Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Daisy: Хүүхдүүддээ эмээгийнхээ Монгол аргаар хоол хийж өгдөг

Э.Орхон
2014 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Утасны анд энэ удаад дуучин Daisy-тэй холбогдлоо. Сүүлийн хэдэн жил нам гүм байсан дуучин бүсгүй саяхнаас шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож байгаа. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээл болон эрүүл мэнд, гоо сайхных нь талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд Daisy. Тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ажил их явна

-Өдрийн мэнд. Шинэ цомог, тоглолт гээд нэлээд завгүй явна даа. Яг одоо студи дээрээ бэлтгэлтэй л сууж байна. Тоглолтын хувьд яг төлөвлөсөн тоглолт биш. Санамсаргүй гэхэд ч бас хаашаа юм. Хүмүүсийн хүсэлтээр жижиг хэмжээний амьд тоглолт хийх гэж байгаа.

Бурхан бидэнд хүн гэдэг эрхэм сайхан хүндийг хайрласан учраас өөрийн биеэ эрүүл саруул авч явах ёстой.

Түүнээс биш бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт ч гэдэг юм уу тийм сүржин зүйл байхгүй. Намайг сонсдог, миний дуунуудыг мэддэг залуустаа зориулсан тоглолт. Уг нь тоглолтыг ирэх сарын 8-нд гэж төлөвлөсөн юм. Гэтэл хойшилж магадгүй болоод байна.

-Шинэ цомог хэзээ бэлэн болох вэ?

-Яг хэдийд бэлэн болох нь тодорхойгүй байна. Одоогоор зургаан дуутай дуэт цомог гаргах гэж байна. Мөн хоёр дахь бие даасан соло цомог гаргах гэж байгаа. Дуэт болон соло цомгийн дуунууд эхнээсээ олон нийтэд хүрч байгаа..

-Дөрвөн хүүхэд гаргасан хэдий ч таныг биеэ сайхан авч явдаг гэж ярьдаг. Таны гоо сайхны нууц юу байна?

-Гоо сайхны нууц гээд байх зүйл бараг байхгүй дээ. Фитнесээр тогтмол хичээллэдэг. Харин сүүлийн үед зав муутай болоод явж амжихгүй байна. Нууцлаад байхаар гоо сайхандаа анхаардаг хүн биш л дээ. Олон хүүхэд гаргасан биеэ гоё, сайхан авч явдаг охидууд олон бий. Тэд нартай харьцуулахаар заримдаа өөрийгөө шүүмжилмээр л байдаг. Эмэгтэй хүн тэр тусмаа урлагийн хүн бид чинь гоё сайхан, гоолиг байх үүрэгтэй.

-Өнөөгийн охид бүсгүйчүүдэд ямар үнэлэлт өгөх вэ?

-Манай охидууд үнэхээр гоё, сайхан болсон. Хувцаслалт биеэ авч явж байгаа байдал зэрэг нь таалагддаг. Хамгийн гол нь охид маань даруу төлөв, зөв хүмүүжилтэй байж өөртөө зорилготой амьдраасай гэж боддог. Хэтэрхий бэлэн амьдралд татагдаад өөрсдийнхөө үнэ цэнийг алдаад байна уу гэж харж байна.

-Сүүлийн үед органик хүнс, зөв хооллолт гэж их ярих болж. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж эрүүл хоол, хүнс хэрэглэхийг хичээдэг. Эрүүл хүнс, зөв хооллолт гэдгийг их дэмждэг шүү. Бурхан бидэнд хүн гэдэг эрхэм сайхан хүндийг хайрласан учраас өөрийн биеэ эрүүл саруул авч явах ёстой.

-Та дөрвөн хүүхэдтэй. Тэднийхээ эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?

-Би дөрвөн охинтой. Том охин маань дүү нараа надаас илүү сайн хардаг. Гэхдээ эх хүн учраас хүүхдүүдийнхээ хоол хүнс, эрүүл мэндэд анхаарах үүрэгтэй. Ерөнхийдөө эмээгийнхээ Монгол аргаар хооллож, элдэв тансаг зүйлд нэг их дурлуулаад байдаггүй. Эх хүний анхаарах ёстой бүх л зүйлийг хичээж, санаж явдаг. Ээж хүн хамгийн гол нь хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй болгох гэж боддог шүү.

-Та болоод таны нөхөр хоёулаа урлагт зүтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, урлагийн гэр бүл гэдэг тодотголтой. Саяхан танай гэр бүл дуу бичлэгийн студитэй болсон гэж сонссон?

-Тийм ээ. Өөрсдийн студитэй болоод удаагүй байна. Бид хоёрын хүсэл бол мэдээж хэнээс ч хамаарахгүй сайн уран бүтээл хийх. Урлагийнхан бидэнд ивээн тэтгэгч, бичлэгийн студи хайх гээд асуудал зөндөө. Тиймээс л өөрсдийн студитэй болохоор шийдсэн юм. Мөн уран бүтээлчиддээ дэм болох юмсан гэж боддог. Манай студитэй хамтран ажиллах залуус маань төгсөөд ирсэн. Тиймээс урлагийн салбарт олон шинэ уран бүтээлийг туурвих болно. Энэ бол бидний зорилго.

Зураг