Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зууны тулаанд Мэйвезэр ялж, 50 ялалтаар спортын замналаа өндөрлөв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Удтал хүлээгдсэн тулааны спортын хоёр өөр төрлийн мастеруудын тэмцээн амжилттай өндөрлөлөө. Мэргэжлийн боксын дүрмээр явагдсан тэмцээний эхний 3 үед холимог тулааны мастер Конор Макгрегор илүүрхэж байсан ч дөрөвдүгээр үеэс Мэйвезэр чангарч, тоглолтын санаачилгыг авсаар 10 дугаар үед техникийн нокаутаар ялалт байгууллаа. Олон удаа хүнд цохилт авсан Макгрегорыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн шүүгч тулааныг зогсоосон юм.

Тулаанд мэргэжлийн боксын аварга Флойд Мэйвезэр ялж, 50:0 гэсэн ялалт, ялагдлын харьцаатайгаар спортын замналаа өндөрлөлөө. 2015 оноос хойш дэвжээн дээр гараагүй байсан 40 настай боксчин ялсныхаа дараа энэ түүний сүүлчийн тулаан гэдгийг мэдэгдлээ.

Харин 29 настай Ирланд эр өсвөр наснаасаа хойш анх удаа мэргэжлийн боксын дэвжээнд гарч тулалдсан нь энэ юм.

Макгрегорын хувьд мэргэжлийн боксын дэвжээ, бээлий, дүрэм, хугацаа гээд олон зүйл хүнд сорилт болсон нь тодорхой. Холимог тулаан 5 минутын үргэлжлэх хугацаатайгаар 5 үе хүртэл үргэлжилдэг бол мэргэжлийн бокс 3 минутын 12 үетэй юм.

Тиймээс Макгрегорын хүч чадал тэмцээний сүүл рүү барагдаж байгаа нь илт харагдаж байв.

Хоёр жилийн өмнө зодог тайлаад байсан Мэйвезэрийг эргэн дэвжээн дээр гарахад хүргэсэн хүчин зүйл нь их хэмжээний мөнгөн шагнал байлаа.

Нийт орлого нь хагас тэрбумыг даваад байгаа энэ тулаанд өрсөлдөгчид зөвхөн оролцсоныхоо төлөө $300 саяыг хуваан авч байгаа юм. Тиймээс Америк, Ирланд тулаанчдын зөвхөн энэ тэмцээнээс олох орлого тус тусын хөрөнгийн хэмжээг нь эрс нэмэгдүүлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The New York Times