Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” тав хоногийн үнэгүй сургалт эхэллээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургалт Нийслэлийн Иргэний танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд, хуучнаар Залуучуудын соёлын төв ордон/ өнөөдрөөс эхэллээ.

Сургалтаар дамжуулан эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгөх юм. 

Мөн хөтөч /Guide/-ийн талаар тодорхой мэдлэгтэй болж,

  • эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах,
  • хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох,
  • аялал жуучлалын хөтөлбөр гаргах,
  • жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох,
  • харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх,
  • эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

С.Сүх-Очир: Хичээлээ огт таслалгүй суусан, ирц сайтай залууст батламж олгоно

 

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аялал жуулчлалын хөтөч бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болоод байна.

Энэ удаагийн сургалтыг анх удаа туршилтаар зохион байгуулж байгаа. Тав хоногийн туршид залуус аялал жуулчлалын салбарт хөтөч гэх ямар мэргэжил байдаг талаар анхан шатны суурь ойлголттой болох юм.

Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон сургалтын төвүүдээс багш нарыг урьж, арга зүйн талаас мэдлэг олгоно.

Сургалтад гадаад хэлний зохих мэдлэгтэй буюу нэгээс доошгүй хэлний мэдлэгтэй залуусыг цуглуулсан байгаа. Хичээлээ огт таслалгүй суусан, ирц сайтай залууст батламж олгоно” хэмээн тайлбарлалаа.

"Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зөв сургалт гэж бодож байна"

 

Суралцагч У.Цэвээндулам “Залууст зориулсан, залуусаа дэмжсэн үйл ажиллагаа, сургалт зохион байгуулж байгаад баяртай байна.

Миний хувьд багш мэргэжлээр сурч байна. Тиймээс зуныхаа амралтаар хөтөчөөр ажиллаж, ярианыхаа чадварыг хөгжүүлэх нь нэлээд үр өгөөжтэй байна гэж үзэж, энэ сургалтад суухаар болсон.

Сургалт хамгийн гол нь үнэ төлбөргүй, батламж олгох юм. Ер нь залуус амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зөв сургалт гэж бодож байна

Энэ сургалтад таван өдрийн турш сууж, анхан шатны мэдлэгтэй болоод цаашид гүнзгийрүүлэн судалж, амралтаараа хөтөчөөр ажиллаж, өөрийгөө олон талаар хөгжүүлнэ гэж төлөвлөсөн байгаа” гэв.

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтад нийт 300 хүн бүртгэж авах төлөвлөгөөтэй байсан хэдий ч өнөөдрийн сургалтад 500 гаруй хүүхэд залуус оролцсон нь энэ салбар ямар эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагчид ярьж байсан юм.

Хүүхэд залуус тус сургалтад идэвхтэй оролцож, цаашид суралцах хүсэлтэй байгаа учраас зургаадугаар сард дараагийн ээлжийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ удаагийн сургалт ирэх сарын 2-ныг хүртэл ажлын 5 өдөрт 15.00-18.00 цагт нийслэлийн Иргэний танхимд явагдах юм.