Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЧУУД БҮТЭЭЖ ЧАДНА ГЭДГЭЭ НОТОЛЛОО

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 16
iKon.MN

Монгол улс нэгэн түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ бол дэд бүтцийн салбарын суурь үндэс болсон бүтээгдэхүүний ШИНЭ ТЕХНОЛОГИ бүхий үйлдвэрийн нээлт юм. 

Бид олон жилийн турш хийж бүтээж чадахгүй гэсээр импортлогч орон болжээ. 

Харин МОНГОЛЧУУД БҮТЭЭГЧ болсныг Хөтөлийн “ЦЕМЕНТ-ШОХОЙ” ХК-ийн шинэ технологи буюу хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэр нотоллоо. 

Хөтөлийн Цемент шохойн цогцолбор 1987 онд ЗХУ-ын техник, технологиор жилд 500.0 мянган тонн цемент, 65.0 мянган тонн шохойг нойтон аргын технологоор үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан түүхтэй. 

1990-ээд оноос үйлдвэрлэл зогсонг байдалд орж, чулуунцар үйлдвэрлэх технологийн шугам нь их засвар шинэчлэлт хийлгүй тасралтгүй 26 жил ажилласнаас цаашид ашиглах боломжгүй болоод байсан бөгөөд үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт ердөө 30 хувь байжээ. 

Тус үйлдвэр 2013 оны байдлаар 135.8 мян.тн чулуунцар, 142.2 мянган тонн цемент, 43.3 мянган тонн шохой үйлдвэрлэсэн байна. Харин өчигдөр нээлтээ хийсэн үйлдвэрийн өргөтгөл - шинэ технологийн аргаар жилд НЭГ САЯ ТОНН ЦЕМЕНТ, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. 

ХУУРАЙ АРГААР ЦЕМЕНТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР СҮР ДУУЛИАНТАЙГААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн үйлдвэрийн өргөтгөл буюу хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэр энэ лхагва гаригт сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн юм. 

"Цемент Шохой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батдорж

Тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Батдорж “Сүүлийн 24 жилд Монгол улсад төрийн өмчит компанид үндэсний хөрөнгө оруулагч болох “Бейзмент” компани, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк зэрэг үндэсний санхүүжүүлэгч нар хамтран ажиллаж нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж төр, хувийн хэвшлийн хамтран ажилласан хамгийн сайн жишээг үзүүллээ.

 "Төр, хувийн хэвшлийн хамтран ажилласан хамгийн сайн жишээг үзүүллээ" Г.БАТДОРЖ

30 жилийн түүхтэй энэхүү үйлдвэрийн шинэчлэлийг бид маш богино хугацаанд буюу 1,6 жилд өндөр зохион байгуулалттайгаар барьж байгууллаа. Энэ бүтээн байгуулалтын ажилд үндэсний есөн компани хамтран ажилласан юм.

Мөн ХБНГУ-ын  "Beratungsbuero AMBROSY", “Humboldt Wedag KHD” зөвлөхөөр ажиллаж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон угсаралтын ажилд БНХАУ-ын Жансү Пенгфей групп,  Шоган групп гэсэн нэр хүнд бүхий хоёр компанийг оролцуулсан юм. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрийг хоёр герман, хоёр хятад, есөн монгол компани, үндэсний гурван банк хамтран босгосон ба төслийн гол удирдах болон бүх зохион байгуулалтыг үндэсний “Бэйзмент” компани хийж гүйцэтгэлээ” гэв.

“Цемент Шохой” төрийн өмчим хувьцаат компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 10 жилийн хугацаатай гэрээний гурав дахь жилийг үдээд байна. Олон улсад ийм хэмжээний хүчин чадалтай шинэ технологийн үйлдвэр ашиглалтанд оруулах хугацаа дунджаар гурван жил байдаг бол Хөтөлийн ЦШ үйлдвэр 1,6 жилийн дотор бүтээн байгуулалтын ажлаа хийсэн нь өндөр зохион байгуулалттай ажиллаж чадвал бид юуг ч хийж, бүтээж чадахыг харуулж буйн хэрэг биз ээ. 

Цаг хугацааны дарааллыг харвал:

  • ТӨХ-ны уралдаант шалгаруулалтад “Бэйзмент” ХХК хөрөнгө оруулах эрхийг авч Хөтөлийн “ЦШ” ТӨХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг 2011 байгуулсан.
  • Хуурай аргын цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г ШУТИС-н дэргэдэх УУТС-ны төвийн мэргэжилтнүүд 2012 онд боловсруулан АМГ-ын мэргэжлийн зөвлөлөөр  батлуулсан.
  • Цементийн үйлдвэрийн барилгын ажил: Эхэлсэн: 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр,  Дууссан: 2013 оны 10 дугаар сарын 1-ны өдөр болж байна.  

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй зочид оролцсон юм.

Ноён Н.Алтанхуяг "Монголын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна. Нэг сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр бидний хувьд мөрөөдөл байсан ч өнөөдөр биелэл оллоо. Энэ үйл явдлын гэрч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. "Айлаас эрэхээс авдраа ух" гэгчээр бид өөрсдийн хүч бололцоогоор ийм том хэмжээний үйлдвэртэй боллоо" гэсэн юм.

ХӨТӨЛИЙНХӨНИЙ ДАВХАР БАЯР

ЦШ үйлдвэр нийт 880 ажилтантай. Гэрээт ажилчдын тоог нэмбэл 920 болно. Хөтөл нь өдгөө 10 гаруй мянган оршин суугчтай. Харин үүний 10 орчим хувь нь ЦШ үйлдвэрт ажиллаж дунджаар 4000 орчим хүн энэхүү үйлдвэрээс хамааралтай болж байна. 

"Монголын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна. Нэг сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр бидний хувьд мөрөөдөл байсан ч өнөөдөр биелэл оллоо" Н.АЛТАНХУЯГ

Оршин суугчдын ярьж буйгаар “Хөтөл хотын эдийн засгийн эргэлт буюу бусад бизнес эрхлэгчдэд ЦШ үйлдвэрээс шууд хамааралтай байдаг. Энэ үйлдвэрийн дахин сэргэлт нь Монголчуудын баяр. Харин бидний хувьд давхар баяр болж байна” гэцгээж байлаа. 

Тус үйлдвэр өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажиллаж 2013 оны  9, 10, 11-р сарын цалингаа тавих боломжгүйд хүрсэн хүнд байдалд байх үед ийнхүү эргэн сэргэлт авчээ. Хөтөл хотын эдийн засгийн эргэлт буюу бусад бизнес эрхлэгчдэд ЦШ үйлдвэрийн үйл ажиллагаа шууд хамаарч байна. 

Тиймээс улсын нийт цементийн хэрэглээний 60 орчим хувийг дангаараа хангах боломжтой том үйлдвэртэй болсон нь нийт Монголчуудын баяр. Мөн ХӨТӨЛ хотын оршин суугчдын хувьд тогтвор суурьшилтай ажил, цалин хангамж, бичил бизнесийн эргэлт буцан сэргэж буй давхар баяр болж байгаа нь энэхүү төслийн хамгийн том үр дүнгийн нэг билээ. 

ХЭРЭГЛЭЭ ХОЁРООС ГУРВАН ДАХИН ИХЭСНЭ

Манай улсад барилга, дэд бүтцийн үйлдвэрлэлийн салбар эрчимжсэнээр цементийн хэрэглээ, үнэ байнга өсөж байгаа ч дотоодын цементийн үйлдвэрлэл хоцрогдмол хэвээр байлаа. 

2013 онд манай улсын цементийн хэрэглээ 1.8 сая тонн орчим байсан бөгөөд үүний 86 хувийг импортоор худалдаж авсан тоо үүнийг гэрчилнэ. 

Цементийн импортод 2007-2013 хооронд ойролцоогоор 450 сая ам.доллар буюу хагас тэрбум ам.долларын гадагшлах урсгал явагджээ!

Ойрын дөрвөн жилд төрийн болон хувийн хэвшлийн  зүгээс дэд бүтэц, барилгын салбарт хийх хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байгаатай уялдан сайн чанарын цементийн хэрэгцээ дор хаяж хоёроос гурав дахин нэмэгдэж жилийн эрэлт 2-3 сая тонн цемент болно гэсэн тооцоолол гараад байгаа юм. 

Тухайлбал, Улаанбаатар хотод  2016 онд 53400 орон сууц барих төлөвлөгөө, 100 км авто замыг шинээр, 200 км авто замыг шинэчлэн, дөрвөн байршилд гүүрэн гарц тус тус барих дунд хугацааны төлөвлөгөө гараад байна. Мөн олон улсын болон улсын чанартай 3752 км авто замыг 2016 онд тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ. 

Түүнчлэн ТЭЦ-5, Хөшигийн хөндийд ашиглалтанд орох шинэ нисэх онгоцны буудал гээд дунд хугацаанд төлөвлөгдөөд буй бүтээн байгуулалтын төсөл олон байна. Энэ бүхэнд цемент хэрэгтэй. 

Тиймээс бүтээн байгуулалтын суурь бүтээгдэхүүн болох цементийн хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байгаа билээ.

ӨМНӨ БА ДАРАА ...

2012 оны байдлаар нэг тн цемент үйлдвэрлэх өртөг 145.0 мян.төг  байсан бол одоогийн шинэ технологиор 1тн цемент үйлдвэрлэх өртөг 110 мян.төг болж буурч байна. Тиймээс манай дотоодын цементийн үнэ буурах таатай хүлээлт бий болж байна. Улмаар орон сууцны үнэнд ч энэ нь нөлөөлөх эерэг дүр зургууд харагдаж байгаа юм. 

“Хуурай арга” гэж юу вэ?

Жилд нэг сая тонн үйлдвэрлэгдэх энэхүү цемент доод тал нь 400 марк буюу дэлхийн стандартаар 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэгдэх ажээ.  

Хуурай аргын технологийг нэвтрүүлсэнээр үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж хүчин чадал 235% нэмэгдэж нэг цагт 46 тн цемент үйлдвэрлэдэг байсан бол 108 тн болж нэмэгдэж байна. 

Хуурай аргын технологийг нэвтрүүлснээр олон дэвшилт гарч байгаа юм. Тухайлбал ус, цахилгаан бага хэрэглэх зэрэг томоохон ач холбогдолтой. 

Өөрөөр хэлбэл энэ нь байгальд ээлтэй технологи юм. Цахилгааны хэрэглээ гэхэд 45 хувиар буурч нэг тн цемент үйлдвэрлэхэд 180кВт байсан бол 100 кВТ болж буурах юм байна. Мөн хорт утаа ялгаруулахгүй зэрэг байгаль орчинд ээлтэй технологи ажээ. 

БАЯРТАЙ МЭДЭЭ

Хөтөлийн ЦШ үйлдвэрийн өргөтгөл өнгөрсөн аравдугаар сарын 1-нд ашиглалтанд орсон ба өвлийн улиралд зогсолт хийж энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна. Тэд бүтэн хүчин чадлаараа ажиллаж чадвал жилд нэг сая тонн нүүрс үйлдвэрлэнэ. 

Мөн одоо үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бусад үйлдвэр болох “Эрэл цемент” ХХК, “Налгар түшиг” ХХК, “Централ Эйшиан цемент” ХХК нийлээд 1,3 сая тонн цемент үйлдвэрлэх бодит хүчин чадалтай болж байна. 

Харин ЦШ үйлдвэрийн дайтай дахиад хоёр ч үйлдвэр удахгүй ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байгаа нь “Сэнж сант” ХХК, “Мак” ХХК юм.


Энэ бодит боломж, хүчин чадлыг хэрхэн зөв зохистой ашиглаж болох талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЦШ үйлдвэрийн өргөлтгөлийн нээлтийн үеэр дараах тодруулгыг сэтгүүлчдэд өглөө. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөтөлийн "Цемент Шохой" үйлдвэрийн өргөтлийн нээлтэнд оролцлоо.

 

Ерөнхий сайдын тодруулгыг сонсох: 


Хүснэгтэд харуулвал:

Компанийн нэр  Байршил Хүчин чадал, мян.тн/жилд
“Цемент шохой” ТӨХК Сэлэнгэ  1,000.00
“Эрэл цемент” ХХК  Дархан  185
“Налгар түшиг” ХХК Налайх  100
“Централ Эйшиан цемент” ХХК Улаанбаатар  80
Ойрын 3 жилд ашиглалтанд орох: 
“Сэнж сант” ХХК  Дорноговь  1,000.00
“Мак” ХХК  Дорноговь  1,000.00
Нийт  3,365.00

ТА Монгол улс ойрын гурван жилд цементийн хэрэгцээгээ дотоодоосоо 90-100 хувь хангах боломжтой болж байгаа баяртай мэдээллийг харж байна.  

 

Сурвалжлагыг Ч.БОЛОРТУЯА  Bolortuya@ikon.mn 

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР http://mpa.mn/