Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн дураар татвар төлөхийг хуульчилъя

Б.Өнөртогтох
2017 оны 5 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Татварын Ерөнхий газар өчигдрөөс эхлэн "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим” байгуулжээ. Түүнчлэн, шилдэг татвар төлөгчийг шалгаруулж урамшуулах, татвар яагаад төлөх ёстойг сурталчилсан уралдаан тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зарласан аж. Татвар төлж буй иргэддээ талархах зорилготой энэхүү аяны хүрээнд олон ч уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм байна.

Уг нь улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс татвараа төлөх нь сурталчилж, урамшуулахгүйгээр хэрэгжүүлэх ёстой бидний үүрэг. “Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмой” хэмээх Их Эзэн Чингис хааны сургаал бий. Ерөөс Их Монгол Улсын үеэс л иргэн бүхэн улсынхаа хөгжилд хувь нэмэр болох татвар, татаасыг төлсөөр ирсэн түүхтэй улс, бид. Амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа л бол олсон мөнгөнөөсөө татвар төлж, түүгээр нь улсаа хөгжүүлдэг олон улсын жишгээс бид ч гажих учиргүй юм.

Харамсалтай нь энэ үүргээ биелүүлдэг хүн манайд тун цөөхөн юм. Тиймээс ч сурталчилж, уриалаад ч болов татвар авах гэж сарын аян хүртэл зарлаж буй тэднийг буруутгах аргагүй юм. Татварын Ерөнхий газрын албан тушаалтны өгч буй мэдээллээс үзвэл, Монгол Улсын нэг сая орчим иргэн “суутган” татвар буюу цалин, олсон орлогоосоо татвар төлдөг аж. Мөн 100 орчим мянган аж ахуйн нэгж олсон орлогоосоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг гэсэн тоон мэдээ байна.

Манайх гурван сая гаруй хүн амтай. Үүнээс татвар төлдөггүй насанд хүрээгүй иргэн нэг сая орчим гэж үзвэл үлдсэн хоёр сая гаруй нь татвараа зайлшгүй төлөх ёстой. Гэтэл дээрх тоон мэдээллээс харахад дөнгөж нэг сая орчим иргэд л үүргээ ухамсарладаг аж. Тэд ажил хийдэг учраас цалингаасаа татвараа төлдөг хэрэг л дээ.

Харин үлдсэн хэсэг нь яагаад татвар төлөхгүй байна вэ. Тэд эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй атлаа тэд эмнэлгийн үйлчилгээ авдаг. Хотын хөгжилд хувь нэмрээ оруулаагүй атлаа машин унаж байгаа. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө халааснаасаа 100 төгрөг ч гаргаж үзээгүй мөртөө татвар төлөгч миний мөнгөөр хэмээн “дөвчигнөхөө” ч мартахгүй юм. Онцолж дурдвал, татвар төлдөг эсэх нь тодорхой бус хүмүүсийн тэргүүн эгнээнд сүм дуган хийдэд шавилж буй лам нар ордог.

Цаашлаад дуучид, томоохон зах худалдааны төвд лангуу түрээсэлж буй иргэд байна. Мөн бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар алт олборлож буй иргэд ч татвар төлөхгүй нь олонтоо аж. Бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх мэтээр татвар төлөхөөс зайлсхийдэг, татвар төлөх нь ямар ач холбогдолтойг мэдэхгүй иргэд хэтэрхий олон байгаа. Эдгээр иргэдээс татвар яагаад авдаггүйг тодруулахад “Авах ёстой гэсэн эрхзүйн орчин байхгүй” гэсэн хариулт өгч байх юм.

Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн хэвшилд ажиллаж цалин авдаггүй л бол та татвараа өг, эс бөгөөс эмнэлгийн үйлчилгээ авахгүй, цалингийн зээл өгөхгүй гэсэн хууль байхгүй гэсэн үг. Уг нь гутал тосолдог ч байсан та татвараа сайн дураар төлөх ёстой гэсэн хууль өмнө нь хэрэгждэг байсан юм билээ. Та олсон орлогоосоо улсынхаа хөгжилд 200 төгрөг ч болов өгөх ёстой. Энэ таны үүрэг шүү гэсэн сайн дурын татварын хууль хэрэгжихээ больсноос хойш татварыг ял мэт хүлээж авдаг, татвараас бултдаг зугтдаг хэсэг бүлэг хэтэрхий олон болжээ.

Аргаа барахдаа татвар төлөгчид үйлчлэх танхим байгуулж, үүргээ биелүүлснийх нь төлөө шагнаж урамшуулж сууна. Уг нь татвар төлөх нь таны үүрэг гэдгийг цэцэрлэгт байхаас нь л суулгаж өгдөг олон улсын жишиг байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ.

Хэвлэл мэдээлэл хүртэл татвар нэмэгдэх ял юм шиг, татвар авах нь буруу гэх мэтээр дандаа буруу ойлголт өгдгөөс бүднийг шулж, дээрэмдэж байгаа төрийн боловсон дээрэм гэсэн ойлголт хүүхдийн тархинд суудаг аж. Татвар төлөх нь таны үүрэг, төрөөс хариуцлага нэхэхийн тулд эхлээд үүргээ биелүүлэх ёстой шүү гэдгийг хүүхдийн тархинд багаас нь суулгаж өгөх ёстой юм байна. Нөгөө талаар гар аргаар алт олборлож буй иргэд ч татвараа асуудалгүй төлж гэмээнэ төрийн үйлчилгээ танд ижил тэгш хүрнэ гэдгийг ойлгох учиртай юм. Бидний татварын мөнгөөр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлдэг.

Цаашлаад замын ажилд хөрөнгө оруулалт хийгддэг. Гэтэл татвар төлөхгүй атлаа эрүүл мэндийн салбар дампуурсныг шүүмжилж, зам эвдэрсэнд төрийг буруутгах хэрэг байна уу, татвар төлөгчид минь. Ер нь сайн дурын татварын хуулийг дахин баталж, хэрэгжүүлсэн ч яах вэ дээ. Үүргээ биелүүлэхгүй бол хуулиар далайлгахад буруудах юун. Бид дуучдын тоглолтыг мөнгө төлж үздэг. Бас ном уншуулахдаа ч тарифаар мөнгөө төлдөг. Захаас бараа худалдаж авахдаа ч мөнгө төлж байна. Улсынхаа баялгийг ухаж мөнгө олж байгаа бол орлогоосоо 100 төгрөг ч болтугай улсдаа өгөхөд буруу юу байх билээ.

Зураг