Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сараас нийтийн тээврийн автобусуудад ХОРТ УТАА ШҮҮХ төхөөрөмж суурилуулахаар боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах ажлыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас санаачлан хийж байна.

Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологийг “ЖАЙКА”-гийн буцалтгүй тусламжаар нэвтрүүлэхээр болж байна.

Ирэх сараас эхний ээлжинд 20-30 нийтийн тээврийн автобусанд төхөөрөмжийг суурилуулах юм байна. Цаашид төрийн өмчит компанийн автобуснуудад нэвтрүүлэхээс гадна энэ төрлийн төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж үзэхээр боллоо.
Энэхүү төхөөрөмж нь Улаанбаатар хотод хийгдсэн туршилтаар РМ хөө болон хүхэр ихтэй түлшний тортогийг 80-аас дээш хувиар бууруулж байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд хүйтний улиралд тэсвэртэй, элэгдэл багатай, олон жилийн туршид ашиглах боломжтой зэргээрээ давуу талтай аж.

PM буюу агаар бохирдуулагч тоосонцрын асуудал нийслэл хотод тулгараад байгаа шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобуснууд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд хүний амьсгалах түвшинд ялгардагаараа хор хохиролтой гэдгийг албаныхан хэлж байв.

 

Эх сурвалж: ЗТХЯ