Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Т.Лхагвасүмбэрэлийг живсний улмаас нас барсныг тогтоосон"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
2016.01.14 Гэрэл зургийг mpa.mn

"Дэлхийн Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 


Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог "2015 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод түүнийг алга боллоо гэсэн өргөдлийг талийгаачийн ах дүүгээс нь СБД-ийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн.

Бид гэмт хэргийн шинжтэй хэмээн бүртгэн авч, хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Улмаар талийгаачийг олохын тулд түүний гэр бүл, хамаатан садан, хамтран ажиллаж байсан хүмүүсээс байцаалт авсан. Ингээд 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Балчиргант гэдэг газарт талийгаачийн машин байна гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт ирсэн. Үүний дараа хэргийн газрыг шалгаж эхэлсэн. Ингээд 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр түүний машиныг олсон. Хэргийн газар руу явж буй 5-6 дүрс бичлэг олдсон байгаа.

Шалгалтын явцад Т.Лхагвасүмбэрэл хэргийн газар руу явж байхдаа 5-6 газрын хяналтын камерт бичигдсэн, 3-4 удаа машинаасаа бууж суусан нь тухайн камеруудад бичигдсэн байсан. Харин Мөрөн хот руу орох замд байрлуулсан камерт бичигдээгүй байсан. Бид судалж үзээд хяналтын камерт өртөлгүй Мөрөн хот руу орох боломжтой хэд хэдэн зам байдгийг тогтоосон.  

Тухайн газарт машин нь олон хоног байсан гэдгийг тогтоосон бөгөөд ундаа болон тал шил "Сархад" архи машин дотроос олдсон. Уг архины шилэн дээр хоёр ширхэг хурууны хээ байсныг илрүүлсэн. Мөн хоёр ширхэг гар утас машинд байсан бөгөөд утасны цэнэг нь дуусах гээд байсан учраас бичлэгүүдийг компьютерт хуулж аваад ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн эргээс 25 метрийн зайд, дөрвөн метрийн гүнээс олдсон. Түүнийг живсний улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн задлан шинжилгээний хариу гарсан.

Түүнтэй холбоотой хэргүүдийг хэрэгсэхгүй болгоогүй, үргэлжлүүлэн нэг бүрчлэн шалгаж байгаа. Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байна" гэв.

Талийгаач өмнө нь гурван удаа гэмт халдлагад өртөж байжээ

 

  1. 2015.01.07-нд Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргалд талийгаачаас "Би 01.05-ны өдөр гадны халдлагад өртлөө" гэсэн емэйл ирүүлжээ. Түүнийг 5 дугаар сургуулийн хавьд явж байхад, "Ийшээ суучих" гэсэн урдуураа хар хөшиг татсан хар машинтай хүмүүс машиндаа суулгасан байна. Түүний 2 талд хоёр залуу байсан бөгөөд, "Чи УБ хотод байхад амжихгүй шүү" гэж хэлээд, түүний хувцас, гар утсыг хураан авчээ. Удалгүй эд зүйлсийг буцаан өгч, "Эргэж харалгүй гүй" гэж хэлээд орхиод явсан аж. Тэрээр машины дугаар болон хүмүүсийн царайг харж чадаагүй байна. Энэхүү халдлагын талаар А.Баяржаргал захирал 1 дүгээр сарын 20-нд цагдаагийн байгууллагад анх удаагаа мэдээлэл өгчээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн алба шалгаж, "Алдагдсан эд зүйл алга. Мөн гэмтээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй" гэсэн хариу өгч байжээ.
     
  2. 2015.04.30-нд ажлаа хийх явцад нь масктай  хоёр залуу хутгалж, цохисон байна. Тэрээр 32 км газар мотоциклтойгоо зугтан, ажиллаж байсан байрандаа ирж. Тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон холбогдох хүмүүс нь хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр олдсонгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэвлийдээ гурван шархтай түүнийг тухайн үед Өмнөговь аймагт тусгай үүргийн нислэг хийж байсан онгоцоор Улаанбаатарт авчирч Цэргийн төв госпитальд хэвтүүлжээ.
     
  3. 2015.05.24-нд Т.Лхагвасүмбэрэл гэртээ харих замдаа гарынхаа зарим хэсэгт зүсүүлсэн хэрэг гарсан. Тэрээр өөрөө Гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж аваад, маргааш нь хувийн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараа гадаад явах байсан учир ЦЕГ-т мэдээлэл өгөөгүй аж. Энэ тухай Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015.05.01-нээс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Гэвч талийгаач 6 дугаар сард Цагдаагийн газарт 3 удаа л байцаалт өгсөн. Улмаар 2015 оны 9 дүгээр сард түүнийг ирж байцаалт өгүүлээч гэсэн албан бичгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт илгээжээ. Тиймээс ямар нэгэн хэрэг хаах болон дүгнэлт, шийдвэр гараагүй.