Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нөлөө бүхий 20 хүний нэгээр шалгарч байсан СТЕФЕН Р.КОВИГИЙН тухай

ikon.mn
2015 оны 9 сарын 8
iKon.MN

Стефен Р. Кови нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн манлайллын нэртэй зөвлөх, багш байсан билээ.

Тэрээр 20-р зууны хамгийн нөлөө бүхий бизнесийн No1 ном гэж үнэлэгдсэн, 40 хэл дээр орчуулагдаж, 40 сая хувь борлогдсон “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” номын зохиолч юм. Стефен Кови олон арван жилийг хамгийн амжилттай яваа хүмүүс, байгууллагуудын дадлыг судлахад зориулж, тоолж баршгүй эртний болон орчин цагийн олон зуун ном, материалуудыг судалгаандаа ашигласны үндсэн дээр 1989 онд энэ бүтээлээ анх гаргасан бөгөөд тун удалгүй дэлхий дахинаа шагшигдсан бүтээл болж чаджээ. 

Зургийн тайлбар: Стефен Р.Кови, Сандра Кови нар хуримын өдрөө

Түүнчлэн дэлхийн мянга мянган корпорациуд 7 дадлыг өөрсдийн компанийн засаглалаа сайжруулах, мөн ирээдүйн удирдлагаа бэлтгэхэд ашигладаг.

Сайнаас агууд дэвшихүй номын зохиолч Жим Коллинз анх удаа Ковитой уулзах үедээ “Та 7 дадлын санааг анх хаанаас олсон бэ?” гэж асуухад “Би олоогүй” гэж хариулжээ. “Юу гэсэн үг вэ? Та чинь 7 дадал номыг бичээ биз дээ.” гэхэд “Тиймээ, би ном бичсэн, харин номонд тусгасан зарчмууд бол аль эртнээс л миний мэддэг зүйлс байсан.

Тэд зүгээр л бичигдээгүй байгалийн хуулиуд гэх үү дээ. Би тэдгээрийг зүгээр л эмхэлж цэгцлээд хүмүүст ойлгомжтой болгосон” гэж байжээ.

Тэрээр борлуулалтаараа тэргүүлсэн олон шилдэг ном бичсэн бөгөөд 8 дахь дадал, Үр бүтээлтэй байдлаас агуу руу, Хамгийн чухлыг эхэнд тавь, Зарчим төвтэй манлайлал, Үр бүтээлтэй гэр бүлийн 7 дадал, Гурав дахь сонголт болон Өдөр бүрийн агуу байдал зэрэг номууд юм.

Др. Кови нь Уран илтгэгчдийн үндэсний холбооны Шилдэг илтгэгч, Аавуудын холбооны Шилдэг аав, Томас Мор коллежийн Хүн төрөлхтний төлөө тасралтгүй үйлчилсний төлөөх медаль, Уран илтгэгчдийн Алтан алх шагнал, Сийкийн Олон улсын энх тайванч шагнал, Шилдэг бизнес эрхлэгч гэх зэрэг олон шагнал урамшуулал хүртэж байсан юм.

 

Др. Кови нь Тайм сэтгүүлээс нэрлэдэг АНУ-ын Хамгийн нөлөө бүхий 25 эрхмийн нэгээр шалгарч байсан бөгөөд хүндэт докторын найман зэрэгтэй юм. Тэрээр Франклин Кови компанийн үүсгэн байгуулагч, орлогч захирал байсан билээ. 

Тэрээр хувь хүн болон байгууллагын үр ашгийг сайжруулах хувиршгүй зарчмуудыг зааснаараа дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн гэхэд болно. Олон сая хүмүүс түүний нөлөөгөөр амьдрал нь сайжирсан гэж үздэг. Стефен Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагыг магистрын зэрэгтэй төгсөхөд хүмүүс түүнийг гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэн авч явна хэмээн бодож байлаа. Гэвч тэрээр эцэгтээ багш болох хүсэлтэйгээ хэлж, тэр хүслээ ч биелүүлсэн юм.

Ажил мэргэжлийнхээ эхний 25 жилийг их сургуульд багшилсан тэрээр оюутнууд өөрсдийн чадварыг нээн илрүүлэх боломж байгаа гэдгийг ухааран нүд нь гэрэлтэх тэр л мөчийг харах дуртай байсан гэдэг. Түүний заадаг хичээл маш нэр хүндтэй байсан тул оюутнууд танхимд багтахгүй задгай талбайд хичээллэх тохиолдол цөөнгүй гардаг байжээ. 

Удалгүй олон тооны компани, төрийн байгууллагуудаас оюутнуудад заадаг зарчмуудыг ажилтнууддаа заалгах хүсэлтийг Стефенд тавих болсон байна. Тэрээр хаана ч очсон хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг илүү ихийг хийх урам зоригоор тэтгэдэг байв.

Эдгээр сургалтуудыг хийснээр Стефен их сургуулиа орхиж, өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа дэлхийн хамгийн нөлөө бүхий манлайллын компани Франклин Ковиг үүсгэн байгуулах боломжтой болсон юм. Гэсэн хэдий ч Стефен өөрийгөө багш гэдгийг хэзээ ч мартаж байсангүй. 

 

Стефен тэтгэвэрт гарахдаа бусдын адилаар ихэнх цагаа гэр бүлдээ зориулах болсон ч “Амьдралд үргэлж урагш тэмүүлж байх хэрэгтэй” хэмээх өөрийн уриагаа хэрэгжүүлсээр байв. Тэр хамгийн аугаа зорилт өмнө нь байгаа гэдэгт үргэлж итгэн ажилладаг байсан юм. Гэвч түүний аль хэдийн хийж бүтээсэн зүйлийг гүйцэх тийм агуу зүйл бий гэж үү?

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Стефен дахин багшлах болсон юм. “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” хэмээх алдарт номоо 1989 онд анх хэвлэгдэн гарснаас хойш хагас сая сурган хүмүүжүүлэгч, гурван сая оюутан, сурагчдад 7 дадлыг заажээ. 

Харамсалтай нь тэрээр 2012 онд 80 насандаа өөд болсон бөгөөд түүний үйл хэргийг хүүхдүүд нь үргэлжлүүлж байна. Стефений хүү Шонн Кови нь Франклин Кови компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд Франклин Кови Боловсролын багийг удирддаг.

Тэрбээр ажлынхаа ихэнх цагийг хүүхэд, залууст зориулсан шинэ ном гаргахад зориулдаг бөгөөд Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 дадал (10 сая хувь борлогдсон), Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр, Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал, Аз жаргалтай хүүхдийн 7 дадал хэмээх номуудаараа дамжуулан 7 дадлыг хүүхэд залууст хүргэж байна. Эдгээр номууд нь бүгд Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. 

Харин түүний хоёр дахь Стефен М.Р.Кови нь Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номоор шалгарсан Итгэлийн Хурд номын зохиолч юм.