Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Финландад гарсан хутгатай халдлагын улмаас 2 хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Финландын баруун өмнөд хэсгийн Турку хотод хутгаар зэвсэглэсэн этгээд гудамжинд явсан иргэд рүү довтолж, хоёр хүний амийг хөнөөн, зургаан хүнийг шархдуулсан байна.

Хэргийн газарт хэдхэн минутын дотор ирсэн цагдаа нар халдлага үйлдэгчийг буудаж шархдуулаад баривчилжээ.

Хэргийн дараа гудамжийг хаасан ч удалгүй нээж, хэвийн горимд оруулсан байна. Хохирогчид бүгд насанд хүрэгсэд байсан ба шархдсан хүмүүсийн гурав нь эрчимт эмчилгээ хийлгэж байгааг цагдаа мэдээлжээ. Тэдний нэг болох эмэгтэй хүзүүндээ хэд хэдэн удаа хутгалуулсан байжээ.

Финландын дотоод хэргийн сайд Паула Рисико баригдсан этгээдийг “гадаад төрхтэй” гэж тодорхойлоод урд өдөр нь Испаний Барселонд 14 хүний аминд хүрсэн аллагатай холбоотой байх магадлалтайг мэдээлжээ.

Гэхдээ халдлагыг терроризм гэж нэрлэхэд эрт байгааг мөн хэлсэн байна.

Баасан гарагийн өдрийн 16:02 цагт цагдаад мэдээлэл ирсэн бол 16:05 цагт халдлага үйлдэгчийн гуянд буудаж шархдуулаад баривчилсан гэнэ.

Хэрэг явдалтай холбоотойгоор Финланд даяар хамгаалалтыг чангатгаж байгаагаа ерөнхий сайд Жуха Сипила мэдэгджээ. Европын Коммиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер “Испанид гарсан аймшигт аллагаас ердөө 24 цагийн дараа дахин халдлага гарсанд гүнээ эмгэнэн гашуудаж байгаа”-аа илэрхийлсэн байна.

Финланд улсад өмнө нь жихадистууд халдлага үйлдэж байгаагүй ч хэд хэдэн зэвсэгт аллага гарч байсан юм. Хамгийн сүүлд 2016 оны арванхоёрдугаар сард зүүн өмнөд Финландад ресторанаас гарч явсан гурван эмэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарч байв.

Мөн 2007, 2008 онуудад сургуулийн байруудад хүмүүсийг бөөнөөр буудаж хороосон хэргүүд гарч байжээ.

 

Эх сурвалж: BBC