Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэл бол буун дуугүй хувьсгал юм

Д.Энхтүвшин
2014 оны 6 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж

Өнгөрсөн пүрэв гарагт Төрийн ордны их танхимд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал болсон юм.

Монгол Улсын шүүхийн практикт шинэ үзэгдэл болсон Захиргааны хэргийн дагнасан шүүхийн 10 жилийн ойд зориулсан хурлын завсарлагаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Н.Лүндэндоржтой уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Тантай Монгол Улсад Захиргааны хэр­гийн даг­на­сан шүүх байгуу­лагд­­­­саны 10 жилийн ойд зо­риулсан чуулганы зав­сар­лагаанаар уулзсаных Захиргааны хэр­­гийн даг­насан шүүх бай­гуулах бол­сон шалтгаан, ач холбогд­лын талаарх асуул­таар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Өнөөдрийн Олон улсын онол практикийн бага ху­рал дээр бидний эртний анд нөхөр Юрген Харбих гуай нэг чухал үг хэллээ. 100 жилийн өмнө Германы эрхзүйн философич, түүхч Рад Бүк гэгч тун ухаантай үг хэлсэн юм байна. 

Тэрбээр “Захиргааны хэргийн шүүх бол эрх зүйт төрийн сүүлчийн тоосго” гэсэн бай­гаа юм. Тэгэхээр эрх зүйт төрийг тогтоох гэж байгаа, хөгжүүлэх гэж байгаа али­ваа орнууд олон шалгуур хангах шаард­лагатай болд­гийн гол цөм нь Төрийн захиргааны бай­гууллага, албан ту­шаалт­­нууд үйл ажил­­лагаагаа хуульд ний­цүүлэх, ёсчлон биелүүлэх явдал байдаг. 

Энэ шаардлагыг одоо­гийн эрх зүйт төрийг зорьж байгаа, хэрэгжүүлж байгаа олон улс орнууд хангаж чаддаггүй, хамгийн сэтгэл зовоосон асуудал гэж үздэг. 

Яагаад гэвэл төрийн захиргаанаас гаргаж байгаа акт, шийдвэрүүд бүгдээрээ цаасаар гардаггүй, аман акт шийдвэрүүд зөндөө их явж байдаг. Жишээ нь утсаар үүрэг даалгавар өгдөг, авдаг гэх жишээний үйл ажиллагаа ихээхэн явж байдаг учир тэнд хууль зөрчих асуудал байнга гарчих гээд байдаг.

Тийм ч учраас энэхүү хууль зөрчих үйл ажиллагааг таслан зогсоож, төрийн захиргаанаас гаргаж байгаа аман болон бичгийн бүх актыг хуульд нийцүүлэхэд л Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго оршиж байгаа юм.

Энэ манаанд зогсож байгаа шүүх 10 жилийн өмнө байгуулагдсан нь Монголын шүүхийн хөгжилд гарсан цоо шинэ үзэгдэл, дэвшил, нөгөө талаас төрийн захиргааны байгууллагын дур зоргоос иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалж Монгол төрийн бүтээн бий болгосон томоохон ажил гэж хэлэх бүрэн үндэстэй юм.

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллагын ерөнхий чиг үүрэг, үйл ажиллагааны үндсэн чиг­лэлийг манай иргэд төдийлөн сайн ялгаж, салгах ойлгодоггүй. Та даргын хувьд Шүү­хийн ерөнхий зөв­лөлийн үйл ажил­лагааг товч­хон тайлбарлахгүй юу? 

-Шүүхийн ерөнхий зөвлөл бол Үндсэн хуулийн байгууллага. Монгол Улсын Үндсэн хуульд энэ байгууллага ийм, тийм чиг үүрэг хэрэгжүүлнэ гэж хэдхэн байгууллагыг нэрлэсэн байдаг юм. Энд УИХ, Засгийн газар, Дээд шүүх, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийг заасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гол чиг үүргийг “1. Шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаална. 2. Хуульчдаас шүүгчдийг шилж олно” гэж тодорхойлон заасан байгаа. 

Үндсэн хуульд тодорхойлон заасан энэ хоёр гол чиг үүргийг задлаж УИХ-аас “Шүүхийн захиргааны тухай хууль”, “Шүүхийн тухай хууль” “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль” гэсэн гурван органик хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон юм. Энэ бүхнийг багцалвал 11 багц чиг үүрэг байдаг юм. Энэ бүгдийг задлан тайлбарлавал их цаг орно. Хамгийн гол нь Шүүхийн бие даасан байдлыг хангах. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс шүүхийн байгууллагыг бие даан ажиллах нөхцөл бололцоогоор хангах юм.

Хоёрдугаарт, шүүгчдийнхээ хараат бус байдлыг хангаж хамгаалах. Энэ бол улстөр, эдийн засаг, эрх зүйн хувьд маш их өргөн хүрээтэй ойлголт юм. Шүүхийн эдийн засаг, төсвийг бэхжүүлэх, хөгжүүлэх, оновчтой хуваарилж, хүргэх чиг үүрэг бас байна. Түүнээс гадна шүүхийн дэд бүтцийг хөгжүүлэх бас нэг чухал ажил байна.

Шүүхэд үйлчилж байгаа хууль тогтоомжуудыг боловсронгуй болгохын тулд санал, санаачлага гаргах чиг үүрэг байна. Шүүхийн зохион байгуулалтыг оновчтой зөв байршуулах талаар байнгын судалгаа хийж санал, онол дэвшүүлэх чиг үүрэг гэх мэт 11 чиг үүрэг бий.

-Өнөөдөр Монгол Улсын шүү­хийн тогтолцоо ямар дэс дараа­лал­тайгаар ажиллаж байгаа вэ? 

-Монгол Улсад гурван шатны шүүх үйлчилж байгаа. Анхан шат, давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх гэсэн гурван шатны шүүх ард иргэддээ үйлчилж байна. Анхан шатны шүүх бол шүүх хуралдааныг сонгодог утгаар нь явуулдаг шүүх юм. Яагаад сонгодог утгаар гэж хэлж байна вэ гэвэл энэ шүүх дээр хэргийн бүх оролцогч болох гэрч, хохирогч, шинжээч гээд шүүх хуралд оролцож дуу хоолойгоо илэрхийлэх гэсэн бүх л субьект оролцож мэтгэлцэх бололцоотойгоороо сонгодог утгыг хадгалж байгаа юм.

Нотлох ба­римтыг үнэлэх, шинжлэх, цэгцлэх бүх л үйл ажиллагаа явагддаг учир шүүх хурал сонгодог утгаараа яваг­дах бүх нөхцөл бүрддэг. Анхан шатны шүүхийн шийдвэрт гом­долтой хүмүүс давж заалдах шат­ны шүүхэд гомдол гаргадаг. Давж заалдах шатны шүүх бол үйл баримт, маргааныг дуусгадаг шүүх юм. 

Хоёр хүний хоорондох үйл баримтын маргааныг дуусгадгаараа давж заалдах шатны шүүх ихээхэн ач холбогдолтой шүүх юм. Өнөөдөр Монгол Улсад бүсчлэн байгуулсан давж заалдах шатны 10 шүүх ажиллаж байгаа. Саяын шүүхийн багц хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн бөгөөд дагнасан шүүхийн зохион байгуулалтад оруулсан.

Өөрөөр хэлбэл Эрүү, Иргэний хэргээр нь дагнуулан зохион байгуулсан нь шүүгч нараа мэргэшүүлж, шүүн таслах үйл ажиллагааны чанарыг шинэ шатанд гаргахын тулд ийнхүү дагнасан байдлаар зохион байгуулсан юм. Ерөнхийдөө энэ нь мэргэшсэн шүүхийг бий болгож байгаа нэг том реформ юм. Гурав дахь буюу Хяналтын шатны шүүх нь доод хоёр шүүхийн алдааг засч залруулах, иргэдийн гомдол саналыг эцэслэн шийдвэрлэх дээд шатны шүүх юм. 

-Өнөөдөр Монгол Улсын хэм­жээнд анхан шатны шүүхэд хэч­нээн шүүгч ажиллаж байгаа бол. Тэдний мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхийн тулд Шүү­хийн ерөнхий зөвлөлөөс ямар аж­лууд хийж байгаа вэ?

-Анхан шатны шүүхэд 300-гаад шүүгч ажиллаж байгаа. Судлаач, эрдэмтэн хүний хувьд хэлэхэд хамгийн шилдэг, ёс зүйтэй шүүгчид анхан шатны шүүхэд ажиллах ёстой юм. Яагаад гэвэл дээр хэлсэнчлэн сонгодог шүүх хурал тэнд өрнөх учиртай. Тиймээс ч Шүүхийн ерөн­хий зөвлөлөөс барьж байгаа нэг гол бодлого бол анхан шатны шүүхийг хамгийн чадвартай, ёс зүйтэй шүүгч нараар хангах асуу­дал байгаа юм.

Яг үнэндээ хэч­нээн мэргэжлийн сургуулийг нь төгсөж, номыг нь үзсэн ч жин­хэнэ мэргэжлийн өндөр чадвар, мэдрэмж, ёс зүйтэй шүүгч гэдэг бол төрмөл байдаг юм. Ерөөсөө шүүхийн реформын нэг гол зорилго бол анхан шатны шүүхийг чадваржуулах, мэргэшүүлэх, ёс зүйтэй болгоход оршиж байгаа. Урьд нь бид шүүгч нараа сонгон шалгаруулахдаа мэдлэгийг нь шал­гаад л тэнцүүлчихдэг байлаа шүү дээ. Одоо “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар шүүгчийг шилж сонгодог шалгуурыг ихээхэн өндөрсгөж, тун нарийн чанд шал­гуур тавьдаг болсон.

Эхлээд мэд­лэгийг нь шалгана. Тэгээд чадвар, зан төлөв, монгол хэлээрээ хэр зэрэг сайхан бичиж, найруулдаг чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн хэрэгслийг хэр зэрэг зөв, хурдтай эзэмшсэн байдлыг нь шалгана. Эндээс хамгийн гол нь шүүгч хүнд байх ёстой зан төлвийн төлөвшил байгаа юм. 

Хэчнээн мэдлэгтэй ч яагаад ч шүүгч хийх боломжгүй зан чанартай хүмүүсийг таньж ялгаж салгах нь бидний бас нэг гол үүрэг мөн.

Сүүлийн үед шүүгчдийг сонгон шалгаруулах шүүлтүүр ийм нарийн чанд болсонтой уялдан давж заалдах шатны юм уу, Ерөнхий шүүгчид нэр дэвших хүн олдохгүй болж байна. Бид хоёр, гурван удаа сонгон шалгаруулалт зарлачихаад байхад л зарим шүүхэд хүмүүс нэрээ ерөөсөө дэвшүүлэхгүй байна. Энэ нь шүүгчдэд тавьж байгаа шаардлага маш өндөрссөн учраас урьдынх шиг томоохон орон тоо руу хошууран дайрах нь эрс багассан. Одоо үйлчилж байгаа “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар хуульчийн үйл ажиллагаа эрх­лэх зөвшөөрөлтэй хүн хэн ч бай прокурор, шүүгч, өмгөөлөгч гээд алиныг нь ч хийж болох зөвшөөрөл олгосон.

Хуульчийн гэрчилгээ авсан хэн ч бай сонгон шалгаруулатад тэнцсэн л бол дээрх албан тушаалыг хаших бүрэн бололцоотой. Гэхдээ зарим хүн байгалиасаа шүүгчийн ажилд тохирохооргүй зан төлөвтэй байх нь бий. Шүүхийн ерөнхий зөв­лөлийн гол баримтлах зарчим нь төрөлхийн шүүгчийн авьяастай, зан төлөвтэй хүмүүсийг олж тодруулж, байх ёстой газарт нь гарган тавихад л оршиж байгаа юм. Харин хэчнээн мэдлэгтэй ч яагаад ч шүүгч хийх боломжгүй зан чанартай хүмүүсийг таньж ялгаж салгах нь бидний бас нэг гол үүрэг мөн.

-Шүүгч нар ямар нэгэн гадны нөлөөнд автахгүй байх цалин мөнгө, ахуй хангамж, хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтож чадсан уу?

-Ямартай ч эрх зүйн орчин нь бүрэлдсэн. Ялангуяа “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нөлөөллийн мэдүүлэг гээд их хүчтэй механизм орж ирсэн. Тэр нь шүүгчийг хэрэг мар­­гаан шийдвэрлэхэд нөлөөлж болзошгүй шүүхийн дотно, гаднах эрх мэ­дэлтэй хүмүүс байх юм бол ту­хайн шүүгч мэдүүлэг биччихдэг болсон.

Тө­рийн өндөр албан тушаалтан шүүгчид нөлөөлсөн нь тогтоогдвол бусад хуулиар зохицуулагддаг хам­гаалалтын механизм үйлч­лэхгүй гэсэн үг.

Тэр мэдүүлгийн үр дүнгээр шүүхийн захиргааны байгууллага нь тэр албан тушаалтныг шүүхийн журмаар албадан огцруулах, чө­лөө­лүүлэх механизм ороод ирсэн. Тэр ч битгий хэл энэ процесст өөр хуу­лиудад заасан журам үйлчлэхгүй гээд заачихсан. Өөрөөр хэлбэл тө­рийн өндөр албан тушаалтан шүүгчид нөлөөлсөн нь тогтоогдвол бусад хуулиар зохицуулагддаг хам­гаалалтын механизм үйлч­лэхгүй гэсэн үг. Энэ бол маш их хүч­тэй механизм юм.

Харин энэ ме­ханизмыг манай шүүгчид өдөр тутам ашиглаж сурах шаардлагатай байгаа юм. Энэ хууль гарснаас хойш шүүгчид нөлөөлөх гэсэн тө­рийн том албан тушаалтнуудын тэр талын ажиллагаа огцом буурсан үзүүлэлттэй байгаа. 

-Бүх шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгч нарын тоог хэлж бо­лох уу. Нэг шүүгчид ногдох аж­лын ачаалал гээд л?

-Ер нь аажим аажмаар нэмэгд­сээр байгаад шүүгчдийн тоо 700 руу дөхөж, 693 болох ёстой юм. Одоо бол Монгол Улсын хэмжээгээр 410 гаруй л шүүгч байгаа. Энэ ондоо багтаагаад 70 гаруй шүүгчийн орон тоонд шинээр шүүгчээр томилуулах бодолтой явна. Хэрвээ сайн шүүгч олдохгүй бол заавал энэ орон тоог гүйцээх гэж хүчлэхгүй. Яагаад гэвэл шүүгчийг насан туршид нь томилчихдог учраас зан төлвийн доголдолтой, хар муухай сэтгэлтэй, муу хүн томилуулчихвал түүний балгийг ард түмэн үүрдэг учир энэ бол их эмзэг асуудал.

Шүүгчийг сонгон шалгаруулах про­цесс аажим­ үргэлжилсээр бай­гаад ойрын 4-5 жилд Монголын шүүгчдийн тоо 700-д ойртож очих болно. УИХ-аар баталсан 277 шүүгчийг нэг дор томилоод нэмчих бололцоо байхгүй. Энэ ямар учиртай юм бэ гэвэл тэр олон шүүгчийг суулгах орон байр, төсөв санхүү алга. Ер нь сүүлийн 20 гаруй жилд Монгол төр шүүх засаглалын дэд бүтцийг үндсэнд нь хаясан байж. Ганц хоёр аймгийн шүүхийн байрны засварт Дэлхийн банк л хөрөнгө оруулалт хийсэн байх жишээтэй. 

Монголын шүүхийн түүхэнд анх удаа улсын төсвийн мөнгөөр Дархан хотод давж заалдах шатны шүүхийн байрыг нэг жилийн дотор барьж ашиглалтад орууллаа. Цаашдаа шүүх, шүүгчийн тоог нэмэхийн тулд хамгийн эхлээд байр сав, төсөв хөрөнгөө нэмэх ёстой.

Нэг шүүгчийн орон тоог дагаад туслах, шүүх ху­­ралдааны танхим гээд өчнөөн зар­дал мөнгө, бүтээн босголт явж байдаг болохоор энэ 277 шүүгчийг аажмаар нэмж томилуулах болно. Өөр арга зам байхгүй. 

Зураг