Уншиж байна ...

Дотроос нь хархны биеийн хэсэг илэрсэн шалтгаанаар Японы хүнсний компани 100,000 гаруй талхаа буцааж татжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы томоохон хүнсний үйлдвэр өчигдөр зах зээлээс 100,000 гаруй уут зүсмэл цагаан талхаа буцааж татах шийдвэр гаргажээ.

Энэ бүтээгдэхүүний дотроос хархны биеийн хэсэг илэрсэн тухай гомдол ирсний дагуу ийм шийдвэр гаргасан байна.

Pasco Shikishima Corporation компани хоёр уут талхнаас илэрсэн “ямар нэг жижиг амьтны” мөрөөр шалгаж эхэлснээ мэдэгджээ.

Одоогоор уг бүтээгдэхүүнийг хэрэглээд хүн өвдсөн тохиолдол гараагүйг мэдэгдэлдээ дурдсан байна. Хархтай талхыг Токио мужийн баруун хэсэгт оршдог үйлдвэрээс нийлүүлсэн нь тогтоогджээ.

“Бид ижил үйлдвэрийн шугамаас гарсан бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татаж, шалтгааныг олох хүртэл энэ шугамыг зогсоогоод байна. Манай бүтээгдэхүүнийг онцгойлон сонгодог та бүхэнд бид чин сэтгэлээсээ талархаж байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Нийтдээ 104,000 уут бүтээгдэхүүнийг буцаан татахаар болжээ.

1920 онд байгуулагдсан Pasco нь Япон даяар 12 үйлдвэр, 3,700 гаруй ажилчинтай хүнсний томоохон үйлдвэрлэгч юм.

Эрүүл ахуйн стандарт өндөр, хяналт сайтай гэгддэг Японд сүүлийн үед хүнсний чанартай холбоотой асуудлууд дараалан гараад байна.

Энэ оны гуравдугаар сард Kobayashi Pharmaceutical компанийн хүнсний нэмэлт бэлдмэлд хордсоны улмаас хэд хэдэн хүн нас барж, 100 гаруй хүн эмчлүүлж байв.

Өнгөрсөн оны наймдугаар сард Warabeya Nichiyo компанийн 7-Eleven сүлжээ дэлгүүрээр борлуулдаг будааны бөмбөлгөөс жоом гарсан хоёр тохиолдол бүртгэгдэж байжээ.

 

Эх сурвалж: CNN