Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Уганда улсын засгийн газар порнографтай ширүүн тэмцэл явуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Уганда улсын этикийн асуудал хариуцсан сайд

Үндэснийхээ соёлыг хамгаалах, ёс суртахууныг нийгэмд төлөвшүүлэхийн төлөө Африкийн Уганда улс эрчимтэй тэмцэж байгаа. Тэгвэл тэд саяхан энэ зорилгодоо хүрэх томоохон алхам хийсэн нь жилийн хагас сая ам.долларын төсөвтэй, есөн гишүүн бүхий порнографтай тэмцэх хороог байгуулсан явдал юм.

Өнгөрсөн сарын сүүлээр уг хорооны гишүүд нийслэл Кампалад тангараг өргөж, ажилдаа оржээ. Шинэ байгууллага нь 30-40 ажилтантай байх ба орчин үеийн техник ашиглан зүй бус агуулгатай материалуудыг гар утас, компьютер, телевизээр дамжуулахад хяналт тавих гэнэ.

Тэр ч байтугай хүмүүсийн хооронд дамжиж байгаа мессэжийн “сэкс” агуулгад хяналт тавьж, зөрчил гаргасан иргэнд шийтгэл оноох эрхтэй байна гэжээ.

Өнгөрсөн онд Угандагийн эрх баригчид Өмнөд Солонгосын компаниас $88,000-ын үнэтэй порнограф агуулга илрүүлэгч систем худалдаж авч байгаагаа зарлаж байв. Угандагийн Этикийн асуудал хариуцсан сайд Симон Локодо хэдийгээр саатал гараад байгаа ч удахгүй уг систем бэлэн болно гэж саяхан мэдээлжээ.

Локодо сайд уг системийг Угандагийн хамгийн том ёс суртахууны өвчин болоод байгаа порнографийн тархалтыг зогсооход туслана гэж хэлсэн юм. Тэр бас мансууруулах бодис, насанд хүрээгүйчүүдийн жирэмслэлт, ижил хүйстний харилцаа, үр хөндөлт зэрэг үзэгдлүүдийн гол буруутан порнограф гэж дүгнэсэн байна.

Уганда улс 2014 онд анх удаа Порнографийн эсрэг хуультай болсон юм. Үүний дараахан ижил хүйстнүүдийн эсрэг хууль баталж, бэлгийн цөөнхийг гэмт хэрэгтэнд тооцох болсон. Бас ижил хүйстнүүдийн харилцааг илрүүлж, цагдаад мэдээлж байхыг бүх иргэдийн үүрэг болгосон юм.

Энэ оны долдугаар сард төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүдийг богино банзал өмсөх, цээж задгай хувцаслах, хумсаа тодоор будахыг хориглосон байна.

Гэвч Угандагийн олон нийт засгийн газрынхаа ёс суртахууны асуудалд хэт улайрч байгааг шүүмжлэн, үүнээс илүүтэй ядуурал, авлига, эрүүлийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлуудад анхаарал тавихыг шаардах болжээ.

Харин төв Африкийн энэ улсын эрх баригчид ёс суртахуунтай нийгэм байгуулахын төлөө бүхнийг зориулахад бэлэн гэдгээ харуулсаар байна.

 

Эх сурвалж: Quartz