Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гүнж Мако сүй тавьж байгаагаа долдугаар сарын 8-нд зарлана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин, гүнж Мако их сургуулийн ангийн найз залуутайгаа сүй тавьж байгаагаа ирэх сарын 8-нд албан ёсоор зарлана гэж эзэн хааны ордны захиргаа Даваа гарагт мэдээлжээ.

25 настай гүнж Мако, түүний найз залуу 25 настай Кэй Комуро нар тэр өдөр хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэнэ. Уг нь ирэх намар зарлахаар төлөвлөөд байсан ч гүнжийн эцэг эх нэгэнт олны анхаарлын төвд орсон асуудал тул хугацааг наашлуулахыг зөвлөсөн гэжээ.

Сүй тавих залуу Комуро нь гүнжтэй Токиогийн Христийн их сургуульд нэг ангид сурч байсан. Одоо тэр Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид сурахын хажуугаар Токиогийн хуулийн компанид ажилладаг юм.

Тэд таван жилийн өмнө танилцсан бөгөөд үүнээс нэг жилийн дараа Комуро гүнжид гэрлэх санал тавьж байсныг ойрын эх сурвалж мэдээлжээ.

Одоогийн эзэн хаан Акихитогийн дөрвөн ач, гуч нараас анхны хүн сүй тавьж байгаа нь энэ юм. Мако гүнжийн жирийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон явдал өнгөрсөн тавдугаар сард олны дунд ил болсон байна.

Одоо Мако гүнж Токиогийн их сургуулийн музейд судлаачаар ажилладаг.

Жирийн иргэнтэй гэр бүл болсноор Мако язгууртны хэргэмээ алдах ба эзэн хааны гэр бүлийн 19 гишүүн нэгээр хорогдож 18 болох юм.

 

Эх сурвалж: Japan Times