Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

50 хувь хүрэхгүй ирцтэйгээр Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар Эрүүгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаа тул ирцээс албан ёсоор хасагдаж хуралдаанд оролцохгүй болж байгаагаа мэдэгдэж, хурлыг орхин гарлаа. 

Ингэснээр УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдааны ирц 50 хувьд хүрэхгүй, 42.1 хувь болж буураад байна

Ирц 50 хувьд хүрээгүй байхад Эрүүгийн хуулийн төслөөр санал хураах нь эцэстээ хууль зөрчсөнд тооцогдож, асуудал Үндсэн хуулийн цэцэд очих болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан сануулж байсан ч УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат “Явах нэг нь явна л биз, хуралдаан үргэлжилнэ” гэснээр санал хураалт үргэлжилж байгаа юм. 

Одоогийн байдлаар Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж нар оролцож байна. 

Өнгөрсөн Баасан гарагт хуульч гишүүд болох Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Л.Цог, О.Баасанхүү, Ж.Батзандан нар Эрүүгийн хуулийн төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй учраас Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарна гэдгээ мэдэгдсэн юм.

Тэд хуулийн этгээдэд ял өгөхийг эсэргүүцэж байгаа төдийгүй энэ хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нь гэрийн хорионд нэртэй цайгаа уугаад суух, хөрөнгө мөнгөгүй ядарсан иргэн  шоронд суух нөхцөл бүрдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Мөн авто ослын хэрэг Эрүүгийн хуулиар шийтгэгдэхгүй болж буй нь ноцтой зүйл хэмээн үзэж  байгаа.