Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн Малави улсын иргэд дахин 2 “цус сорогч” илрүүлж, амийг нь бүрэлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Малавийн ерөнхийлөгч Артур Петер Мутарика

Африкийн ядуу буурай орнуудын нэг Малавид дэгдсэн “цус сорогч”-ийн дуулианд дахин хоёр хүн золиослогдсон болохыг албаныхан өчигдөр мэдээлжээ.

Малавийн хоёр дахь том хот Блантирийн иргэд “вампир” болохыг нь илрүүлсэн хоёр залуугийн нэгийг түүдэг галд шатааж, нөгөөг нь чулуугаар цохиж амийг нь бүрэлгэснийг цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн юм.

Өнгөрсөн сараас эхлэн мухар сүсэг хүчтэй нөлөөтэй Малавийн өмнөд нутагт “цус сорогч” гарч ирсэн тухай цуу яриа тархаж, нутгийн иргэд сайн дураар араатныг илрүүлж, устгах хөдөлгөөн эхлүүлжээ.

Хүн амын олонх уг хөдөлгөөнд нэгдсэн тул эрх баригчид зохицуулж дийлэхгүй байгаа бөгөөд тус бүсэд ажилладаг тусламжийн хөтөлбөрийн ажилтнуудаа НҮБ түр хугацаагаар буцаан татахад хүрээд байгаа юм.

Малавийн ерөнхийлөгч Петер Мутарика өнгөрсөн Баасан гарагт ард иргэддээ хандан уриалга гаргаж, “цус сорогч”-ийн цуу ярианд автахгүй байхыг анхааруулсан ч нэмэр болсонгүй.

Малавийн иргэдийн дотор засгийн газар “цус сорогчид”-той хамтран хүмүүсийн цусыг цуглуулж, олон улсын тусламжийн байгууллагуудад өгч байна гэсэн яриа хүртэл таржээ.

Үүний улмаас өнөөг хүртэл Малавичууд нийт зургаан хүнийг “цус сорогч” гэж үзэн өөрсдийн гараар шийтгээд байгаа юм. “Цус сорогч”-ийн тухай цуурхал Малавийн хөрш Мозамбик улсаас орж ирсэн гэж үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Russia Today