Уншиж байна ...

Х.Тамир: Гадаадад төгссөн дипломтой ч E-Mongolia-д бүртгүүлж чадаагүй хүн олон бий

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2024-2025 оны хичээлийн жилд их, дээд сургуульд оюутан элсүүлэх журамд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байна. 

Эдгээр өөрчлөлтийг өнөөдөр дээд боловсролын байгууллагуудын удирдлагад танилцуулахын зэрэгцээ элсэлттэй холбоотой зарим зүйлийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас анхаарууллаа.

Тодруулбал

  • Элсэгчдээ сургуулийн элсэлтийн журмаа сайтар танилцуулах
  • Ахисан түвшний хөтөлбөрт элсэгчийн өмнөх боловсролын зэрэг цахим системд баталгаажсан байх
  • Элсэлтийн Шалгалт(ЭШ) дууссан өдрөөс хойш элсэлтийг зохион байгуулах
  • Босго онооны шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлэхгүй зэрэг байна. 
зураг
 

Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "ЭШ дуусаж, дүн гарснаас хойш их, дээд сургуульд элсүүлэх ёстой. Түүнээс өмнө элсүүлэхгүй. ЭШ зохион байгуулах байрны гадна сургуулийн танилцуулга, бүртгэл хийдэг үзэгдэл байсан. Одоо тэгэхгүй.

Мөн элсүүлэх тушаал гарснаас хойш сарын дотор оюутныг цахим системд бүртгэх ёстой. Бүртгүүлээгүй явж байгаад төгсөх дөхсөн үед нь бүртгүүлэхээр цахим системд жил орчим сурсан мэт л харагддаг байна. Ялангуяа гадаад оюутныг бичиг баримтаа бүрдүүлэх гэсээр оройтчихлоо гээд төгсөх үеэр нь бүртгүүлэх нь бий. Энэ тохиолдолд суралцсаныг нь илтгэх процессын мэдээлэл байхгүйгээс гадаадын байгууллагууд Монгол Улсад суралцаагүй гэж үзэх үндэслэл болдог. 

  • Дэд бакалаврын зэрэгт 2.5,
  • бакалаврын зэрэгт гурав,
  • магистрын зэрэгт нэг,
  • докторын зэрэгт 2.5 жилээс доошгүй хугацаанд Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд мэдээлэл нь байршсан, дүн болон холбогдох мэдээллүүд нь орж, шинэчлэгдсэн түүхтэй байх ёстой. Хэрэв байхгүй бол диплом олгохгүй. 
Гадаад улсын их, дээд суралцаж байгаа иргэн жил бүрийн аравдугаар сард багтаж Боловсролын Ерөнхий Газарт мэдээллээ цахимаар бүртгүүлэх ёстой. Суралцаж буй улс, сургууль, мэргэжлээ бүртгүүлэх ёстой. 

Аль улсад ямар мэргэжлээр хэдэн хүн сурч байгаа вэ, ямар насны хүмүүс аль түвшинд суралцаж байна гэдэг мэдээлэл гарахгүй байгаа. Хэний ч мэдэхгүй сургуульд суралцсан гээд диплом аваад ирдэг, сурсан гэх сургууль руу нь хандаж тодруулах гэхээр хүний хувийг мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэдэг. Магадлаагүй учраас төрийн мэдээллийн E-Mongolia системд дипломыг бүртгэж чаддаггүй. 

E-Mongolia-д бүртгэлгүй, гадаадад төгссөн хүн маш олон бий. Иймээс элссэн цагаасаа эхлээд тогтмол мэдээллээ бүртгүүлсэн хүний дипломыг E-Mongolia-д оруулна. Хаанаас аваад ирснийг нь мэдэхгүй байж бид мэдээллийг нь албажуулж явуулаад байж болохгүйг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр ЭШ-ын оноо нь гадаад улсын их, дээд сургуульд сурахаар виз хүсэхэд нөлөөлдөг талаар хэлж байлаа. Жишээлбэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улс(ХБНГУ)-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(БШУЯ) ЭШ-д таван хичээлээр тус бүр 500-аас дээш оноо авсан хүмүүст тус улсад суралцах виз олгодог байна. 

Энэ талаар БШУЯ-ны газрын дарга Х.Тамир "Герман улс ЭШ дээр таван хичээлээр 500-аас дээш оноо авсан хүүхэд цаашид суралцах чадвартай гэж үзээд виз олгодог. Бид элсэлтийн журмыг Монгол Улсад суугаа ЭСЯ-дад хүргүүлж байгаа.

Үндэсний хэмжээнд 480, 500-аас дээш оноо авсан хүүхдийг их, дээд сургуульд элсүүлж байгаа. Иймээс тухайн мэргэжлийн чиглэлийн хоёр хичээл дээр 480-аас дээш оноо авсан суралцагчдад гадаадад сурах виз олгох боломжтой гэдгийг хүргүүлж байна" гэлээ.