Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Аун Сан Су Чи анх удаа ам нээхдээ Мьянмарын хямралын тухай худал мэдээ цацагдаж байгааг шүүмжлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Мьянмарын дефакто удирдагч гэгддэг Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи өөрийнх нь улс оронд болж байгаа муслим иргэдийн эсрэг цэргийн ажиллагааны талаар өчигдөр буюу Лхагва гарагт анх удаа ам нээжээ.

Тэрээр 125,000 Рохинжа муслим цөөнх хөрш Бангладеш руу дүрвэсний дараа мэдэгдэл хийхдээ дэлхий даяар “худал мэдээллийн асар том мөсөн уул” бий болж, бодит байдлыг гуйвуулж байгааг шүүмжилсэн байна.

Өнгөрсөн сарын 25-наас Мьянмарын Рахин мужид тогтворгүй байдал бий болж, тэнд амьдардаг муслим цөөнхийг “цэвэрлэх ажиллагааг” Буддист хүн ам голлодог Мьянмарын эрх баригчид явуулж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.

Тэгвэл Сан Су Чи дэлхий дахинд тарж байгаа мэдээллийг “үндэстэн хоорондын харилцаанд асуудал үүсгэхээр зориуд зохион байгуулагдсан, террористуудын ашиг сонирхлыг дэмжих зорилготой” гэж тодорхойлжээ.

Сүүлийн өдрүүдэд Нобелийн шагналт эмэгтэйг хавчигдан гадуурхагдаж байгаа Рохинжа хүн амыг өмгөөлж, хамгаалахыг уриалсан шахалт шаардлага нэмэгдэх болсон.

Хэдийгээр Сан Су Чи ийм тайлбар хийж байгаа ч хүний эрхийн байгууллагууд Мьянмарт үндсэрхэг үзэл газар авч, муслим цөөнхийг газар нутгаасаа цэвэрлэх бодлого хэрэгжиж байгааг сүүлийн хэдэн жилийн турш мэдээлсээр байгаа юм.

Сан Су Чигийн мэдэгдлийн дараа Рохинжа муслимуудын эсрэг цэргийн ажиллагааг буруутгах дэлхий нийтийн тэмцлийн нэг гол тэргүүлэгч Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган түүнтэй утсаар ярилцсан байна. Сан Су Чи албан ёсны фэйсбүүк хуудсандаа гаргасан мэдэгдэлд “Терроризм бол Мьянмарт шинэ үзэгдэл. Гэхдээ засгийн газар үүнийг Рахин муж даяар өргөжүүлэхгүй байхын тулд бүхнийг хийж байгаа” гэжээ.

Өнгөрсөн хугацаанд амиа алдсан Рохинжа хүмүүсийн тоо хэдэн зуугаар яригдаж байгаа ба Бангладешийн хил дагуу амьдардаг эдгээр хүн амын 60,000 орчим орон гэрийг галдан шатаасан болохыг хиймэл дагуулаас авсан зураг баталж байна.

Өнгөрсөн Мягмар гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Мьянмарт үндэстний цэвэрлэгээ, бүс нутгийн тогтворгүй байдал үүсч болзошгүй байгааг анхааруулсан нээлттэй захидал бичсэн юм.

Хоёр долоо хоног орчим үргэлжилж байгаа хямралыг эцэстээ “хүмүүнлэгийн гамшиг” болохоос сэргийлж, НҮБ-ын аюулгүйн зөвлөл анхааралдаа авахыг Гутерреш уриалжээ.

 

Эх сурвалж: AFP