Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Алдах эрхгүй боломж АСЕМ

М.Сугар-Эрдэнэ
2015 оны 7 сарын 31
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Италийн Милан хотод 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас гаргасан шийдвэрээр дараагийн 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах болсон билээ. 

Манай улс Австрали, Шинэ Зеланд, Казахстан улстай өрсөлдөж, уг арга хэмжээг зохион байгуулах эрх авсан юм. Тэгэхээр тус байгууллагын гишүүн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар Монголд хүрэлцэн ирнэ.

 АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг тэгш жилүүдэд, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. 2016 онд АСЕМ буюу Ази, Европын уулзалт зохион байгуулсны 20 жилийн ой тохиох бөгөөд Евро комиссын тэргүүн Херман ван Ромпей Улаанбаатарт болох уулзалтын үеэр ойн баяраа тэмдэглэх тухай зарласан.

 АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг тэгш жилүүдэд, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ том арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд эв эеэ хичээж, нэр нүүрээ бодон, хамтран ажиллахыг ард иргэддээ уриалсан билээ. Монгол Улсын хувьд анх удаа ийм том арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Уулзалт зохион байгуулах эрхээ авчихаад “Улс төрийн олимпийн наадам” эх орондоо хийнэ гэж байснаас хойш тодорхой хугацаа өнгөрч, сэтгэлийн хөөрөл ч дарагдлаа. Тэгэхээр байдлыг бодитоор харж, шийдвэр гаргах цаг болжээ.

Миланд болсон өмнөх дээд хэмжээний уулзалтад 53 орны төр, засгийн тэргүүн болон төлөөлөгч нийт 5,000 хүн очсон баримт бий. Улаанбаатарын уулзалтад яг хэдэн хүн оролцох тоо баримт хараахан гараагүй байгаа ч, төр, засгийн 53 тэргүүн, тэднийг дагалдсан улс төр, бизнесийнхнээс гадна хэвлэл мэдээллийн 1,000 гаруй ажилтан оролцох нь тодорхой болоод байгаа. Наадмын дараа намар, залгуулаад өвөл, нэг л мэдэхэд 2016 он гарна. Цаг хугацааны хувьд тус уулзалт нь 2016 оны долдугаар сарын 15-16-нд Үндэсний их баяр наадмын дараа таарч байгаа юм. Бид дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад бэлэн үү?

Дээд хэмжээний уулзалт бүр өөрийн гэсэн сэдэвтэй, хэлэлцэх асуудалтай байдаг. Дэлхийн чухал асуудлыг Улаанбаатарт хэлэлцэх гэж буй ч, бидний хувьд АСЕМ-ийн уулзалтаар далимдуулж, улс орноо хэрхэн сурталчлах, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргасных, өөртөө ямар ашигтай үлдэх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. 

Ядуу буурай Лаос гэхэд л АСЕМ-ийн уулзалтыг нутагтаа зохион байгуулахдаа ОХУ-тай хэлэлцээ хийж, өрийн ихэнх хэсгээ хүчингүй болгож чадсан байдаг. Мэдээж улсынхаа нэр хүндийг өргөхөд энэ уулзалт ихээхэн тустай. Зөвхөн төр, засгийн тэргүүдэд анхаарах биш, хэвлэл мэдээлэл, туслах ажилтнуудын тав тухыг хангаж, эх орондоо мэдээлэл саадгүй дамжуулах боломжийг бүрдүүлэх нь бидний хамгийн гол үүрэг. 

Ингэхийн тулд интернэтийн систем, тээвэр холбоогоор хангасан хамгийн орчин үеийн хэвлэлийн төв хэрэгтэй. Яг үнэндээ Төрийн тэргүүд, сайд, дарга нарын яриагаар биш, манайд ирсэн 1,000 сэтгүүлчийн танилцуулгаар л дэлхий манай орныг харж, мэднэ.

Дээд хэмжээний уулзалтыг угтан зам тээвэр, барилга, гүүр, зочид буудал гээд дэд бүтцийн ажил явагдаж байна. Харин хаана юу барих, хэр мөнгө гаргахаа нарийн төлөвлөгөө, бодлоготойгоор шийдэхгүй бол дараа нь ашиглахгүй хаягддаг жишээ олон улсад бий. Нэгэнт бүтээн байгуулалт хийж байгаа бол цаашдаа хэрэг болох байшин барилга л барих нь зүйн хэрэг.

Японд болсон 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ,  2008 оны Бээжингийн олимп, Сочигийн өвлийн олимпод зориулж барьсан олон байгууламж дараа нь “балгас” болон хувирсныг хүн болгон мэднэ. АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдийг байрлуулах буудал харин санаа зовох зүйлгүй байгаа бололтой.

Тэднийг хүлээн авах 43 зочид буудалд өнгө зүс, үйлчилгээгээ сайжруул хэмээн улсын төсвөөс 150 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж өгсөн бол төрийн тэргүүн нарыг шинээр баригдаж буй хаус хотхонд байрлуулахаар болжээ. Хэдийгээр бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан ч улсын төсөвт энэ жил тавхан тэрбум төгрөг тусгасан юм байна. Гэсэн ч бэлтгэл ажил үргэлжилж байна. Барилга, зам, дэд бүтцийн ажил бол хөрөнгө мөнгө байхад бүтнэ. Харин Улаанбаатар хотын иргэдийг том ажилд бэлтгэх, туслуулах, ухамсрыг нь өөрчлөх, өөрөөр хэлбэл, соёлжуулах ажил үлдээд байгаа бололтой. Бээжингийн олимпийн өмнө Хятадын Засгийн газар ир-гэдээ соёлжуулах аян өрнүүлж, ямар ч гэсэн гудамжинд шүлсээ хаядаг зуршлыг нь хэсэг зуур ч гэсэн “мартуулж” дөнгөсөн. Улс орныг хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг.

АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатарт хийх болсныг шүүмжлэх хүн байгаа ч нэгэнт зохион байгуулахаар шийдчихсэн хойно Монгол Улсын иргэн бүр сэтгэл нэгдэн, төр, засгаа дэмжин ажиллах нь чухал. Ерөнхийлөгч, Засгийн газраас нийт албан газар, иргэддээ уриалга гаргаж, АСЕМ-ийн уулзалт манай албан газарт, хороонд гэсэн хөдөлгөөн өрнүүлж ажиллавал үр дүнтэй баймаар.

Гадаад улсуудын туршлагаас үзэхэд том арга хэмжээ зохион байгуулахдаа машины хөдөлгөөнийг хязгаарлах, хотын төвийн иргэдийн зардлыг нь төлж, хаа нэгтээ аяллаар явуулах, нүүлгэн шилжүүлэх, аж үйлдвэрийн газруудыг амраах зэрэг арга хэмжээ авдаг юм байна. Тэгэхээр Монголд хоёрхон хоног болох уулзалтын үеэр монголчууд маань төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцэлгүй, дэмжих нь чухал байна. Хотоо өнгөтэй өөдтэй байлгаж, албан газар, айл өрх болгон цэвэрлэгээ, тохижуулалтын ажил хийж, гадаадын зочдыг угтацгаая.

Уулзалт хоёр хоног л болж өндөрлөнө, харин бид ядаж цэвэр цэвэр цэмцгэр хоттой үлдвэл дээд хэмжээний уулзалт зохион байгуулсны бас нэг давуу тал болно.

АСЕМ-ийн уулзалт монголчуудын хувьд дахин олдоход хэцүү, ховор боломж. 

АСЕМ-ийн уулзалт монголчуудын хувьд дахин олдоход хэцүү, ховор боломж. Энэ уулзалтад оролцох хүмүүс одооноос Монгол ямар орон болох, эдийн засаг, улс төрийн байдал нь хэр гэдгийг сонирхож, судалж байгаа. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт бидэнд юу өгөх вэ?
Амжилттай сайн зохион байгуулбал, Монголоос холдон, жийрхээд байгаа хөрөнгө оруулагчдаа эргүүлэн татах ч юм бил үү. Нөгөө талаас дэлхийн мэдээллийн том агентлаг, сонин хэвлэлүүд хэд хоног Монголоор “амьсгалж”, томоохон хэмжээний сурталчилгаа болно.

Харин тэдэнд үнэн, зөв мэдээлэл өгөх нь чухал. Хэрэв одоогийнх шиг дээрээ будлиантай, хэрүүлтэй хэвээр байвал хөрөнгө оруулагч нар эргэн ирэх нь битгий хэл, дахин Монголын тухай сонсохыг ч хүсэхгүй биз. Тийм болохоор манай нийслэл үнэхээр “Найрсаг Улаанбаатар”, Монгол бол элэгсэг дотно, хөрөнгө оруулахад таатай улс гэдгийг дэлхий дахинд харуулж чадаж байж, эл уулзалтыг эх нутагтаа зохион байгуулсны хэрэг гарна. Улс төрийн намууд эв нэгдэлтэй, ард иргэд нь инээд хөөртэй, улстөрчид нь ухамсартай байж бид энэ боломжийг ашиглаж чадах юм. Их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж байгаагаа марталгүй, идэвх санаачилгатай ажиллацгаая.

2015 оны арваннэгдүгээр сарын 3-4-нд Люксембургт чуулах АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар манай улсад болох 11 дүгээр дээд түвшний уулзалтын бэлтгэлийн талаар ярилцах юм байна. Эхний шалгалтаа онц дүнтэй өгчих юмсан даа.

Ази, Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын  хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц юм.

•1996 ASEM анхны дээд хэмжээний уулзалт Тайландын Бангкок.

Сэдэв: Цаашдын өсөлт хөгжилтийн төлөө Ази, Европын орнуудын шинэ иж бүрэн түншлэл

•1998 ASEM 2, Их Британийн Лондон.

Сэдэв: Цаашдын өсөлт хөгжлийн төлөө Ази, Европын орнуудын шинэ иж бүрэн түншлэл

•2000 ASEM 3, БНСУ-ын Сөүл.

Сэдэв: Хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын төлөөх шинэ мянганы түншлэл

•2002 ASEM 4, Дани улсын Копенгаген.

Сэдэв:  Есдүгээр сарын 11-нээс хойших үеийн олон улсын байдал, өнөөгийн аюулгүй байдал

•2004 ASEM 5, Вьетнамын Ханой.

Сэдэв: Ази, Европын түншлэлийг цаашид сэргээн баталгаажуулах нь

•2006 ASEM 6, Финландын Хельсинк.

Сэдэв: АСЕМ-ийн 10 жилийн ой. Дэлхий нийгмийн асуудлууд, хамтын зорилго, дэлхий нийтийн хөгжлийн асуудлыг тусгасан хамтын шийдлүүд Зургаа дахь дээд хэмжээний уулзалт дээр Монгол, Энэтхэг, Пакистан улсыг АСЕМ-ийн гишүүнээр элсүүлжээ.

•2008 ASEM 7, Хятадын Бээжин.

Сэдэв: Алсын хараа ба үйл ажиллагаа: Харилцан ашигтай шийдлийн төлөө

•2010 ASEM 8, Бельгийн Брюссель.

Сэдэв: Иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, сайн сайхныг улам дэлгэрүүлж, хүмүүний нэр хүндийг өргөх нь

•2012 ASEM 9, Лаосын Вьентьян.

Сэдэв: Энхийн төлөө найз нөхөд, Хөгжил цэцэглэлтийн төлөө хамтрагчид

•2014 ASEM 10, Италийн Милан.

Сэдэв: Тогтвортой өсөлт, аюулгүй байдлын төлөө хариуцлагатай түншлэл

2016 ASEM  11, 2016 оны долдугаар сарын 15-16. Монголын Нийслэл Улаанбаатар

Зураг