Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Манай гарагийн хамгийн их ад үзэгдсэн хүмүүс болох Рохинжа үндэстнүүдийн тухай

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд өмнөд Азийн Мьянмар улсад болж байгаа үйл явдлын талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд дамжуулсаар байна. Буддист хүн ам голлодог Мьянмарын засгийн газар тус улсад оршин суудаг Рохинжа хэмээх муслим цөөнхийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Амьдрах газар нутаггүй болж, олноор хядуулж байгаа эдгээр хүмүүсийн тухай танилцуулж байна.

 

Рохинжа гэж хэн бэ?

Дэлхийн хамгийн их гадуурхагдсан угсаатан гэгдэж байгаа Рохинжа хүмүүс нь Мьянмарын үндэсний цөөнхөд тооцогддог, 1.1 сая хүн амтай.

Тэд Мьянмарын баруун хойд Рахин мужид Буддистуудтай зэрэгцэн амьдардаг юм. Рохинжа хүмүүс өөрсдийгөө энэ нутагт олон зууны өмнө ирсэн Перс эсвэл Араб худалдаачдын үр сад гэж үздэг. Буддист хүн амаас ялгаатай нь тэд Бангладешийн Читтагонг нутгийн аялгатай Бенгал хэлээр хоорондоо ярьдаг.

Мьянмарын эрх баригчид тэднийг хууль бус дүрвэгчид гэж үзэн системтэйгээр ялгаварлах бодлого баримталдаг юм. Рохинжа хүмүүс иргэншилгүй, шилжилт хөдөлгөөн хийх, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол зэрэг бусад нийгмийн үйлчилгээ авах ямар ч эрхгүй амьдардаг.

 

Одоо тэнд болж буй үйл явдал

Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд зэвсэгт этгээдүүд Рахин мужийн орон нутгийн цагдаагийн газарт халдсанаар асуудал үүссэн гэдэг. Үүний хариуд зэвсэгт хүчин, Буддист бүлэглэлүүдийн хамтаар Рохинжа хүмүүсийн эсрэг цэвэрлэх ажиллагаа эхлүүлжээ.

 

Тэндээс зугтаж ирсэн хүмүүсийн гэрчилж байгаагаар цэргүүд тосгодыг галдан шатааж, иргэдийг нь хядаж байгаа гэнэ. Үүнийгээ тэд Рохинжа дээрэмчдийн Будда, Хинду шашинтнуудын эсрэг үйлдсэн хэргийн хариу шийтгэл гэж нэрлэж байгаа ажээ.

 

Хэчнээн хүн хэлмэгдсэн талаар

Мьянмарын хүчнийхэн нийтдээ 400 хүн алагдсан гэж мэдээлж байгаа ч бодит тоо тодорхойгүй. НҮБ-ын тоо баримтаас үзвэл 123,000 хүн хөрш Бангладешт зугтаж ирсэн байна.

Ширэнгэ ой, өндөр уулс, гол усыг туулан өвчтэй, сумны шархтай олон мянган хүн Мьянмараас ирсээр байгаа юм.

Бангладешийн Кутупалонг, Наяпара дахь хуарангуудад 30,000 гаруй хүн толгой хоргодож байна. Үүнээс гадна олон мянган хүн эзгүй газар, тосгодод түр орогнож байгаа юм.

Мөн мянга мянган Рохинжа хүмүүс хоёр орны хил дагуух ууланд бүгж байгаа, тэдний ямар байдалтай байгаа нь мэдэгдэхгүй байна. Дахиад 400,000 хүн сөргөлдөөний бүсүүдэд хашигдаж, дүрвэх боломжгүй гацаад байна гэсэн тоог тусламжийн байгууллагууд гаргажээ.

НҮБ-ын тусламжийн байгууллагын төлөөлөгчдийг Мьянмарын эрх баригчид Рахин мужид нэвтрүүлэхгүй байгаа юм.

 

Өмнөх түүх юуг өгүүлнэ вэ?

Олон арван жилийн туршид Рахин мужид үндэстэн хоорондын зөрчил байсаар ирсэн ба үе үе хүчирхийлэл гардаг. Өнгөрсөн оны аравдугаар сард есөн цагдаа зэвсэгт этгээдүүдэд алагдсаныг муслимууд үйлдсэн гэж засгийн газар зарласан байгаа. Үүнээс үүдэлтэйгээр 87,000 рохинжа муслим хүн Бангладеш руу дүрвэж, тэдний амьдарч байсан газарт цэргүүд байрлажээ.

Өнгөрсөн сард энэ мужид засгийн газрын цэргүүдийн тоог нэмэгдүүлсэн нь хүчирхийлэл өргөжихөд хүргэсэн юм. Рахинд Рохинжагийн Аракан Аврах Арми нэртэй зэвсэгт байгууллага нууцаар үйл ажиллагаа явуулдаг. Тэд өөрсдийгөө дарлагдсан угсаа нэгтнүүдийгээ хамгаалах үүрэгтэй гэж зарладаг ажээ.

 

Мьянмарын засгийн газрын байр суурь

Мьянмарын эрх баригчид Рохинжагийн зэвсэгт бүлэглэлийг Буддист, Хиндуист иргэдийг алж хядан, гэр орныг нь түймэрддэг террористууд гэж үздэг.

Гэвч Рахин мужид гадны хүнийг нэвтрүүлдэггүй тул бодит байдал ямар байгааг мэдэх боломжгүй. Тэд олон улсын тусламжийн байгууллагынхныг террористуудын хамсаатнууд гэж буруутгах нь бий. Үндэс угсаагаар нь цэвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэдэгтэй Мьянмарын тал санал нийлдэггүй. Өнгөрсөн зургаадугаар сард НҮБ-ын шинжээчдийн баг засгийн газрын цэргүүд Рохинжа иргэдийг алж, хүчирхийлж, тамлан зовоож байгаа тухай мэдээллийг шалгах хүсэлт тавихад тэд зөвшөөрөөгүй юм.

 

Аун Сан Су Чи яагаад чимээгүй байна вэ?

Нобелийн шагналт хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Су Чиг төрийн эрхэнд гарахад тус улсын үндэстэн хоорондын асуудлыг зохицуулна гэсэн итгэл төрж байв. Гэвч тэр одоогоор Рохинжа хүмүүсийн эсрэг явуулж байгаа цэвэрлэгээний талаар огт ам нээхгүй байна. Олон улс орнууд, хүний эрхийн байгууллагууд түүнээс арга хэмжээ авахыг шаардаж байгаа.

 

Өнгөрсөн онд тэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннанаар удирдуулсан шинжээчдийн багийг ажиллуулахаар болсон ч эцэстээ үр дүнд хүрээгүй замхарсан юм.

Хэдийгээр Аун Сан Су Чи төрийн зөвлөхийн албан тушаал хашиж байгаа ч парламентын суудлын 25 хувийг эзэлдэг нөлөө бүхий цэргийнхнээс болгоомжилж байгаа гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнтэй адил Нобелийн энх тайвны шагналт, Пакистан гаралтай Малала Юсуфзай Мьянмарын улс төрч эмэгтэйд хандан Рохинжа хүмүүсийг хамгаалахад анхаарахыг хүссэн ч одоо болтол хариу өгөөгүй байгаа юм.

Мөн Исламын ертөнцийн Иран, Турк, Индонези зэрэг орнуудын удирдагч нар Мьянмарт болж буй үйл явдлыг зарим нь “геноцид” хэмээн нэрлэж, эрх баригчдын цэргийн ажиллагааг шүүмжилсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.