Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвсайхан: Бөх хүн жудагтай, нэр цэвэр байх учиртай

Д.Жавхлан
2014 оны 3 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг
Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” групп, “Сүлд” спорт хорооны бөх улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан

Энэ удаагийн дугаарын зочноор Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын цолтны эгнээнд бүл нэмсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” групп, “Сүлд” спорт хорооны бөх улсын начин Баатархүүгийн Пүрэвсайханыг урилаа.

Ярилцлагыхаа өмнө бяцхан оршил болгоход тэрээр Үндэсний бөхийн холбооноос сар бүр гаргадаг чансааны хоёрт эрэмбэлэгдэж өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж байгаа юм.

-Сайхан хаваржиж байна уу. Та морин жил гарснаас хойш сүүлийн хэдэн барилдаанд тогтмол шөвгөрлөө. Бэлтгэл сайн байгаа бололтой?

-Наадам болоход тун бага хугацаа үлдлээ. Тэр энэ гэлтгүй бөхчүүдийн бэлтгэл жигд тэгширсэн байгаа нь барилдаануудаас харагдаж байна.

-Өөрөө бусад бөхчүүдээс бие жижиг хэрнээ дайчин, шуурхай барилдаанаараа эрс ялгардаг. Том биетэй бөхтэй бүр ч сайн барилдаад байх шиг харагддаг?

-Учраа бөхөө аль болох хөдөлгөж, хурдтай барилдахыг хичээдэг. Миний биеийн өндөр 177 см. Иймд өөртөө таарсан барилдааны ур чадварыг улам сайн хөгжүүлэх нь чухал гэж боддог.

Нас залуу байна. Гаргасан алдаагаа засах хугацаа надад хангалттай бий.

-Багш гэснээс таныг бөхийн зам руу анх хөтөлж оруулсан хүн улсын заан Ч.Батзориг хэмээн бөхийн хүрээнийхэн ярьдаг?

-Батзориг заан аавын минь төрсөн дүү юм шүү дээ. Би 2007 оны хавар арваннэгдүгээр анги төгсөх жилээ Ховд аймгийнхаа “Ховд” их сургуульд нягтлан бодогч мэргэжил эзэмшихээр анх шалгалт өгч байлаа. Тэр зун Ховдод даншиг наадам болоход Батзориг ах манайд ирээд “ерөөсөө чамайг хот руу авч яваад бөх болгоно” гэдэг байгаа. Тэгээд намар нь “Аварга” дээд сургуульд Үндэсний бөхийн багш, дасгалжуулагчийн ангид улсын начин Адьяахүү багшид шавь оруулж билээ.

-Тэгэхээр та бөх рүү хожуу оржээ дээ?

-Улаанбаатар руу явдаг жил үндэсний бөхийн аймгийн аварга болж байлаа. Түүнчлэн улсын аварга шалгаруулах тэмцээнд 13 дугаар байрт орсон. Бага насандаа адуу, малтай ноцолдож өссөн болохоор бөх болох эхлэл тэнд л тавигдсан юм болов уу.

-Таныг улсын аваргад орж байхад өнөөгийн алдар цуутай бөхчүүдээс хэн зодоглож байв?

-Дээд насны ангилалд одоогийн улсын арслан П.Бүрэнтөгс сайн үздэг байсан. Харин бага насны ангилалд улсын начин А.Батмөнх, Төв аймгийн н.Ган-Идэр нар барилдаж байлаа.    

-Хэрэв Ч.Батзориг заан таныг бөхийн зам руу хөтлөөгүй бол Б.Пүрэвсайхан өдийд хаана, юу хийж явах байсан бол?

-Нутагтаа л ажиллаж байх болов уу.

-Нягтлан бодогч мэргэжлээр шалгалт өгснийг бодоход та сурлага сайтай хүүхэд байж дээ?

-Хааяа нэг олимпиадад орно. Ер нь нийгмийн талын хичээлдээ давгүй шүү.

-Хэдийд анхны цолоо авсан бэ?

-Үндэсний бөхөөр хоёр жил хичээллэсний дүнд 2009 оны наадмаар Эрдэнэбүрэн суманд түрүүлж сумын заан болсон. Нөгөөдөр нь Чандмань сумынхаа наадамд дахин түрүүлж шинэ цолоо баталсан. Түүнчлэн хэдхэн хоногийн зайтай аймгийн наадам болж би дахин зодоглож аймгийн заан цол авсан. Дараа жил нь аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон доо.

-Улсын начин цол авсан үеэ эргэн дурсахгүй юу?

-Батзориг ах намайг гурав дээр авч даваа хөнгөлж өгсөн. Дөрвийн даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэтэй оноолт таарсан. Би давсан. Тэгээд тавын даваанд Булганы Д.Баасандорж зааныг давж, улсын начин цол хүртсэн дээ. Тэр наадмаар Бат-Эрдэнэ гарьдтай таарна гэж ер бодоогүй. Бид хоёр заалны барилдаанд хоорондоо цөөнгүй таарч, өгөө аваатай л байсан. Хүчтэй гарьдаар дөрөв давчихаад их баярлаж билээ.

-Та өнгөрсөн жи­лийн наадмаар бөх сонирхогчдын санасан хэмжээнд хүрч барилдаа­гүй. Хатуухан хэлэхэд та цолоо хамгаалж чадаагүй. Үүнд юу нөлөөлсөн бэ?

-Наадмын өмнөх бэлтгэлд миний шагайны шөрмөс тасарсан. Тун хэцүү. Арга ядаад хөлөндөө гипстэй барилдсан. Хөлний бэртэл эдгээгүй тул хүчилж барилдаагүй ээ.

-Төрийн наадамд тав даваад туг тойрох сайхан биз?

-Яриангүй сайхан. Гэхдээ улсын цолтой бөхийн үүрэг хариуцлага туг тойрохтой адилгүй. Бүх талаараа тэгш, хийгүй, нэр цэвэр байх ёстой юм байна лээ. Би үүнийг сайн ойлгож авсан.

-Барилдах эрхээ хоёр сараар хасуулах тэр үед үү?

-Тийм ээ /инээв/

-Санаанаас гардаггүй харамсалтай барилдааныг нэрлэхгүй юу?

-Нас залуу байна. Гаргасан алдаагаа засах хугацаа надад хангалттай бий.

-Та шуудагны барьцнаас ямар ч бөхтэй сайн барилдаж байгаа харагддаг. Ялангуяа таны хоёр шууны бярыг бөхчүүд шагшин ярьцгаадаг?

-Тал бүрийн хүчин зүйл нөлөөлдөг байх. Аавын удамд гартаа тэнхээтэй хүн байсан гэдэг. Мөн би ээжийнхээ мээмийг 12 нас хүртлээ хөхөж өссөн хүн дээ. /инээв/     

-Өөрөө айлын отгон хүүхэд үү?

-Тийм ээ. Би дээрээ ганц ахтай.

-Танай удамд Ч.Батзориг заанаас өөр барилддаг хүн бий юү?

-Манай аавын талын эрчүүд бараг бүгд барилддаг. Батзориг ахын дүү аймгийн начин Ганболд, түүний дүү Мөнхзориг сумын заан. Авга ах нарынхаа зааж сургасан эрдэм, мэдлэгийн хүчинд би өдий зэрэгтэй барилдаж явна. Тэд маань түмэн олноо баясгаж, бөхийн ёс жудгийг сайн сахиж, биелүүлж явсны ач буян удамд нь эерэгээр нөлөөлсөн юм байлгүй дээ.  

Зураг