Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тарваган тахлын ТОХИОЛДОЛ БА ХАРИУЦЛАГА

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байна.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. 

Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна.

Тарваган тахлын тохиолдол

Энэ оны наймдугаар сарын 24-нд Ховд аймгийн Жаргалант сумын төвд нэг хүн тарваган тахал өвчнөөр өвчилж тусгаарлагдан, эмчлүүлж буй.

Өвчтөн өөрөө эмнэлэгт эрт хандсан, мөн эмнэлгийн тусламж цаг алдаагүй учир өвчтөний биеийн байдал сайжирч байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хэллээ.

Он гарсаар тус төвд тарваган тахлын 7 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нь батлагдаад байгаа нь энэ аж. 

Тиймээс тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-өөс урьдчилан сэргийлэлтийн талаар сургалт, сурталчилгааг хийж ажиллаж байгаа гэв. Мөн Нийслэл хот руу орж ирж байгаа автомашинуудыг шалган нэвтрүүлэх товчоогоор орох үед шалгаж байгаа юм.

Тарваган тахлын голомттой аймгууд

Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Эдгээрээс 80 сумын голомт идэвхтэй байдаг байна.

 

Халдвар хэрхэн дамжих вэ?

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг

  • Гэнэт өндөр халуурах,
  • толгой хүчтэй өвдөх, эргэх,
  • дотор муухайрах, бөөлжих,
  • тайван бус болж, нойргүйтэх,
  • арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх,
  • амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх,
  • ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах,
  • хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах,
  • заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт

Тарвагыг хууль бусаар агнах, агнасан тарвагыг зарах, хадгалах, тээвэрлэх; махыг хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтнийг эмчилгээний зорилгоор ашиглах зэрэг нь ТАРВАГАН ТАХАЛ өвчнөөр өвдөх ӨНДӨР ЭРСДЭЛИЙГ дагуулж байдаг байна.

Иймд иргэд:

  • Тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй хавьтахдаа анхаарал болгоомжтой хандах,
  • Мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй,
  • Тарваганы бөөс, бүүрэгт хазуулахгүй байх,
  • Нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үед арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулбал мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.

Хүлээлгэх хариуцлага

Хэрэв тарваганы махыг их хэмжээгээр тээвэрлэсэн, хууль бусаар агнасан, худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 буюу Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйл заалтуудаар хариуцлага хүлээлгэх юм.

7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих

1.Хугацаадууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг:

1.1.ашигласан;

1.2.барьсан;

1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.