Замын хөдөлгөөний Удирдлагын төв дээр очиж Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн гар тийш эргэхгүй болсонтой холбоотой ямар өөрчлөлт гарсныг тодрууллаа. Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн дүрэм замын түгжрэлийг хэр бууруулж байгаа тухай Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм.
Ц.Амарбаясгалан “2017 оны наймдугаар сарын 15-наас эхлээд нийслэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд 7 уулзварт зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хориглосон.
Өглөө ажил эхлэх буюу 07:40-09:40-ийн хооронд нэлээн ачаалал авдаг байсан бол эхний гурав хоногийн байдлаар энэ цагт ачаалал бага байлаа. Ялангуяа I төрөх эмнэлгээс урагш эргэдэг зам, 103-аас урагш эргэдэг замд ачаалал нэмэгдэх болов уу гэтэл харьцангуй ачаалал багатай байна. Хоёрдугаарт бид замын хөдөлгөөний хяналтын камерын төхөөрөмжөөс харахад хөдөлгөөний эрчим, хурд сайтай байна.
Оройн цагуудаар буюу 17:00-19:00, 19:00-21:00 цагуудад Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний эрчим нэлээн удааширч байсан бол эхний гурван өдрийн байдлаар 20:00 цаг гэхэд хөдөлгөөн хэвийн байдалдаа орсон эерэг үзүүлэлт гарсан.
Хөдөлгөөний эрчим сулруулж буй хэд хэдэн шалтгаан байна. Үүний нэг нь жолооч нар хуучин зүүн эргэдэг байсан уулзварууд дээр гэрлэн дохио хүлээж зогсох асуудал. Тийм учраас Замын цагдаагийн албанаас тухайн цэгүүд дээр зохицуулагч цагдаа нар ажиллуулж, тээврийн хэрэгслийг шулуун явуулж байна.
Зүүн эргэхгүй болсноос хойш эхний гурав хоногт замын ачаалал 5-6 хувь буурсан” гэв.