Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Грекчүүд НЯМ гарагт хувь заяагаа шийднэ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ Ням гарагт Грекийн ард түмэн түүхэн сонголтоо хийх гэж байна.

 

“ТИЙМ” сонголт хийгдвэл

 

Хэрвээ Грекчүүд ТИЙМ гэвэл Европын зээл олгогчидтой дараагийн шатны яриа хэлэлцээртээ орж зардлаа танах, татвараа өсгөх арга хэмжээнүүд авагдана.

Энэ сонголт нь урт хугацаандаа Европын холбоог нэгдмэл байлгах ач холбогдолтой.

 

“ҮГҮЙ” сонголт хийгдвэл

 

Хэрвээ Грекчүүд ҮГҮЙ гэвэл Грек улс нь Европын Холбооноос гарах эхлэл болно. Богино хугацаанд тэд нэлээд хямрах боловч эцэстээ Грек улс өөрийн хувь заяандаа бүрэн эзэн болох боломжтой гэсэн үг.

 

Грекчүүд ямар нөхцөлд сонголт хийж байна вэ?

 

Европын Төв Банк, Европын Холбоо, ОУВС гэсэн гурван байгууллага (хамтад нь Тройка гэж байгаа) зургаадугаар сарын 25-нд Грект зайлшгүй хэрэгтэй байгаа байлоут санхүүжилтийг санал болгосон. Үүний хариуд тэд Грекийг татваруудаа нэмэх, зардлаа танах, эдийн засгийн реформ хийхийг тулгаж байгаа юм.

Хэдийгээр саналын хуудсан дээр Европын Холбооноос гарах гэсэн утга байхгүй ч сонголтын үр дүн нь Европын Холбооны хувь заяаг шийдэж болзошгүй байгаа.

 

Хэрвээ ТИЙМ гэж шийдвэл юу болох вэ?

 

ТИЙМ гэвэл Евро бүсэд Грек үлдэж Тройкагийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө.

Гэхдээ үүний цаана хоёр том асуудал бий.

Нэгдүгээрт, Тройкагийн хэлэлцээр үргэлжлэх эсэх нь баталгаагүй. Сүүлд тэдний тавьсан санал нь зургаадугаар сарын 30-нд багтаж хариу өгөхөөр нөхцөлтэй байсан.

Энэ өдөр бол Грекийн засгийн газар ОУВС-д зээлээ төлөх сүүлчийн хугацаа байсан юм.

Зургаадугаар сарын 27-нд референдум явуулах шийдвэрээ зарласны дараа ерөнхий сайд Ципрас Европын түншүүдээсээ хугацааг сунгахыг хүссэн боловч нөгөө тал татгалзсан.

Тиймээс хэдийгээр Грекчүүд ТИЙМ гэж сонгосон ч Европын лидерүүд ямар хариу өгөх нь тодорхойгүй байна.

Мэдээж Европын Холбооны бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд тэд нааштай шийдвэр гаргаж магадгүй.

Хоёр дахь асуудал нь хэдийгээр ТИЙМ сонголт хийгдсэн ч Европчууд Ципрасын засгийн газартай хэл амаа ололцох эсэх нь тодорхойгүй.

Ципрас болон түүний багийнхан ард түмнээ ҮГҮЙ гэсэн сонголт хийхийг уриалсаар байгаа юм. Ципрас бодлоо өөрчилж Тройкатай хэлэлцээр хийхэд хүрвэл тэр өөрийн хэт зүүний үзэлтэй Сириза намаас гарах хэрэгтэй болно. Ципрасын засгийн газрын сангийн сайд Янис Варуфакис хэрвээ Грекчүүд ТИЙМ гэсэн сонголт хийвэл албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа билээ.

Тиймээс ТИЙМ сонголт нь Ципрасын засгийн газрыг сулруулж, сонгууль явуулахад хүргэснээр Грекийн тодорхойгүй нөхцөл байдлыг улам сунжруулах юм.

 

Хэрвээ ҮГҮЙ гэж шийдвэл юу болох вэ?

 

ҮГҮЙ гэсэн тохиолдолд бас л тодорхойгүй байдал үүснэ. Грекийн эдийн засаг ийм хүнд байгаа нөхцөлд Тройкагаас өөр зээл олгогч олох хэцүү. Төсөвт нь асар том цоорхой үүснэ. Тройкагийн санал болгосноос илүү ихээр татвараа нэмэх хэрэгтэй болно.

Грекийн эдийн засгийн хямрал улам бүр гүнзгийрнэ. Тройкагийн нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт еврогоос татгалзана гэсэн үг. Ингэснээр Грек өөрийн тусдаа мөнгөн тэмдэгттэй болно (драхма гэж нэрлэгдэх байх).

Гэхдээ ингэсэн тохиолдолд Грекийн лидерүүдэд улс орныхоо эдийн засгийг бие даан босгох маш хэцүү үүрэг оногдох юм.

 

Эх сурвалж: VOX.Com