Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

$10,000 квадриллионы үнэтэй астероидыг NASA судлахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
NASA-гийн илгээх робот хөлгийн дүрслэл

Ангараг, Бархасбадь гарагуудын дундах тойрог замд нарыг тойрон эргэж байгаа Psyche нэртэй астероидыг судлах робот хөлгөө төлөвлөж байснаас эрт илгээхээр болсноо NASA мэдээлжээ.

Psyche нь манай нарны аймгийн онцгой содон биет юм. Тэр 240 км радиустай, бараг бүхэлдээ төмөр, никелээс бүрдсэн эд.

Хэрвээ түүнийг бүрдүүлж байгаа төмөрлөгийн үнэ цэнийг өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр тооцвол $10,000 квадриллион буюу $10,000,000,000,000,000,000 болох юм. Харьцуулбал манай дэлхийн эдийн засаг нийтдээ $74 орчим их наядын үнэлгээтэй билээ. Хэрвээ энэ биетийг хэзээ нэгэн цагт дэлхийн тойрог замд авчирч, олборлож эхэлбэл манай дэлхийн эдийн засагт эргэлт гаргах юм.

Харин NASA анх Psyche руу илгээх хөлгийг 2023 онд хөөргөж, 2030 онд астероидын тойрог замд хүрнэ гэж төсөөлж байв. Гэтэл саяхан тэд астероидод хүрэх дөт траектор тооцоолж олсноор 2022 оны зун хөөргөөд, 2026 онд хүрэхээр төлөвлөгөөгөө шинэчилжээ. Ингэснээр цаг хугацааг хэмнээд зогсохгүй, зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж байгаа гэнэ.

NASA-гийн илгээх робот станц нь эхний ээлжинд Psyche астероидын үүсэл, нас, гадаргын төлөв байдлыг нь судлах юм. Эрдэмтэд түүнийг эртний ямар нэг гарагийн цөм байсан байх магадлалтай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: NASA, Russia Today