааж хүлээж авсан нь юу л бол. Гэхдээ эцсийн эцэст Н.Энхбаяр, Ц.Цолмон нарын нам гэдэг нь иймэрхүү асуудал дээр батлагдчихаж байгаа тул МАХН-ынхан юу гээд ч нэмэргүй.

Н.Энхбаярын яг ийм олон ааш гаргаж тал тал тийш үсчсэн тоглолтыг анаж байсан З.Энхболд ганц л тогтоолын төслөөр хуураад МАН-тай эвсүүлэхгүй голын нөгөө эрэгт үлдээснийг тэр хожимдсон ч гэсэн ойлгосон биз.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авсан тул цаашид Их суудлын хуралдаан зарлах ч хэрэг гарсангүй, мажоритараар энэ удаагийн сонгууль явах нь тодорхой болсон тул хүчтэйг нь дагаж, хүчгүйг нь хаяж ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч дуун дээр нь Н.Энхбаярыг хаяж одлоо.

Эцэст нь Н.Энхбаяр МАН-тай эвсэж сонгуульд ялсан ч үгүй, АН-аас тогтоолын төслөө батлуулж авсан ч юмгүй, ИЗНН байтугай МНН ч байхгүй, адаг сүүлд нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва ч үгүй, өөрт нь гэргий Ц.Цолмон, хүү Э.Батшугар нараас нь ч илүү хайртай байж мэдэх өнөөх л З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Э.Эрдэнэжамьян нартайгаа үлдэж хоцорлоо. Яг л үлгэрт гардаг алтан загасны эмгэн илүү ихийг хүссээр эцэст нь хоосон тэвштэйгээ үлддэг шиг.

Зураг