Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Таалай эмч хоёр сая дахь болон гурван сая дахь иргэний чацуутныг эх барьжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хонь жилийн босгон дээр Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авч, тэр өдөр мэндэлсэн 180 нярай  гурван сая дахь иргэний чацуутан болсон түүхэн үйл явдлыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлсээр байна.

Эрүүл Мэнд, Спортын яамнаас гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг эх барьж авсан “Хүйн ээж” болох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Монгол Улсын гурван сая дахь иргэн болон чацуутныг эх барьж, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” гардуулах ёслолын арга хэмжээг улсын хэмжээг зохион байгуулсан.

Энэ үеэр Өвөрхангай аймагт гурван сая дахь иргэний чацуутныг эх барьж авсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эх баригч С.Сумьяахүү, эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Мөнхбат, Ч.Таалай, эх баригч Ц.Чанцалням, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Уламдэлгэр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Чанцалдулам, Хужирт сумын эрүүл мэндийн төвийн эх баригч О.Саранцэцэг нарт аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа баяр хүргэн, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” -ийг гардуулж өглөө.

Дээрх батламжийг гардан авсан “Хүйн ээж”-үүдийн дундаас эмч Ч.Таалай нь 1988 онд Монгол Улсын хоёр сая дахь иргэний үе чацуутныг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд эх барьж авч байсан бол гурван сая дахь иргэний үе чацуутан хоёр нярайг  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эх барьж түүхэн үйл явдлын гэрч дахин болж байгаа нь “Хүйн ээж”-ийн бахархал болсон онцлог үйл явдал боллоо.

Эмч Ч.Таалай нь өдгөө эрүүл мэндийн салбарт хүүхэд нярайн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын АУ-ны магистр, клиникийн профессор хүүхдийн ахлах зэрэгтэй эмч хүн юм.