Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг 34 минут хүлээлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Гадаадын удирдагчидтай уулзахдаа цаг барьдаггүйгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хагас цаг гаруй хүлээлгэсэн байна.

Владивосток хотноо Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож байгаа хоёр удирдагч Лхагва гарагийн 13:00 цагт уулзах төлөвлөгөөтэй байсан гэнэ. Алс Дорнодын Холбооны Их сургуулийн уулзалтын танхимд Мүүн Жэ Ин яг цагтаа ирсэн бол ОХУ-ын ерөнхийлөгч 13:34 цагт ирсэн байна.

Мүүнтэй хамт түүний туслахууд, гадаад хэргийн сайд Кан Кюн Ва, сангийн сайд Ким Дон Ён зэрэг хүмүүс Путиныг хүлээцгээжээ.

Гэвч Оросын тал ерөнхийлөгчийнхөө саатсан шалтгааныг огт тайлбарлалгүйгээр уулзалтыг эхлүүлсэн байна.

Владимир Путин 2014 онд Германы канцлерь Ангела Меркелийг дөрвөн цаг хүлээлгэж байсан бол өнгөрсөн онд Японы ерөнхий сайд Шинзо Абэг хоёр цаг хүлээлгэж байв. Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэтэй 2013 ба 2016 онуудад хоёр удаа уулзахдаа аль алинд нь цагаасаа хоцорч ирж байжээ.

Хөх ордны албаны хүн энэ талаар “Бид энэ удаад ч ерөнхийлөгч Путиныг хоцроно гэсэн хүлээлттэй байсан тул гайхаагүй” гэж тайлбарласан байна.

Жич: Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Владимир Путин хоёр цаг хүлээлгэж байсан нь мөн дээд амжилтуудын нэгэнд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Korea Times