Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Украин: Үймээн үү, хувьсгал уу?

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий дахинд олон үйл явдал болсны нэг нь Украинд болсон бослого үймээн байлаа. Засгийн газар нь Европын холбоонд нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсанд ард түмэн нь ундууцаж, ундууцаад ч зогссонгүй улс төрийн идэвхээ гаргаж гудамжинд гарч жагсав.

Харин энэхүү жагсаал өрнөж эхэлмэгц төв талбай шинэ жилийн гоёлоо зүүх гэж байгаа хэмээн шалтаглаж тэнд жагсаал цуглаан хийхийг хориглосон нь украинчуудыг ёстой л нэг галзууруулах дөхсөн гэдгийг ням гаригт болсон үймээн харуулав. Ажлаа хийж чадахгүй засгийн газар, сайд нарын танхим түүгээр ч үл барам  ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, нөхөн сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.

Гэвч одоогоор засгийн зүгээс ямар ч хариу өгсөнгүй, тиймдээ ч нямг гаригт хэдэн мянган жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг эзлэн авч, хувьсгал гарлаа хэмээн зарласан нь дэлхий нийтийн анхааралд оров. Гэсэн  ч “хувьсгалыг манайхан шиг цус гаргалгүй хийж” чадсангүй, өнгөрсөн хоногуудад хотын төв талбай дээрх жагсагчдаас 165 хүн хүн түргэн тусламжийн эмч нарт хандсан бол албан ёсны мэдээллээр хагас шөнийн дотор 109 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Үйл явдлыг тоймлоё. 

Өнгөрсөн бямба гаригт шилжих шөнө цагдаагийнхан Киевийн Тусгаар тогтнолын талбай дээр болж байсан Европын холбоонд нэгдэхийг дэмжигчдийн жагсаалыг хүчээр тараав. Хүч хэрэглэсний улмаас үймээн дэгдэж, жагсаалыг тараасны дараа 35 хүн эмнэлгийн тусламж авсны дотроос долоо нь эмнэлэгт хүргэгджээ. Ийнхүү олноор эмнэлэгт хүргэгдсэн ч сөрөг хүчнийхэн бууж өгөхийг хүссэнгүй, харин сөрөг хүчнийхэн Үндэсний эсэргүүцлийн штаб байгуулж, Украин даяар ажил хаялт зарлахаар бэлтгэж байгаа тухай Украины парламент дахь “Батькивщина” фракцийн тэргүүн Арсений Яценюк бямба гаригт мэдэгдсэн юм.

Түүнчлэн жагсагчдыг хүчээр тараах шийдвэрийг гаргасан Дотоод хэргийн яамыг тэргүүлэгчид ч огцорч, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй хэмээн тэрбээр өгүүлжээ. Сайд нарын танхим, Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулж, Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгуулийг нэгэн зэрэг явуулахыг сөрөг хүчнийхэн шаардаж байгаа юм байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр ч гэх юм уу, сөрөг хүчнийхнийг дарах гэсэн явуургүй арга ч гэх юм уу, ямартай ч Киев хотын шүүх хотын захиргааны нэхэмжлэлээр Тусгаар тогтнолын талбай болон өөр хэд хэдэн гудамжинд шинэ жилийн гацуур байрлуулах, зул сарын хотхон байгуулахад бэлтгэх гэсэн шалтгаанаар  энэ оны 12 дугаар сарын нэгнээс 2014 оны нэгдүгээр сарын долооны өдөр хүртэл жагсаал цуглаан хийхийг хориглов.

Гэвч жагсагчид шүүхийн шийдвэрийг үл хайхран төв талбайг ням гаригт бүхэлд нь эзлэн, улмаар хотын төвд байх ерөнхийлөгчийн ордныг эзлэсэн юм. Жагсаалын үеэр “Эрх чөлөө” намын тэргүүн Олег Тягнибок болон “Гурав дахь Бүгд найрамдах Украин Улс” хөдөлгөөний тэргүүн, Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко нар бүх нийтээр ажил хаялт зарлаж, засгийн газрын ордныг бүслэхийг уриалж “Бидний төлөвлөгөө ойлгомжтой. Одоо энэ жагсаал биш хувьсгал боллоо” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү төрийнхөө ордныг эзлэхээс өмнөхөн эсэргүүцэгчид Киев хотын захиргааны барилга болон Киевийн зөвлөлийн хурлын танхимыг эзлээд байлаа.

Түүнчлэн Тусгаар тогтнолын талбай дахь Үйлдвэрчний эвлэлүүдийн ордонг эзлэж, сөрөг хүчний штаб байгуулсан юм. Харин одоогоор байдал харьцангуй тайван болсон ч Агаарын флотын гүүр блон Севастополын талбайн талаас цагдаагийнхан автобустай эргүүл хийж байгаа талаар жагсагчид мэдээлсэн байна. 

Жагсаалын үеэр “Эрх чөлөө” намын тэргүүн Олег Тягнибок болон “Гурав дахь Бүгд найрамдах Украин Улс” хөдөлгөөний тэргүүн, Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко нар бүх нийтээр ажил хаялт зарлаж, засгийн газрын ордныг бүслэхийг уриалж “Бидний төлөвлөгөө ойлгомжтой. Одоо энэ жагсаал биш хувьсгал боллоо” хэмээн мэдэгдсэн юм

Засгийн газар ердийн горимоор  ажиллана

 Хэдийгээр жагсаал цуглаан нь үймээн болон өргөжиж, олон хүн эмнэлэгт хүргэгдэн байдал “эвгүйтэж” ирсэн ч Киев дахь нөхцөл байдал хяналтанд байгаа, хүмүүс тайван жагсаал хийх эрхтэй хэмээн Украины Ерөнхий сайд Ниоколай Акаровын хэвлэлийн төлөөлөгч Виталий Лукьяненко мэдэгдсэн юм. “Хүмүүс хуулийн хүрээнд, тайвнаар жагсаж цуглах эрхтэй. Харин хуулиас гажсан үйлдэл хийвэл таслан зогсоох л ёстой” хэмээн тэрбээр тайлбар өгчээ.

Түүнчлэн Украины сайд нарын танхим ердийн горимоор ажиллана хэмээн мэдэгджээ. Сайд нарын танхим даваа гаригт хуралдсан бол маргааш буюу лхага гаригт Засгийн газрын хуралдаан болох юм байна. Хэвлэлийн төлөөлөгч нь ийнхүү тайлбар хийхээс өмнө Азаров өөрөө ТСН хөтөлбөрийн ярилцлагаар орохдоо “Аливаа жагсаал цуглаан хийх нөхцлөөр засгийн газар хангах ёстой. Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, эсвэл үүнтэй санал нийлэхгүй хүмүүс ч бий. Аль алинд нь үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох ёстой.

Харин жагсагчид хуулиас гажвал манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу хариуцлагаа хүлээх болно. Энэ чинь ойлгож ядаад байх юм үгүй ийм л энгийн зүйл шүү дээ” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн тэрбээр Европын холбоонд нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурахыг хойшлуулах болсон шалтгаанаа Засгийн газар хүмүүст сайтар ойлгуулан тайлбарлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

“Интерфакс Украина” агентлагийн мэдээлснээр Ерөнхий сайдын энэхүү ярилцлагыг 11 дүгээр сарын 30-нд талбай дээр цугласан олныг хүчээр тараахаас өмнө бичсэн байсан гэнэ. Харин бямба гаригт жагсагчдыг албадан тараасанд Азаров ихэд дургүйцсэн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр ярилцлагын үеэрээ улс төрийн нөхцөл байдал тогтворгүйтвэл эдийн засгийн үзүүлэлт болон үндэсний валютынх нь ханшинд нөлөлж болзошгүй гэдгийг онцлон тэмдэглээд “Ханшийн тогтвортой байдал, валютын тэнцвэртэй байдлыг алдах нь зөвхөн үйлдвэрлэгчид алдагдал хүлээгээд зогсохгүй төсвийн зардал ихэснэ. Гадагшаа төлдөг өр нэмэгдээд явчихна гэсэн үг. Манай ард иргэдийн орлогийг доллартай харьцуулвал, ханш өөрчлөгдснөөр худалдан авах чадамж алдагдаж, хүмүүс ядуурна” хэмээн нэмж хэлжээ.

"Хэлэлцээрт гарын үсэг зурах нь биднээс болон манай түншүүдээс хамаарна. Украин ч тэр Европын холбоо ч тэр хэлэлцээрт гарын үсэг зурахыг яаравчилж байгаа. “Яарахгүйгээр яарах” нь сайн хэрэг шүү дээ

“Хэн хэнийгээ л хайрлах ёстой” 

Улс төрийн хувьд тогтворгүй болвол өөрсдөө л хүнд байдалд орно гэж ард түмэндээ ийнхүү учирласан Азаров Засгийн газар нь яагаад Европын холбоонд нэгдэхээс татгалзсан талаар мөн “уйгагүй” тайлбарлажээ. Одоохондоо Украины эдийн засаг нь евробүсд нэгдэхэд хангалтгүй, харин ийм алхам хийхэд эдийн засгийн хувьд бэлэн болмогц Европын холбоонд нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурах юм гэнэ.

"Хэлэлцээрт гарын үсэг зурах нь биднээс болон манай түншүүдээс хамаарна. Украин ч тэр Европын холбоо ч тэр хэлэлцээрт гарын үсэг зурахыг яаравчилж байгаа. “Яарахгүйгээр яарах” нь сайн хэрэг шүү дээ. Бүгдийг үнэлж дүгнэх хэрэгтэй. Бид бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ гарын үсэг зурна” хэмээн ТСН хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа Азаров онцолсон байна.

Түүний өгүүлснээр одоо эдийн засгийн тогтвортой өсөлтөнд хүргэх, Орос болон Гаалийн холбоотой худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэг эдийн засгийн хөшүүргийг бий болгох нь Украины төр засгийн хувьд нэн тэргүүний зорилт болоод байгаа, тиймдээ ч хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг хойшлуулсан гэнэ. “Одоо юм л бол “алив гарын үсэг зурцгаая” гэдэг болчихож. Өнөөдөр эдийн засгийн хямрал ийм хүнд байгаа нөхцөлд “Хэн хэнийгээ л хайрлая” гэж бид түншүүддээ хэлсэн” гэж ерөнхий сайд нэмж хэлсэн нь магадгүй “бид Грек мэтийн зарим орнууд шиг та хэдийг зовоомооргүй байна ” гэсэн далд санааг оноо авах зорилгоор хэлсэн байж ч болох.

Украинчууд засгийн газар, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан үймээн дэгдээж, харин Ерөнхий сайд нь  Европын холбоонд нэгдэхээ хойшлуулсныг ард түмэндээ тайлбарлаж байх зуур  Ерөнхийлөгч Виктор Янукович Украины тусгаар тогтнолыг тунхагласан акт баталсан Бүх Украины олон нийтийн санал асуулгын ойд зориулан иргэддээ хандан ням гаригт баярын мэндчилгээ хүргэсэн юм.

1991 оны 12 дугаар сарын нэгэнд болж байсан санал асуулгын ойн үеэ иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Улсынхаа эдийн засагт ноцтой хохирол учруулж, иргэдийнхээ амьдралын түвшинг муутгахгүйгээр Европын холбоонд нэгдэх асуудлыг түргэвчлүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ” хэмээн онцолжээ. Мөн Украин улс геополитикийн сонголтоо хийсэн, европын ард түмэн, тиймээс Европын үндэстний нөхөрлөлд нэгдэх нь зайлшгүй, тун удахгүй болох үйл явдал гэж үзэж байгаагаа төрийн тэргүүн цохон тэмдэглэсэн байна.

Ямартай ч ард иргэд нь төр засгаа Европын холбоонд нэгдэхээс татгалзлаа хэмээн бухимдаж, хүчтэй эсэргүүцэл өрнүүлсэн бол  төрийн тэргүүд нь Европын үндэстнүүдийн дээвэр туурганд багтахыг эрмэлзэж байгаа ч цаг нь болоогүй хэмээн үзэж байгаа юм байна. Ийнхүү хэн хэн нь байр сууриа зөвтгөж, одоогоор ямар нэг шийдэлд хүрээгүй л байгаа юм. Төрийн өндөрлөгүүдийн энэхүү “бөөрөнхийлсөн ” байр суурийг ажиглагчид “айдсаа дарах” гэсэн явуурга арга гэж нэрлээд байгаа.

Учир нь Украин Европын холбоонд нэгдвэл өдгөө эсэргүүцэгчидтэй санал нэг байгаагаа илэрхийлж шоронд өлсгөлөн зарлаад байгаа Юлия Тимощенко суллагдах магадлал өндөр юм. Ингэснээр улс төрийн хувьд тогтворгүй нөхцөл байдал ч үүсч мэднэ.