Уншиж байна ...

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Робот технологийн салбарт тэргүүлэгч Boston Dynamics компани өчигдөр бүрэн цахилгаан ажиллагаатай, хүн дүрст шинэ роботоо танилцуулжээ.

Өмнөх өдөр нь тус компани гидравлик (даралтаар шингэнийг удирдах арга) технологиор ажилладаг өмнөх үеийн роботын хөгжүүлэлтээ зогсоож байгааг зарласан юм.

Өчигдөр үзүүлсэн Atlas робот нь гайхалтай уян хатан хөдөлгөөнтэй болж чадсан байна.

“Ирэх сар, жилүүдэд бид дэлхийн хамгийн динамик хүн дүрст робот лабораторид, үйлдвэрт, бидний өдөр тутмын амьдралд юу хийж чадахыг харуулах болно. Бид Атласын цахилгаан хувилбарыг илүү бат бөх, илүү хурдан, илүү уян хатан байхаар зохион бүтээлээ. Атлас нь хүний биеийг санагдуулам бүтэцтэй ч даалгавар биелүүлэхдээ хүний хөдөлгөөнөөр хязгаарлагдалгүй, хамгийн үр дүнтэй хөдлөхөөр бүтээгдсэн юм” гэж Boston Dynamics компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Тус компани роботынхоо бодит хэрэглээг Өмнөд Солонгосын Hyundai компанид анх удаа нэвтрүүлэхээр болсон байна.

Hyundai нь 2021 онд Boston Dynamics компанийн хяналтын хувийг худалдаж авсан юм.

Тус компани хүн дүрст роботоос гадна нохой шиг дөрвөн хөлтэй Spot робот бүтээсэн нь одоо цагдаагийн албанд ашиглагдаж эхлээд байгаа.

 

Эх сурвалж: Business Insider