Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Туул гол Улаанчулуутын ХОГИЙН ЦЭГ БИШ

Б.Даваахүү
2017 оны 8 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Урин дулааны улиралд нийслэлчүүд Туул голын эрэг орчимд амарч зугаалдаг. Гэвч, голын эрэг орчимд орох гарах гарц, зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар байхгүй учир эдүгээ “Хатан Туул” маань хогийн цэг болж хувираад байгаа юм. Хайхрах эзэнгүй, сайн дурынхнаас өөр цэвэрлэх хүнгүй болохоор төрөөс оновчтой шийдвэр, бодлого нэхэж байна. Тиймээс энэ асуудлыг хөндөн “Монголын мэдээ” сонин “Дугаарын сурвалжилга”-аа бэлтгэлээ.

Хогон дундах амралт

Үд хэлбийсэн үе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын өмнөд эрэг хөл хөдөлгөөн ихтэй. Төрөл бүрийн маркийн машинууд хааш яаш байрлах бөгөөд тэдгээр машинуудын сүүдэрт хүмүүс хэсэг бүлгээрээ тойрон сууж, зарим нь өмсөж ирсэн хувцсаа өдрийн ажлын ачаалалтайгаа хамт тайлж орхиод нарны илчинд бүлээссэн голын усан дотор чанга чанга инээлдэн нэг нэг рүүгээ ус цацан хөгжилдөх аж.

Харин зарим нь хөзөр тоглож, нэгнийхээ яриаг чих тавин чагнаж, үе үехэн инээх бол зарим нь голын эргийн бүлээссэн чулуунд дэвссэн гудсан дээр дээш харан хэвтэж байлаа. Гэвч, хаа сайгүй хог. Голын эрэг хавиар, бургасны орчимд, тэр бүү хэл гол дотор хог хөглөрнө. Салхи үл ялиг сэвшин үлээх тоолонд хаа нэгтэйгээс муудсан махны өмхий, гашилсан, нэхшсэн зүйлийн таагүй үнэр хамар цоргиж байлаа. Гэсэн ч, амрагчид тэр үнэрийг үл хайхрах ажээ.

Голын уснаас таван алхмын зайд байрлуулсан суудлын машиныхаа сүүдэрт өнөөх өмхий үнэрийг үл тоон усны урсгал харан үдийн цайгаа ууж суух нэгэнтэй ч таарсан юм. Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Мөнхтамир гэх хөрслөг бор царайтай залуу ажлын ачааллаа тайлж, түрхэн ч атугай хотын их чимээнээс холдохын тулд тэнд очжээ. “Туулын эрэгт хааяа ирж амардаг. Гэхдээ энд бол анх удаагаа л ирж байна” хэмээн аядуу намуухан дуугаар ярих тэр залуу тулгарч буй бэрхшээлийн тухай ярихдаа “Хог, хаягдлын асуудал хүнд байгаа. Шууд хүний ухамсаргүйгээс гэж хэлж чадахгүй нь.

Хогоо ил задгай хаях, ууталсан атлаа амарсан газраа орхиод явах нь хүний ухамсаргүй, хариуцлагагүй байгаатай л холбоотой. Гэхдээ хог хаях нэгдсэн цэг байгуулчихвал амрагчид ил задгай хог хаяхаа болих байх гэж бодож байна. Ер нь аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Хоггүй л байвал өөр асуудал уг нь алга даа” хэмээлээ.

Түүнээс хоёр алхмын зайд мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Даваалхагва гэр бүл, найз нөхдийнхөө хамт байрлажээ. Голын усанд гурван настай болов уу гэмээр бяцхан охиноо тоглуулж байгаад эрэг дээр дөнгөж гарч ирмэгц нь өнөөх хог хаягдал, түүний гарц шийдлийн талаар ямар бодолтой байгааг нь тодрууллаа.

Тэрбээр “Голын эрэг орчмоор хогийн сав байршуулчихвал уг нь зүгээр байна. Хогийн савтай болчихвол ядаж ойр орчмын хогны асуудал цэгцрэх байх. Гэхдээ хэн цугласан хогийг зөөж хаях вэ гэдэг бас асуудалтай. Өдөртөө л дүүрэх болов уу. Нөгөөтээгүүр, иргэд ухамсаргүй байна. Аваад ирж болсон юм чинь хогоо буцаагаад аваад явж яагаад болохгүй гэж” гэлээ. Ийн хэлэхэд нь саяхан л гол дотор тоглон инээж байсан түүний царай барайж, яриа нь түргэсэж, дуу нь чангарч байсан юм.

Б.Даваалхагвынхны байрласан газартай бургас хаяа дэрлэх бөгөөд тэр хэсгээс “хогийн цэг” эхэлнэ. Угтаа Туул голын эрэг орчимд тусгайлсан хогийн цэг гэж үгүй. Гэвч, бургастай хэсэг тэрхүү “хогийн цэг”-ийг орлох болжээ. Ажлын ачааллаа тайлж, усны урсгал сонсон амрах гэсэн хүсэл үнэндээ Туул гол дээр очингуут л эмзэглэл, эгдүүцэл, харамслаар солигдох нь тэр. Туул гол тэр чигээрээ хогонд дарагдаж, тэнд очихын аргагүй муухай болчхож. Болчхож гэж дээ болгочхож.

Өмнө нь хүмүүс буудалласан бололтой шатаж дууссан модны үнс, цагаан гялгар уутанд хийж амыг нь боосон хог, архины шил, том пивоны сав, хөгцөрсөн талх, талласан өргөст хэмх, амны цаас, сүүний сав, нэг удаагийн таваг, хоолны үлдэгдэл, мөлжсөн яс гэх мэт овоолсон хогноос бургас эхэлж байв. Бургасны сүүдэрт бусдын хаясан хогийг дэрлэх шахам ойрхон зайд согтуу эр унтаж байлаа. Түүнээс холгүй зайд нэгэн гэр бүл гудас дэвсэн нарлаж байв. Шуудхан хэлэхэд, тэд хогон дунд амарч байсан юм.

“Хоггүй газар алга”

... Энэ үгийг тортой хувцас гартаа барьж, нэгэн хэвийн хурдан хэмнэлээр алхах Баянзүрх дүүргийн иргэн М.Мөнхбаяр хэлэв. Тэрбээр Туул голын эрэгт амрах санаатай иржээ. Гэсэн ч, хоггүй цэвэрхэн газар хайгаад олоогүйгээ учирлаж байлаа.

М.Мөнхбаяр “Гол дээр ирсэн чинь дан л хог байна. Болиод өөр тийшээ явах санаатай. Уг нь салхинд гарангаа голын захад жаахан хэвтье гэж бодсон юм. Гэтэл хог ихтэй болохоор суух газар ч олдохгүй нь. Үнэр танар нь ч дийлдэхгүй юм байна.

Сая нэг газар жаахан суух гэсэн нил хог. Уг нь сайн дурынхан, залуучууд зөндөө л цэвэрлэдэг биз дээ. Яг хаагуураа цэвэрлээд байдаг юм бол. Иргэдийн ухамсар үнэхээр муу байна” гэж яваан дундаа ярьсаар голын захаас холгүй тавьсан машин руугаа яарсаар одлоо. Туулын бургасны хэсэгт тав алхаад л овоолсон хог таарах ажээ.

 “Хатан туул”, “Хогон” Туул болж, хэн нэгэн сайн дураараа ирж цэвэрлэхийг хүлээн өмхийрч муудсан хогоо дааж ядан уйтгартайгаар урсана.

Нөгөөх л нэг удаагийн аяга таваг, ариун цэврийн цаас, мөлжсөн яс, сүүний сав, архи пивоны шил гялгар уут, бүр тавчик, гутал, сандаал, эмэгтэй хүний хөхөвч, хэрэглэсэн бэлгэвч гэх мэт хүний санаанд оромгүй элдэв хогийг тэнд хаяжээ. Бургасны гол хэсэгт хаалгыг нь иртэй зүйлээр эвдэж, шатаасан болов уу гэмээр сейф, шар өнгийн чемодан, улстөрчдийн сонгуулиар тарааж байсан сэтгүүл зэргийг ч хаясан байв. Амрагчдын хүндэрсэн ялгадас, хэрэглэсэн ариун цэврийн цаас ч энд тэндгүй хөглөрч байлаа.

“Туулын эрэгт биш хогийн цэгийн хажууд амарч байгаа юм шиг л байна”

Туул голын эрэгт майхнаа хатгаж, ойр орчмын хогийг нь цэвэрлэн хоёр уутанд хийж, майхныхаа хажуугийн бургаснаас дүүжилсэн хосууд мөн тэнд амарч байх аж. Эрэгтэйг нь Н.Эрдэнэдорж гэдэг. Тэрбээр Чингэлтэй дүүргийн иргэн. Найз бүсгүйнхээ хамт голын захад амрахаар сайхан төсөөлөлтэй ирсэн ч, бодсоноос хавьгүй аймшигтай дүр зураг угтсан тухай Н.Эрдэнэдорж хуучиллаа. “Гол орчмын хог хаягдал үнэхээр хэцүүхэн байна.

Бид хоёр энэ хавийн хогийг цэвэрлэсэн юм. Бүгд л амарч байна, гэхдээ хогоо шуудайндаа хийгээд аваачаад хаячих л даа. Туулын эрэгт биш, хогийн цэгийн хажууд амарч байгаа мэт онцгүй санагдаж байна. Гоё газар байна. Гэсэн ч, хог нь дийлдэхгүй юм. Би аймаар газар үзүүлье” гээд тэрбээр майхнаасаа гарч, урагш 10 орчим метрийн зайтай бургас руу алхлаа. Улмаар “Энд хонины мах өмхийрч байна. Салхи салхилмагц үнэр танар нь дийлдэхгүй болж байна” гээд бургас дотор овоолсон хогийг заав.

Түүний хэлсэнчлэн, шар шуудайны хэлтэрхий дээр түүхий махны өөх, шулсан булууны яс, сэмжний өөх, сүүл, хоол амтлагчийн уут тэргүүтнийг хаясан байлаа. Мах, өөх нь ногоорч, ялаанууд дүнгэнэлдэн нисэх бөгөөд ойролцоо мөн тагтаа хөгцөрсөн талхны булан, хоолны үлдэгдлийг тоншиж байх аж. Н.Эрдэнэдорж “Ийм л байна” хэмээн мөрөө хавчиж хэлээд толгойгоо сэгсэрлээ.

Цэвэрлээд байхад л хүчрэгдэхгүй байна гэхээр нийслэлчүүд ямар их тог тарьдаг нь ойлгомжтой болов уу. 

Мөн үргэлжлүүлэн “Зарим нь зориуд хогоо авчирч хаяж байх шиг. Амарч болно, байрласан газраа цэвэрлэчихдэг бол дараагийнх нь хүн ирээд л амарна шүү дээ. Болдог бол машин орж ирдэг замын ойролцоо нэгдсэн хогийн цэг байгуулчихвал асуудал хамаагүй цэгцрэх юм шиг санагдаж байна. Бид хогоо машиндаа өмхийрүүлээд гэртээ аваачиж хаяхгүй нь ойлгомжтой. Ядаж нэг цэг байгуулчихвал ууттай хогоо замдаа шидчихээд явна шүү дээ. Бид соёлт нийгэмд амьдарч байгаа.

Боловсон амьдарч, амрах эрхтэй биз дээ. Хогоо хаяхгүй байх нь иргэний үүрэг. Гэтэл түүнийгээ аваачаад хаях цэг алга. Ядахдаа байрнуудын голд байдаг шиг пункер тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол нийслэлчүүд биднийг ундаалж байгаа энэ гол хогноос болж, ичсэндээ ширгэх вий дээ” хэмээн халаглалаа. Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг.

Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ билээ. Амрагчдын хариуцлагагүй байдал, оновчтой хот төлөвлөлтгүйгээс болж эдүгээ “Хатан туул”, “Хогон” Туул болж, хэн нэгэн сайн дураараа ирж цэвэрлэхийг хүлээн өмхийрч муудсан хогоо дааж ядан уйтгартайгаар урсана. Гэвч, Туулыг зорих хөл тасарсангүй. Машинууд ар араасаа цувран ирсээр байх ажээ. 

БОАЖЯ: Орон нутгийн захиргаа хогийн менежментийг хариуцах ёстой

Туул голын эрэг орчим хогон овоо болж буй эл асуудлыг хэн хариуцаж, хэрхэн шийдвэрлэх талаарх гарц гаргалгааг хайж Байгаль орчин аялал жуулчлалын яамыг зорилоо. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Д.Мягмардорж “Туул голын сав газрын захиргааны оролцоо байх нь байна. Гэхдээ Хог хаягдлын тухай хуульдаа тухайн орон нутгийн засаг захиргаа хогийн менежментийг хариуцах ёстой гэж заасан байгаа. Яам бодлого л тодорхойлно” гэх товчхон хариулт өгсөн юм.

Харин Туул голын сав газрын захиргааны менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяр хогийн цэг, бие засах газар байгуулах нь бидний ажлын чиг үүрэг биш гэх хариулт өгч байлаа. Тэрбээр “Уг нь Туул голын сав газрын захиргааны чиг үүрэг нь хог цэвэрлэх биш шүү дээ. Туул гол Баянзүрх, Хан-Уул зэрэг хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна. Үүнийг нийслэл, дүүрэг хариуцах учиртай. Дүүрэг бүр өөрсдөө ТҮК- тай. Хогны асуудлыг шийдэх боломж бий. Манайд бие засах газар, хогийн цэг байгуулах төсөв ч байдаггүй” гэсэн юм.

Туул голын сав газрын захиргаа нь гурван аймаг, нийслэл хотоор дайран урсах 704 км урт Туулын сав газрын усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй аж. Х.Түвшинбаяр ч тус байгууллага 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, дээр нь голын орчимд хог хаяж, бохирдуулж буй иргэдийг торгох ямар нэг эрх үүрэггүй гэдгийг тодотгож байсан юм.

Гэсэн ч, байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтран нийтийн хог цэвэрлэгээг өнгөрсөн гуравдугаар сараас хойш зохион байгуулжээ. Туул гол дагуу үйл ажиллагаагаа явуулдаг АПУ, III, IV цахилгаан станц, Цахилгаан дамжуулах сүлжээ компани зэрэг 25 байгууллага, аж ахуйн нэгжтэй нийлж, өнгөрөгч гуравдугаар сараас хойш давхардсан тоогоор 54.1 км талбайгаас 200 орчим тонн хог цэвэрлэсэн байна. Энэ ажилд нийтдээ 3,240 хүн оролцжээ.

Мөн Х.Түвшинбаяр байгууллагууд санаачилгаараа хогийн сав тавьдаг ч, ойролцоох айлууд хулгайлах, мал эвдэх тохиолдол гарахаас гадна дүүргүүдийн ТҮК-ийн тогтсон маршрут байдаггүй учраас хогийг зөөж асгахад хүндрэл учирч байгааг учирлаж байлаа.

Дэд хөтөлбөр хэрэгжихийг хүлээх Туул

Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунтай уулзлаа. Тэрбээр 2017-2020 он хүртэлх Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулснаа дуулгасан юм. Тус хөтөлбөр тун удахгүй батлагдах бөгөөд нийтдээ есөн зорилттой гэнэ.

Үүнд, Туул, Сэлбэ зэрэг гол дагуух хэсгийг хог хаягдалгүй болгох, хог хаягдлын менежментийг сайжруулах том зорилт багтаж байгаа юм байна. С.Аригуун хэлэхдээ, “Хөтөлбөрийн хүрээнд эмх замбараатай амралт зугаалгын бүсийг бий болгоно. Машин орж гарах гарцтай болгохоос гадна хогийн зориулалтын цэгийг улирлын чанартай байршуулдаг байх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Ингэснээр тухайн хогийн зориулалтын цэгээс хариуцсан дүүргийн ТҮК маршрутдаа тусгаад долоо хоногтоо эсвэл өдөртөө хогийг нь тээвэрлэчихдэг болох юм.

Хөтөлбөрт тусгагдсаны дагуу тодорхой хугацааны дагуу орон нутгийн төсөвт батлуулсны дараа хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ оны төсөв батлагдчихсан учраас энэ жилийн тухайд хэрэгжих боломжгүй. 2018 оны төсөвт тусгагдчихвал, голын эрэг орчимд бие засах газартай, хогийн цэгтэй болно. Ингэснээр ил задгай хог хаях нь багасах байх. Мөн хүн олноор цуглардаг хэсгүүдийг судалж, тохижилт хийх төлөвлөгөө бий” гэлээ.

Гэхдээ нийслэлээс хэрэгжүүлэхийг зорьж буй хөтөлбөр анхны удаагийнх биш. Өмнө нь 2010 онд “Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх, орчныг нь тохижуулах” төсөл нийслэлийн санаачилгаар хэрэгжиж байсан ч, өнөөдөр 350 метр газар тохижуулсан нэртэй сураг алдарсан юм.

Ямартай ч, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр тун удахгүй батлагдах нь. Гэхдээ ирэх оноос нааш хэрэгжих боломжгүй тул энэ жилдээ Туул гол хайхрамжгүй, хариуцлагагүй иргэдийн хаясан хогонд “дарлуулж”, хэн нэгэн сайхан сэтгэлтэн ирж цэвэрлэхийг хүлээн бүтэн жилийг үдэхээс өөр сонголтгүй аж.

Гэхдээ ирэх оноос нааш хэрэгжих боломжгүй тул энэ жилдээ Туул гол хайхрамжгүй, хариуцлагагүй иргэдийн хаясан хогонд “дарлуулж”, хэн нэгэн сайхан сэтгэлтэн ирж цэвэрлэхийг хүлээн бүтэн жилийг үдэхээс өөр сонголтгүй аж.

Уг нь Туул голын эрэг тусгай хамгаалалтын бүс байх учиртай. Гэтэл дэгсдүүлж хэлбэл, Улаанчулуутын хогийн цэгээс дутах юм алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн дурынхан, албан байгууллага, дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан голын эрэг хавиас хэдэн тонн хог цэвэрлэлээ гэх мэдээлэл өдөр тутамдаа л сонсогддог.

Гэтэл цэвэрлээд байхад л хүчрэгдэхгүй байна гэхээр нийслэлчүүд ямар их тог тарьдаг нь ойлгомжтой болов уу. УИХ-ын хаврын чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуульд хог хаясан хүмүүст хариуцлага тооцох хуулийн “чанга” заалтууд тусгагдсан байгаа.

Тодруулбал, уг хуулийн 41.13 дахь заалтад хог хаягдал хаяж байгаа тухай мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч, тухайн асуудал нь баталгаажсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн хог хаясан байгууллагын торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах урамшууллын системийг тусгаж өгчээ.

Харин иргэн, аж ахуйн нэгжийн хог хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох, нийтийн эзэмшилд зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэхийг хуулиар хориглож өгсөн байна.

Зураг