Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Оллэ стандартын гол онцлог. Жишээлбэл. Богд ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг. Энэ нь “аялагчид зөвхөн гоё байгальтай газраар алхах дуртай байдаг” гэсэн дэлхий нийтийн нийтлэг хандлагыг өөрчилж, НИТАЖ-ыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна.
Өмнө Япон улсад нээгдсэн. Монгол улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа ба Горхи Тэрэлжийн БЦГ, Богд уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүлсэн байна. 06 дугаар сарын 18, 19-нд Монгол Олле явган аяллын чиглэл нь нээгдэж, хүмүүс алхах ба зөвхөн нээлтийн арга хэмжээнд зориулж Солонгос улсаас 300 гаруй хүн ирж байна. Цаашид зөвхөн энэ замаар алхахаар Солонгос улсаас олон тооны жуулчид ирэх бөгөөд Монголчуудын хувьд мөн адил алхах дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.