Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баасандорж: Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байна

Д.Баяр-Отгон, Өглөөний сонин
2017 оны 10 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Жил бүрийн аравдугаар сарын 20-нд дэлхийн олон оронд Тогооч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн хоолны нийгэмлэгүүдийн холбооноос 2004 онд санаачлан тэмдэглэх болсон энэхүү баярыг тохиолдуулан Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч М.Баасандоржтой ярилцлаа.

Тогоочийн мэргэжил бол дэлхийд хамгийн эрэлттэй, хамгийн эртний мэргэжилд тооцогддог билээ.

-Юуны өмнө танд Дэлхийн тогооч нарын баярын мэнд хүргэе?

-За баярлалаа. Мянга мянган тогооч, хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг холбооны дэмжигч гишүүддээ Олон улсын хоол үйлдвэрчдийн болон хоол үйлдвэрийн салбарын ажилчдын мэндийг хүргэе.

Монголын тогооч нарын холбоо 1993 онд буюу нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих үед нийгмийнхээ хариуцлагыг хүлээж, Монголын хоол үйлдвэрлэлийн салбарыг авч явах том холбоо болж үүсгэн байгуулагдсан. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжээд хамгийн түрүүнд нийтийн хоолны газар хувьчлагдсан. Өөрөөр хэлбэл, төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр хувийн хэвшилд шилжсэн. Энэ үед эрх зүйн хувьд ч, тоног төхөөрөмж, хоолны жор технологийн хувьд ч шууд шинэчлэгдэж эхэлсэн.

-Танай холбоо одоогоор хэдэн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд олон шинэчлэл өөрчлөлт явагдсан байх даа?

-Мэдээж шинэчлэлт өөрчлөлтүүд маш их хийсэн. Одоогийн байдлаар холбоо маань 80 мянган гишүүнтэй, 120 мянган гишүүн дэмжигчидтэй, үндэсний хэмжээний холбоо болж өргөжин тэлсээр байна. Миний бие Дэлхийн тогоочдын холбоонд Монголыг төлөөлсөн жинхэнэ гишүүнээр ажилладаг. Орон нутгийн салбар зөвлөл 35 байдаг. Тухайлбал аймаг болгонд манай салбар зөвлөл ажиллаж байна гэсэн үг. Мөн бүх дүүргийг хамруулаад үйл ажиллагаагаа явуулж байна.

20 гаруй жилийн хугацаанд мэдээж хоолны жорын хувьд маш их өөрчлөлт гарсан. Өнөөдөр хэдэн мянган нэртэй хоол, олон улсын нэртэй брэндийн хоол манай улсад орж ирж нутагшжээ. Энэ хугацаанд тогооч мэргэжилтэн бэлтгэхэд манай холбоо өөрсдийн боломжоо дайчлан ажилласаар ирсэн. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч нар ахлах тогооч, мастер тогооч болтлоо өссөн. Ийм мундаг тогооч нарыг бэлтгэж гаргаснаараа бид бахархаж байгаа.

-Ер нь тогооч мэргэжлээр төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна вэ?

-Манайд бүртгэлтэй судалгаагаар тогооч мэргэжлээр 63 мянган хүн төгсжээ. Мөн ганц тогоочдын холбоо биш маш олон сургалтын төв, сургууль тогооч мэргэжилтэн, технологич мэргэжилтэн бэлтгэж гаргаж буй учраас яг тэд гэж хэлэх . боломжгүй. Гэхдээ нийгмийн хүрээнд том сүлжээ үүсгэсэн салбар болоод байна. Миний ойлголтоор бол манай тогоочдын холбооны, гишүүд, дэмжигчид нь Монгол Улсын гурван сая иргэн бүгд юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө авхуулаад өнөөдөр төрж байгаа хүүхэд ч бидний хэрэглэгч, үйлдвэрлэгч. Тогооч, технологич мэргэжил бол үргэлж эрэлт ихтэй байдаг. Та бүхэн хараад үзээрэй, ажлын зар дээр тогооч авна гэсэн зар маш олон бий. Өөрөөр хэлбэл манай салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байна. Залуучууд зах зээл дээр эрэлт багатай мэргэжил сонгоод ажилгүй байх нь элбэг. Тэгвэл энэ мэргэжлийн сонирхон суралцаад, ажил төрөлтэй яваасай гэж би залуучууддаа уриалмаар байна.

-Сүүлийн үед хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага ямар байна вэ?

-Нэг хэсэг Европ чиглэлийн хоол үйлдвэрлэл, технологийг их оруулж ирсэн. Харин сүүлийн үед олон улсын болон Азийн хоолны жорыг их нутагшуулж байна. Жишээ нь Солонгос , Хятад, Япон, Итали гэх мэт улсын олон төрлийн хоолыг нутагшуулах ажил маш өрсөлдөөнтэй хийгдэж байна. Мэдээж нийгэм өөрөө өрсөлдөөний талбар учраас дан ганц манай холбоо гэвэл учир дутагдалтай.

Сүүлийн таван жил дүү холбоод олон гарч ирсэн. Өнөөдөр яг хоол үйлдвэрлэлийн чиглэлийн 27 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Бид ууган холбооны хувьд Монгол Улсын хэмжээнд хоол үйлдвэрлэлийн, хүнсний аюулгүй байдлын хүрээнд нэгдсэн байдлаар ажиллах нь зүйтэй гээд 2016 онд бүх холбоог нэгтгэх санамж бичиг гаргаад ажиллаж байна. Цаашдаа бидэнд анхаарах зүйл маш олон байна. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах боловсон хүчнийхээ бодлогыг алдсан.

Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах тогооч, технологич нар яг мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа бол боловсролын яаманд харьяалагдаж, бүх сургалтад хамрагдах ёстой. Гэтэл одоо Хөдөлмөрийн яаманд, МСҮТ-ийн журмаар харьяалагдаад явж байна. Өөрөөр хэлбэл энэ сургалтын хоол үйлдвэрлэлийн боловсон хүчний бодлогоо алдсан байна гэж манайх харж байгаа.

Үүнийг нэн түрүүнд засаж залруулах ёстой. Бас мастер тогооч гэж ямар түвшний хүн байх ёстой юм. Мастер тогооч гэдэг нь шагнал биш, мэргэжлийн ур чадварын шалгуур үзүүлэлт байх хэрэгтэй. Ахлах тогооч гэдэг нь ямар байх юм, зүгээр зэрэгтэй тогооч, технологичид гэж ямар түвшинд байх ёстой вэ гээд зэрэг дэвийн хувьд цэгцлэх асуудлууд байна.

-Хоол хүнсний нэр төрөл олшрохын хэрээр хүнсний аюулгүй байдал чухлаар тавигдана. Үүнд хууль журам гэхээсээ илүүтэй тогтсон стандартаа баримтлах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хоолны жор технологийн асуудлыг цэгцлэх цаг болсон. Хамгийн сүүлд 1980-аад онд гаргасан мянган хоолны жор гэсэн стандарт байдаг. Үүнээс хойш ямар ч стандарт гаргаагүй. Мэргэжлийн хяналтын байгууллага нэг хоолны стандартыг шалгая гэхэд барих стандарт алга. Гэтэл 1990-ээд оноос хойш маш олон төрлийн хоол орж ирсэн.

Жишээ нь, Хятад, Солонгос, Япон улсын маш олон төрлийн хоол үйлдвэрлэж иргэддээ үйлчилж байна. Үүнийг Монголд барих стандарт гэж алга. Энэ олон төрлийн хоол нь Монгол хүний био организмд таарах уу, үгүй юу гэдэг жор, технологи алдагдсан. Иймээс бид дуу хоолойгоо гаргаж ажиллаж байна.

-Хоолны жор технологи стандарт алдагдсан гэж байна. Тэгвэл хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Ерөнхийдөө Европ чиглэлийн болон Хятад, Солонгос хоол нь ийм ийм төрөлд нь орно. Монголд нутагшуулахын тулд жорыг нь ингэж өөрчлөх юм байна гэх мэтээр манай холбооны эрдэмтэн болон зөвлөлүүд судалгаа хийгээд явж байна Гагцхүү төрийн дэмжлэг дутаж байна Эргээд тэр стандартыг нутагшуулах батлах хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байна. Түүнээс биш судалгаа шинжилгээ болон боловсон хүчний судалгаа хийгдсэн.

Мөн тоног төхөөрөмжийн хувьд өөрчлөлт шинэчлэлийг хиймээр байна. Жишээ нь Шангри-Ла ресторан, гадаадын салбар ресторанууд тоног төхөөрөмж дэлхийн жишигт ойртсон гэж үзэхэд хөдөөгийн нэг сургуулийн дотуур байр цэцэрлэгийн цайны газрын стандарт тэс өөр. Бараг л монгол аргаараа ил гал дээр хоол хийж байна шүү дээ. Үүнийг улсын хэмжээнд асуудал болгож шийдэх цаг болсон гэж бодож байна.

Зураг