Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЕРӨНХИЙ САЙД ХЭНТЭЙ, ЮУТАЙ ТЭМЦЭХ ГЭЭД БАЙНА ВЭ?

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг энэ сарын 29-ний шөнө АТГ-аас баривчилсан мэдээлэл гарсан билээ. АТГ-аас нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр "Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбоотой хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байгаа. Үндэсний аудитын газрын тодорхойлсноор улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна" гэсэн билээ. 

Л.Гансүхийн оролцсон "Нүүрс" хөтөлбөртэй холбоотойгоор түүнийг баривчлах болсон талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. 

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдэгдэл өнөөдөр Засгийн газрын албан ёсны сайт дээр тавигджээ. 

Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэвэл:


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГИЙН МЭДЭГДЭЛ

 Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.

“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм.

Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


Ноён Н.Алтанхуягийн энэхүү мэдэгдэлд "Санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно" гэжээ. Энэ үйлдлийг хийсэн байгууллага нь АТГ. АТГ бол хуулийн дагуу шалгах ёстой хүмүүсээ шалгаж байгаа биз. Харин Ерөнхий сайд энэхүү хууль, хяналтын байгууллагатай хатуу тэмцэнэ гэдэг нь ТӨР, ТӨРИЙН эсрэг тэмцэнэ гэсэн үг үү. Эсвэл Ерөнхий сайд ХУУЛЬТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ гэсэн үг үү.

Зүй нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ахлах зөвлөхөө өмөөрөхдөө хуулийн байгууллага шалгаж, үнэн зөв нь тогтоогдох биз. Харин "Нүүрс" хөтөлбөр ийм учиртай гэх байсан бус уу. Харин ХАТУУ ТЭМЦЭНЭ гэдэг нь яг ХЭНТЭЙ, ЮУТАЙ тэмцэх гээд байна вэ.

Үнэхээр Л.Гансүхийг хууль бусаар баривчилж, саатуулсан гэж үзэж байгаа бол ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ НЬ ЗӨВ ЮМ БИШ ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА?!