Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Фридман: Хойд Солонгост Америк цохилт өгөх нь гарцаагүй болсон

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгост АНУ цохилт өгөхөөр бэлдэж байгаа тухай Geopolitical Futures байгууллагын үүсгэн байгуулагч, судлаач Жорж Фридман өнгөрсөн Даваа гарагт өөрийн таамаглалаа танилцуулсан байна. Тэрээр Орландод болсон 2017 оны Стратегийн Хөрөнгө Оруулалтын Чуулган дээр үг хэлэхдээ ерөнхийлөгч Дональд Трампыг гадаад айлчлалаасаа буцаж ирэх хүртэл буюу ирэх амралтын өдрүүд хүртэл Вашингтон ямар нэг арга хэмжээ авахгүй гэнэ. Харин Хойд Солонгосын зохион байгуулсан пуужингийн цуврал туршилт нь АНУ-д цохилт өгөхөөс өөр сонголт үлдээгээгүй гэж үзжээ.

Түүний Geopolitical Futures байгууллагын шинжилснээр хоёр талын мөргөлдөөнд хүрэх бүх нөхцөл бүрдээд байгаа гэнэ. Тухайлбал АНУ-ын USS Carl Vinson, USS Ronald Reagan байлдааны хөлгүүд Хойд Солонгост цохилт өгөх хэмжээний зайнд байрлаад байгаа. Үүнээс гадна тус бүсэд 100 гаруй F-16 сөнөөгч онгоц өдөр бүр бэлтгэл хийж байгаа нь 1991 онд Цөлийн шуурга ажиллагааг эхлүүлэхэд хэрэглэсэн тактик ажээ.

Мөн бүс нутагт F-35 байлдааны онгоцыг байрлуулаад байгаа. АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид энэ сарын 31-нд Гуам болон Өмнөд Солонгост иргэний хамгаалал, терроризмийн чиглэлээр зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн байна.

Энэ бүхний эцэст ямар ч тохиолдолд Өмнөд Солонгост тохиолдох хохирлын хэмжээ асар их байгааг Фридман ярьжээ. Тухайлбал 25 сая хүн амьдардаг Сөүл хот болон түүний орчмын суурин газрууд Хойд Солонгосын их бууны довтолгоонд өртөхөд бэлэн байгаа. Энэ аюулыг саармагжуулахын тулд АНУ стратегийн бөмбөгдөгч онгоцны довтолгоогоор Пёньяны их бууны зэвсэглэлд цохилт өгөх ёстой гэнэ. Үүнээс гадна тагнуулын буруу ташаа мэдээлэл хүний хохирлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг Фридман сануулжээ. Хойд Солонгосын хувьд Гуамын аралд байрлах АНУ-ын Андерсен агаарын баазад цохилт өгч дайнд өөртөө ашигтай нөхцөл үүсгэх ганцхан боломж байгааг тэр онцолсон байна. Цаашлаад ОХУ, Хятад улсууд уг мөргөлдөөнөөс өөрт ашигтай нөхцөл үүсгэхийг санаархах тул “Энэ дайн амархан зүйл биш байх болно” гэж Фридман анхааруулжээ.

Эцэст нь Фридман дэлхийн хэмжээний цорын ганц зэвсэгт хүчинтэй гүрний хувьд Америк л зөвхөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хүчээр зогсоож чадна гэсэн юм. Хятад ч үүнийг хийж чадахгүй тул Хойд Солонгосын цөмийн зэвсэглэл бол Америкийн гарцаагүй шийдэх ёстой асуудал гэж Жорж Фридман дүгнэжээ.

 

Эх сурвалж: Mauldin Economics