Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-тай боллоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Татварын Ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. "Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа" уриатайгаар тэмдэглэж байгаа 18 дахь удаагийн өдрүүд улс орон даяар “Би- Ирээдүйн татвар төлөгч” хичээлээр эхэллээ.

Уг өдрүүдийг тохиолдуулан ТЕГ-аас "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-ийн нээлтийг мөн өнөөдөр хийсэн юм. Энэхүү танхим нь татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, ирээдүйн татвар төлөгч, гадаадын зочид төлөөлөгчдөд татварын албыг танилцуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд туслах, татвар төлөх үндсэн үүргээ ухамсарлах суурь нөхцлийг бүрдүүлэн ажиллахад зориулагджээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр ЕБС, их дээд сургуулиудын оюутан, сурагч, багш нарын дунд зарласан гар зураг, зохион бичлэг, хөлөгт тоглоомын уралдаанд түрүүлсэн бүтээлийн шагналыг гардууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү уралдааны биет тоглоом бүтээх төрөлд 32 бүтээл ирснээс Баянзүрх дүүргийн 63-р цэцэрлэгийн хамт олны ирүүлсэн “Татвараа төлцгөөе” хөлөгт тоглоом тэргүүн байр, зохион бичлэгийн уралдаанд 117 зохион бичлэг ирснээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын МГС-тай 4-р сургуулийн 106 ангийн сурагч Б.Түвшин мэргэний “Татвар миний ирээдүй” сэдэвт зохион бичлэг тэргүүн байр, гар зургийн төрөлд 121 бүтээл ирүүлснээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн 11 в ангийн сурагч Б.Отгончимэгийн “Бид НӨАТ-ын азтан боллоо” зураг тэргүүн байр тус тус эзэлжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааны дараа “Татвар төлөгчдөд үйлчлэх танхимд ТЕГ-ын дарга Л. Зориг ЕБС-ийн сурагчдад “Би -Ирээдүйн татвар төлөгч” сэдвээр хичээлийг заалаа. Монгол орон даяар ЕБС-ийн 370 гаруй сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид, мөн их дээд сургуулийн оюутан залууст “Би- Ирээдүйн татвар төлөгч” хичээлийг энэ өдрүүдэд орох юм байна.

"Ирээдүйн татвар төлөгч сурагчид, оюутнууд ирж зөвлөгөө авах, мөн иргэд ирж зөвлөгөө авах, сургалтанд хамрагдах боломжтой болж байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ-ын дарга Л.Зориг "Энэ жилийн Татвар төлөгчдийн өдрүүдэд НӨАТ-ын хуулийг сурталчлах ажлуудыг их зохион байгуулж байгаа. Энэ өдрүүдээр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулж, шагнаж урамшуулна, үйл ажиллагааг нь сурталчлах ажиллагааг хийнэ. Мөн бид ирээдүйн татвар төлөгчиддөө зориулсан хичээлүүдийг зааж эхэлж байгаа. Удахгүй энэ хүүхдүүд маань сургуулиа төгсөөд татвар төлөгч болно. Тиймээс бид одооноос хүүхдүүдэд татварын хуулийн талаар зааж сургаж, мэдлэгтэй болгох зорилго тавьж байгаа.

Мөн цаашдаа ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Түүнчлэн, өнөөдөр бид ТЕГ-ын нэг давхарт татвар төлөгчдөд үйлчлэх танхимийг нээж байна. Энэ нь үргэлж нээлттэй байх танхим юм. Ирээдүйн татвар төлөгч сурагчид, оюутнууд ирж зөвлөгөө авах, мөн иргэд ирж зөвлөгөө авах, сургалтанд хамрагдах боломжтой болж байгаа юм" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Татвар төлөгчдийн өдрүүд” долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд эдгээр өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Дүнжингарав худалдааны төвүүдэд кассын машин, POS төхөөрөмж 52 нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа болон татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх уулзалтууд болох аж.

Мөн ТЕГ-ын 8 давхарт тавдугаар сарын 11-12-нд татварын хуулийн шинэчлэл болон, татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлаар татвар төлөгч, бизнес эрхлэгчид, холбоодын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-ныг хүртэл бүртгэл явагдах гэнэ.