Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ричард Брэнсоний бизнес амжилттай эхлүүлэх ТАВАН нууц

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Их Британий тэрбумтан Ричард Брэнсон Виржин Рекордс нэртэй дуу бичлэгийн бяцхан дэлгүүрээ 1970 онд нээж байв. Тэр үед Брэнсон дунд сургуулиа хаяад хэдхэн жил болж байсан ба өөрийн нэг сэтгүүл гаргаж үзсэнээс өөр туршлага байхгүй байлаа.

Тэгвэл Брэнсон өнөөдөр 5.1 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхий даяар 400 компанитай Виржин Группын ерөнхийлөгч болжээ.

Эдгээр компаниудын найм нь жил бүр түүнд тус тусдаа тэрбум гаруй долларын ашиг авчирдаг.

Тэр өөрийн туршлагаа дэлгэсэн “Виржин шиг бай: Сургуульд заадаггүй нууцууд” номоо 2012 онд хэвлүүлж байлаа.

Уг номноос нь бизнес амжилттай эхлүүлэхэд хэрэг болох таван нууцыг танилцуулж байна.

 

  • Өөртөө таалагдахгүй юмыг битгий хий

“Намайг анх Лондоны баруун дүүрэг дэх байрны хонгилд бизнесээ эхэлж байхад ямар ч төлөвлөгөө, стратеги байгаагүй. Бизнесийн гүрэн байгуулна гэсэн санаа ч байсангүй. Би зүгээр л хүмүүс хэрэглэж үзээд таалдаг, надад ч бас хийхэд тааламжтай байдаг, эцэстээ надад хангалттай мөнгө өгдөг зүйлийг л хийхийг хүсч байлаа” гэж Брэнсон дурсжээ.

  • Шинийг сэд - ямар нэг ялгарах зүйл бүтээ

1970 онд компанидаа эрсдэлтэй нэр өгч байх тэр л үеэс Брэнсон бусдаас ялгарахаар тэмүүлж эхэлжээ. Түүний бичсэнээр 1984 онд маш сайн үйлчилгээтэй нисэх компани байгуулах санаа толгойд нь орж ирснээр Виржин Атлантикийг байгуулжээ. Энэ нь тухайн үедээ л цоо шинэ нээлт байсан гэнэ. Тэгвэл өнөөдөр тэр Виржин Галактик компаниа байгуулан хүмүүсийг сансарт аялуулахаар зэхэж байна.

  • Бахархах сэтгэл гайхалтай хөдөлгөгч хүч

“Миний хувьд хэн нэгэн ажлын байрандаа сэтгэл дундуур байгааг мэдэхээс илүү муу юм гэж байхгүй”. Амжилттай бизнес эрхлэгчид хүний нөөц бол тэдний хамгийн үнэтэй хөрөнгө гэдгийг ойлгож ажилтнуудаа сэтгэл хангалуун байлгахад анхаардаг. Компаниараа бахархдаг, компаниа хүндэлдэг ажилтан илүү бүтээлч ажиллахаас гадна өөр маш олон зардлыг хэмнэж өгдөг гэжээ.

  • Бусдыг сонсох

Сайн менежэрүүд өөрөө бүгдийг мэдэж, чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч сайн баг бүрдүүлэн ажиллахыг эрмэлздэг. “Мэдээж чамд өөрийн бодол байгаа, гэхдээ түүнийгээ бусадтай зөвшилцөлгүйгээр бусдад тулгах арга байхгүй”. Тэр мөн сайн удирдагч нар сайн үр дүнг тэр дор нь магтан сайшааснаар ажилтнаасаа илүү санаачлага гарах замыг засдаг гэжээ.

  • Ойрхон бай

Олон тэрбумын орлоготой том компани ч бай, шинэхэн жижиг компани ч бай үүсгэн байгуулагчид нь өөрсдийгөө ажилтнуудаас зааглах хэрэггүй. Менежэрээс эхлээд хамгийн доод шатны ажилтантайгаа ч холбоотой байх нь чухал. Брэнсоний хувьд жижиг тэмдэглэлийн дэвтэр байнга авч явдаг ба Виржиний аль ч түвшний ажилтантай боломж гарвал ярилцаж тэмдэглэл хийдэг аж. Мөн Виржиний онгоцоор нисч байхдаа уулзсан энгийн зорчигчидтой үйлчилгээний талаар санал солилцдог гэнэ.

 

Эх сурвалж: businessinsider.com