Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан зуух үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцууллаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 18
iKon.MN

МҮХАҮТ-ын гадаах талбайд “Сайжруулсан зуух-2014” арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй, түлшинд хэмнэлттэй зуух үйлдвэрлэгч гадаад, дотоодын 30 орчим компани оролцсон бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнийг харилцан танилцуулж, туршлага солилцсон юм.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Б.Энхжаргалын хэлж буйгаар “Сайжруулсан зуух-2014” арга хэмжээний зорилго нь энэ төрлийн зуух үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, өрсөлдөөнийг бий болгож үнийг бууруулах, гадны зуух үйлдвэрлэгч команиудаас туршлага солилцох явдал юм” хэмээсэн.

Тухайлбал өнөөдрийн арга хэмжээнд БНХАУ-ын зуух үйдвэрлэгч 15 компанийн төлөөлөл оролцож, “Эко Ресурс” компанийн захиалгаар үйлдвэрлэсэн “Нүүдэлчин” нэрийн зуухуудаа танилцуулав.

Мөн дотоодын,

  • “Сэлэнгэ констракшн” компани “Өлзий” зуухаа
  • “Рояал Өүшн” компани “Дөл” ханан пийшингийн зуухаа
  • “Хүрд” компани Канадад үйлдвэрлэсэн CM-B0SE0602  нам даралтын зуухаа тус тус танилцуулсан юм.

“Сайжруулсан зуух-2014” уулзалт арга хэмжээг,

  • МҮХАҮТ
  • Цэвэр агаарын сан
  • Нийслэлийн агаарын чанарын алба
  • Улаанбаатар цэвэр агаар төсөл
  • Цаг уур орчины шинжилгээний газар хамтран зохион байгуулсан.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар нийслэлийн 153 мянган өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр олгоод буй аж.