Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх: Энэ бол Засгийн газрыг унагах гэсэн хэсэг бүлэг хүний захиалгат ажил

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг долоодугаар сарын 29-ний өдөр цагдан хориод байгаа билээ.

Түүнийг өмөөрсөн мэдэгдлээ Ерөнхий сайд ч аль хэдийнэ гаргаад буй. Тэгвэл өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэдний ярьж буйгаар Л.Гансүхийг батлан даалтад гаргаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэрбээр оргон зайлах гэсэн болоод ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй байхад ийнхүү баривчилсан нь хууль бус үйл ажиллагаа боллоо гэж байлаа. Мөн түүнийг цагдан хоригдсоны маргааш нь буюу долоодугаар сарын 30-нд өмгөөлөгч Л.Цэндсүрэн Төв аймаг дахь цагдан хорих байранд очиж уулзах гэсэн боловч зөвшөөрөөгүй байна. 

Энэхүү үйлдэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  35.2.8 -д заасан "Сэжигтэн нь өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрх эдэлнэ" заалтыг зөрчсөн гэлээ. 

Харин өчигдөр Л.Гансүхийн өмгөөлөгч нар түүнтэй уулзсан байна. Энэ үеэр Л.Гансүх "Энэ бол Засгийн газрыг унагах гэсэн хэсэг бүлэг хүний захиалгат ажил" гэж өөрийн бодлоо өмгөөлөгч нартаа хэлжээ. 

Л.Гансүхийн өмгөөлөгчид ХБХ хийлээ, 2014.8.01

"Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбоотой хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байгаа. Үндэсний аудитын газрын тодорхойлсноор улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна" гэж АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн, мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат өнгөрсөн сард мэдэгдэж байсан. Харин түүний энэхүү мэдэгдэл нь мөн л хууль зөрчиж хэрэг нотлогдоогүй байхад сэжигтнийг буруутай мэт нийгэмд мэдээлэл цацаж байна гэж өнөөдрийн мэдээлэл хийсэн өмгөөлөгч нар ярьж байлаа. 

Мөн Л.Гансүх нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх буюу төсөв захиран зарцуулахгүй эрхгүй нэгэн. Бүх шийдвэрийг Засгийн газар гаргадаг учраас Л.Гансүхийг цагдан хорьсон нь өөр зорилготой байх магадлалтай гэж өмгөөлөгчид үзэж байна. 

Л.Гансүхийн өмгөөлөгчид ийнхүү ХБХ хийсэн бол АТГ-аас мөн өнөөдөр 12.00 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.