Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Намайг авчирсан хүмүүст баярлалаа”

Х.Монголхатан
2015 оны 1 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Бид өнгөрсөн оны сүүлээр Монголд хар тамхи хяналтаас гарч байгааг анхааруулж, энэ төрлийн гэмт хэрэг өсч, ялангуяа урд хөршид монгол иргэд олноороо баригдаж, ял сонсч байгаа талаар асуудал хөндөж, цуврал нийтлэлүүдээрээ гаргаж тавьсан.

Тэгвэл энэ лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Жозиан мужийн Ханжоу хотын олон улсын шоронд ял эдэлж байсан Монгол Улсын иргэн Д.Э-г ялтан шилжүүлэх шугамаар эх оронд нь авчирчээ.

Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Нэгдсэн хорих 401 дүгээр ангид авчирчээ. Энд ирсэн даруйд нь эмнэлгийн үзлэгт хамруулсан байна. Хиймэл шүд нь унаснаас ходоод нь өвддөг болсон, нэг хөл нь бага зэргийн хавантайг эс тооцвол түүний бие өөр зовиургүй байгаа ажээ.

Өчигдөр биднийг тус ангид очиход Д.Э-гийн гэрийнхэн уулзахаар ирсэн байлаа. Түүний ээж 70 гаруй насны хөгшин, дүү нь, том охин нь жаахан хүүхдийн хамт иржээ. Түүнийг эмээ болгосон зээ охиныг нь харуулж, үнсүүлэхээр авчирсан байв.

 

УРД ХӨРШИД ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛЖЭЭ

Д.Э нь 49 настай эмэгтэй. Ээж, хоёр охинтойгоо амьдардаг. Монгол Хятадын хооронд үнэртэй усны бизнес эрхэлдэг байжээ. Тэрээр Малайзын Куала Лумпураас БНХАУ-ын Жозиан мужийн Ханжоу хот руу нэг кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан байна. Түүнийг хамсаатнаа хэлэхийг шаардаж долоон сар мөрдөнд байлгасан гэдэг.

2009 оны гуравдугаар сарын 31-ны өдөр монгол иргэн Д.Э-д хар тамхи тээвэрлэсэн хэргээр БНХАУ-ын хуулиар цаазаар авах ял оноосон байна. Ялыг хоёр жилээр хойшлуулан давж заалдсан боловч цаазын ялыг хэвээр баталж, дахин давж заалдсанаар бүх насаар нь хорих ял болгожээ. Тэгээд зогсолгүй дахин давж заалдан 19 жилийн хорих ялаар солиулсан байна. Ингээд Жозиан мужийн Ханжоу хотын олон улсын шоронд зургаан жил дөрвөн сарын ялыг биеэр эдлээд ийнхүү эх орондоо  ирсэн юм.

Д.Э хорих ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ Монголын элчинд өгснөөр Монголын Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам хөөцөлдөж БНХАУ-ын Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч чаджээ.

Энэ бол монгол иргэдээ эх оронд нь авчирч буй хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь сарын өмнө буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Казахстан Улсын Алматы хотод хар тамхины хэргээр ял эдэлж байсан гэр бүлийн хоёр болох Б.Билгүүн, С.Оюунзаяа нарыг эх оронд нь авчирсан юм.      

 

“НАМАЙГ АВЧИРСАН ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЯРЛАЛАА”   

Бидний олж мэдсэнээр Д.Э-ийн хоригдож байсан олон улсын шорон 4000 гаруй хоригдолтой байжээ. Нэг камерт 13 ялтан хоригддог, түүнээс өөр монгол хоригдол байгаагүй аж. Тэндээ Д.Э эм түгээгчээр ажилладаг байсан байна. Түүний гар, хөлийг гавтай байлгадаг байж. Мах огт идэж байгаагүй, гахайн элэг л иддэг байсан учраас одоогоор монгол хоолондоо сайнгүй байгаа бололтой.

Хоригдож байх хугацаанд нь ээж нь хоёр удаа эргэж очжээ. Уулзалтаар гар бариулж, тэврүүлдэггүй, эрүүл мэндийнхээ талаар мэдээлэл өгүүлдэггүй байсан гэж байв. Хэрэв ямар нэгэн мэдээлэл өгвөл сард өгдөг цалингаас нь хасдаг байжээ.

Би эх орондоо ирлээ. Намайг авчирсан хүмүүст маш их баярлалаа.

Д.Э зургаан жил хоригдохдоо монголоор ярьж байгаагүй болохоор одоохондоо хятадаар хольж яриад өөрийгөө сайн ойлгуулж чадахгүй байгаа аж. Гэхдээ “Монголдоо ирээд сайхан байна.

Битүү агаартай газар байсан болохоор сэрүүн агаар сайхан байна. Би эх орондоо ирлээ. Намайг авчирсан хүмүүст маш их баярлалаа. Нар хараагүй удсан болохоор надад сайхан байна” гээд цонхны дэргэдээс холдохгүй байгаа гэнэ.

 

36 МОНГОЛ ИРГЭН ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

Түүний хэргийг прокурорт шилжүүлж дүгнэлт гаргаад удахгүй шүүх хурлын тов гарч Монгол Улсын Эрүүгийн хуулиар яллах юм.

Ийнхүү нэг ч болов иргэнээ Монголын төр засаг харийн шоронгоос авчирч чадлаа. Удахгүй БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон ч 19.6 жилийн ял эдлэхээр болоод буй Л.Байгалмааг авчрахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

1998 оноос хойш манай улсын 71 иргэн гадаад улс орнуудад хар тамхины хэрэгт холбогдсон байдаг.

2014 оны эхний хагас жилийн байдлаар манай улсын 36 иргэн /эмэгтэй 15, эрэгтэй 21/ ял эдэлж байгаагаас хугацаагүй хорих ялаар ес, хорих ялаар 22, цаазаар авах ялаар таван иргэн шийтгэгдсэн.

БНХАУ, Малайз, Хонгконг зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад манай улсын 26 иргэн хар тамхины тээвэрлэлт хийсэн хэргээр баригдан шалгагдсан гэсэн мэдээлэл байдаг.

Зураг