Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрээнээс оруулж ирдэг далбаанд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль хамаагүй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Баяр наадам дөхөхийн хэрээр зам дагуу төрийн далбааг бөөнөөр нь намируулан зарж зогсох хүмүүс өдөр ирэх бүр олширч байна. Улаанбаатарын гудамж долоодугаар сар гараад л ийм дүр зурагтай болдог болсоор цөөнгүй оныг үдлээ. Улсын их баяр наадмаар машиндаа төрийн далбаагаа намируулан, салхи татуулан давхидаг моод гарснаас хойш далбаа зардаг бизнесс дэлгэрсэн.

Наадмын хэдхэн өдөр гоёдог далбааг БНХАУ-ын Эрээн хотоос жил бүр хэдэн мянгаар нь оруулж ирэн худалдаалсаар байна. Төрийн минь сүлд, далбаа хэмээн хүндлэн дээдэлдэг бид буруу зөв хийснийг ч нь мэдэхгүй гудамжнаас худалдан авсаар. Уг нь бид далбаагаа хүндэтгэн жил бүрийн долоодугаар сарын 10-нийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл Эрээнээс оруулж ирэн хэдэн мянгаар нь борлуулж буй далбаа наадмын дараа хог болон хаягдаж байна.

Энэ жил төрийн далбааг хэмжээнээс нь хамаарч 5,000, 3,000, 1,500 төгрөгөөр худалдаалж байгаа бол наалт нь 1,000 төгрөгийн үнэтэ байна. Захын худалдагчид Эрээнээс бөөнөөр нь оруулж ирдэг бол иргэд тэднээс авч зам дагуу зогсч зарж байгаа юм.

Драгоны ойролцоо далбаа зарж буй 2-3 хүнтэй уулзахад “Одоогоор далбаа тийм ч их худалдан авч эхлээгүй байна. Гэхдээ хоосонгүй ээ. Өдөрт 10 гаруйг худалдаж байна. Наадам дөхөөд ирэхээр наймаа сайжирдаг. Баярын хоёр өдөрт Хүй долоон худагт очиж далбаа зарна. Нарантуулаас бөөндөж авдаг” хэмээн ярилаа.

Уг нь улс орнуудын төрийн далбаа гэдэг тухайн үндэстнийхээ хувьд асар чухал ач холбогдолтой, гүн гүнзгий утга санааг илэрхийлж байдаг. Монгол Улсын төрийн далбаа нь албан соёмбо бүхий улаан, цэнхэр өнгөтэй. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлсэн байна. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм.

Гэтэл Эрээнд үйлдвэрлэсэн, манайхны зарж байгаа далбаан дахь соёмбоны эвийн хоёр загасыг буруу байрлуулдаг, дөлний оронд бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн байдаг, дөл эсвэл сарыг дутаасан гэх зэрэг алдаа ихтэй байдаг аж.

Монгол Улс Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд энэ бүхнийг нарийвчлан заасан байдаг. Тус хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно” гэж зааснаас гадна хэзээ, хаана, ямар зориулалтаар хэрэглэхийг хүртэл хуульчилж өгсөн. Мөн MNS 6262:2011 гэсэн тусгай стандарт хүртэл бий. Монгол Улсын Үндсэн хуульд соёмбоны эх загвар, төрийн далбааны тиг, өнгөний код, давууны материалыг нарийн заасан байдаг.

Тус хуульд Төрийн далбаа нь Төрийн ордон болон Ерөнхийлөгчийн байрлаж буй газарт байнга мандах учиртай бол сонгуулийн штаб, гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамдын хашаа, үндэсний их баяр наадмын талбай, Монголын усан онгоц, төр захиргааны болон нутгийн удирдлагын ордон, хилээр зорчиж яваа Монгол Улсын тусгай зочид төлөөлөгчийн машин зэрэгт л байруулна хэмээн заасан байдаг.

Түүнээс гудамжаар явж байгаа автобус, микро, портер гээд машин бүхэн төрийн далбааг мандуулах хуулийн заалт хаана ч үгүй.

Тиймээс дээрх хуульд заасан эрх бүхий хүмүүсээс бусад жирийн иргэд машиндаа төрийн далбаа мандуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэхэд хилсдэхгүй.  

Үндсэн хууль, Төрийн далбааны хуультай хэрнээ, гадны улс оронд төрийн сүлдээ хэдий хүртэл буруу зөрүү үйлдвэрлүүлэх вэ. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуулийг хэнд зориулан гаргаж, хэн дагаж мөрдөж, үүнд нь хэн хяналт тавих ёстойг эргэж нэг харах цаг болжээ.