Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнгөнсар: Монголчууд бид франчайз бизнестэй өрсөлдөхүйц өөрийн гэсэн онцлогтой брэнд бүтээж чадна

ikon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Зах дээр хэн чанга хашгирч чадна. Тэр хүн бараагаа хамгийн сайн зардаг гэдэг үг бий.  Гэтэл бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн ихсэж, мэдээллийн урсгал ширүүсэх тусам зөвхөн чанга хашгирсанаар борлуулалт хийж чадахаа болив. Хэзээ, хаана, ямар хоолойгоор юу гэж “хашгирах”-ыг мэргэжлийн хүмүүсээр заалгаж, судлуулж байж амжилтанд хүрдэгийг олон улсын практикт аль хэдийнэ хүлээн зөвшөөрчээ.

Үйлдвэрлэгчид маркетинг, борлуулалтын мэргэжлийн багийн судалгаан дээр үндэслэж сурталчилгааныхаа стратеги, тактикийн зөв шийдвэр, эцсийн бүтээгдэхүүнийхээ өнгө төрхийг тодорхойлдог болжээ. Ийм мэргэжлийн баг манайд цөөн ч гэсэн бий болсон нь сайшаалтай. Тэдний нэг болох “Brandarte” компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсартай ярилцлаа.
 
Тэрбээр 16 жилийн турш Монголын зах зээлд маркетингийн чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн. Бидний яриа маркетингийн салбарын чиг хандлага, хэрхэн ажиллаж юуг бүтээдэг болон яаж амжилттай маркетинг хийх талаар өрнөсөн юм.


-Маркетингийн шинэ хандлага ямар чиглэл рүү явж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Интернэт, мэдээллийн технологи, олон нийтийн сүлжээний тэсрэлтэй хөгжил нь маркетеруудад нэг талаас боломж нөгөө талаас хүндхэн сорилтыг бий болгож байгаа. Мэдээллийн хэт ачааллын улмаас хэрэглэгчид улам бүр хайхрамжгүй болж байна. Тэдний анхааралд өртөх амар биш. Тиймээс үр дүнтэй маркетинг хийхийн тулд бүгдэд биш зорилтот хэрэглэгчдээ хувьчилж хандсан агууламж, арга хэрэгслийг ашиглахыг илүүд үзэх болсон. Хамгийн энгийн жишээ бол “Эрхэм хүндэт тэр танд” хэмээн таны нэр дээр ирдэг и-мэйл. Бид нэр, утас, и-мэйл хаяг, нас хүйснээс авахуулаад гэр бүлийн байдал, ямар мэргэжилтэй, юунд дуртай, дургүй болохоо алхам тутамдаа цахим ертөнцөд болон үйлчлүүлэгч байгууллагууддаа бүртгүүлж байдаг. Энэ мэдээллийн бааз суурь, технологийн автоматжуулалт  дээр суурилж байгууллагууд хувьчилсан маркетингийг хийх боломжтой.

Дараагийн нэг чухал чиг хандлага бол зорилтот хэрэглэгчээ брэндийнхээ салшгүй нэг хэсэг болгож найз нөхөд мэт байнгын сайн харилцаа холбоотой байх.  Жишээ нь: Nike шинэ загвар үйлдвэрлэхийнхээ өмнө хэд хэдэн шинэ загварын зургийг хэрэглэгчиддээ санал болгоод аль нь илүү таалагдаж байгааг нь асуудаг. Хэрэглэгчээ загвар зохион бүтээх үйл явцдаа оролцуулаад тэдний санал хүсэлтийг авснаар аяндаа л дэмжигчийн хүрээлэл бий болчихдог. Өөрсдийнх нь оролцсон шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарахад тэд сайн дураараа сурталчилаад бусадтай хуваалцаад явчихдаг. Энэ бол хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаа холбоотой байх нэг жишээ. Батаа, Цэцэгээ гэх мэт хамгийн түгээмэл хүмүүсийн нэртэй Кока кола ундаа худалдаанд гаргаж байсан нь Монгол дахь нэг тод жишээ юм.

“Ахимаг насны хүнд ноолууран хувцас авах гэхээр хэмжээ болоод загвар нь тохирох бүтээгдэхүүн бараг байдаггүй. Яагаад энэ зах зээл дээр зарим нь ажиллаж болохгүй гэж”

-Манай бизнес эрхлэгчид амжилттай маркетинг хийхийн тулд юуг анхаарч өөрөөр хараасай гэж та боддог вэ? Мэдээж олон зүйл байдаг байх хамгийн чухлаас нь дурдвал?

Хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолыг зөв үнэлж, судлаасай. Бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэх хэрэггүй гэж хэлмээр санагддаг. Зах зээлд өрсөлдөөн багатай үед танай бүтээгдэхүүн үйлчилгээ бүх хүмүүст зориулагдсан юм шиг санагдаж, борлуулалт ч тэр хэмжээгээр сайн байж болох юм.

Гэтэл сонголт ихсэх тусам нийлүүлэгч биш худалдан авагчийн хүч их болдог. Хүмүүсийн нас, хүйс, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, хүсэл сонирхол харилцан адилгүй шүү дээ. Тиймээс зах зээлээ сегментчилж тодорхой хэсэг дээр төвлөрч ажиллах нь зүйтэй. Ноолууран хувцасаар жишээ авья. Манай үйлдвэрлэгчид бүгд гоолиг, залуухан хүмүүст зориулсан загвар худалдаалж энэ зах зээлийн хэсэг дээр бараг бүгдээрээ өрсөлдөж байна. Ахимаг насны хүнд хувцас авах гэхээр хэмжээ болоод загвар нь тохирох бүтээгдэхүүн бараг байдаггүй. Яагаад энэ зах зээл дээр зарим нь ажиллаж болохгүй гэж. 

“Бусдыг дагах биш ялгарах хэрэгтэй”

Мөн хэрэглэгчээ дутуу үнэлж, тэдний биш өөрийнхөө сонирхол таамгаар хандах эсвэл зах зээлийн тэргүүлэгчийг дагасан стратеги баримтлах хандлага их харагддаг. Жишээ нь: Голчлон 25-30 насныхан үйлчлүүлдэг нэг томоохон паб байна. Гэтэл тэд амьд хөгжмийн рок хамтлаг авчирчихаад “Алтан хавчаар”, “Сэтгэлийн жигүүр”-ийг дуулуулаад байх юм. Энэ насны залуус тэс өөр дуу сонирхоно шүү дээ. Том судалгаа хийдэггүй юмаа гэхэд зорилтот хэрэглэгчээсээ 30-40 хүн цуглуулаад фокус группын судалгаа хийхэд л тодорхой дүр зураг гараад ирнэ.  

Бусдыг дагах биш ялгарах хэрэгтэй. Утасны оператор компаниуд руу тусламж авахаар залгахад тэдийг дарвал тийм мэдээлэл авна гээд баахан үйлчилгээ санал болгоод дээр нь нэмээд бүтээгдэхүүнээ сурталчилаад хамгийн сүүлд “оператортой холбогдохыг хүсвэл тэдийг дар” гэж хэлдэг. Энэ бол Монгол хүний зан төлөвт тийм ч тохиромжтой хувилбар биш. Аль нэг нь үүнийгээ болиод банк шиг шууд оператортой холбогддог болгоод түргэн шуурхай үйлчилчихвэл хэрэглэгчдийнх нь сэтгэл ханамж хэд дахин нэмэгдэнэ гэж би боддог. 

-Та бусдыг дагах биш ялгарах хэрэгтэй гэж хэллээ. Хийсэн ажлаасаа ийм жишээ байвал хуваалцаач?

-Манайх эрдэст усны шинэ брэнд гаргахаар зах зээлийн судалгаа, концепц, бүтээгдэхүүний нэр, лого, сав баглаа боодлын дизайн дээр ажилласан. Савласан усны хувьд бусад шингэн хүнстэй адил амт, орц найрлагаар ялгарал үүсгээд тэрийгээ хэрэглэгчдэд ойлгуулах боломж бага, бас их зардалтай. Тиймээс бид бүтээгдэхүүний сав баглаа боодол брэндийнхээ мөн чанараар ялгарал үүсгэсэн.

 

Судалгаанаас манай зах зээл дээрх бараг бүх ус уул, ус, газар орны нэрээр нэрлэгдсэн хоорондоо их адилхан өнгө төрхтэй учраас зах зээлд үнээрээ өрсөлдөж буй нь анзаарагдсан учраас бид уул усны нэр өгөхөөс зайлхийсэн. Нөгөө талаас дэлхий нийтээр хүмүүсийн амьдралын хэв маягт сэлфи, фейшн эрин хүчтэй ноёрхож байгаа. Фэйсбүүк, инстаграм дээр идсэн уусан зүйлийнхээ зургийг тавих нь энгийн үзэгдэл болсон нь үүний нэг баталгаа. Мөн цаг хугацаатай уралдаж амьдардаг их хотын амьдралын хэмнэлээс шалтгаалан хүмүүс явуут дундаа хооллох нь түгээмэл болсон. Тэгэхээр тэдний бариад явж буй зүйл тухайн хүний загварлаг байдалтай бас хувь хүнийх нь мөн чанар, үзэл бодолтой нийцэх шаардлага гараад ирсэн. 

Энэ бүгд дээр үндэслээд бид усныхаа концепцыг бодож, сав баглаа боодлын загвар дизайныг хийсэн.  Энэ брэнд маань маш сонирхолтой агуулгатай. Удахгүй худалдаанд гарахаар нь та бүхэн харах байхаа.

-Яагаад маркетингийн мэргэжлийг анх сонгосныг тань сонирхмоор санагдлаа?

-Анх их сургуульд ороод л энэ миний мэргэжил юм байна гэдгийг ойлгосон. Маркетингд дурлачихсан гэхүү дээ. Нэгдүгээр курсдээ суурь хичээлээ үзэхэд маркетингийн мэргэжил миний зан чанар, хүсэл сонирхолд яг тохирсон юм шиг санагдсан. Дунд сургуульдаа тооны хичээлдээ сайн байв. Бас зураг зурах дуртай, үлгэр их уншина. Одоо ч дуртай. Энэ бүгд маркетер хүнд маш их хэрэг болдог логик болон хийсвэр сэтгэлгээ, мэдрэмжийг маань хөгжүүлсэн болов уу гэж боддог. Маркетингийн мэргэжилтнүүд борлуулалтын тайлан, зах зээлийн судалгаа, төсөв, бүтээгдэхүүний үнэ тооцоололт гэх мэт тоон мэдээлэл дээр үргэлж анализ хийдэг. Миний хувьд тоон мэдээлэл дээр гаргасан алдааг маш хурдан олчихдог “муу” зантай /инээв/.

“Брэндартэ бусдаас өвөрмөц байхыг эрмэлздэг брэндүүдтэй хамтран ажиллаж судалгаанаас төлөвлөлт, хөгжүүлэлт, дизайн хүртэл маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг.”

 

Брэндартэ компанийн дизайнер, маркетингийн зөвлөхүүдтэйгээ хамт

-Маркетингийн зөвлөх үйлчилгээний компани нээх санаа хэзээ төрсөн бэ?

-Би их сургуулиа төгсөхдөө “Реклам сурталчилгааны агентлаг” гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаалж байсан. Дипломын ажлаа бичих явцдаа эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад ийм мэргэжлийн байгууллага ямар үр дүнтэй, хэрхэн ажилладагийг чамгүй гүнзгий судалсан. Тэгээд монголд ч гэсэн ийм хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн брэнд бүтээдэг чадварлаг, бүтээлч агентлагууд бий болоосой, хөгжөөсэй гэж боддог болсон юм.

Миний хувьд өөр өөр төрлийн брэндийн маркетингийг олон улсын түвшинд өрсөлдөхөөр хийж энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэж хүсдэг, өмнө нь ажиллаж байсан газрууддаа ч энэ зарчмаа барьж жишиг болохуйц ажлууд хийхийг зорьдог байлаа. Ингэж бодож яваад л 2014 онд Брэндартэг нээсэн.

“Бид сэтгэл алдрам, амжилттай брэндийг бүтээдэг”

-Брэндартэ ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Товчхондоо бол бид сэтгэл алдрам, амжилттай брэндийг бүтээдэг. Манай баг бусдаас өвөрмөц байхыг эрмэлздэг брэндүүдтэй хамтран ажиллаж судалгаанаас төлөвлөлт, хөгжүүлэлт, дизайн хүртэл маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг. 

 

CoverHill Давхар даатгалын компанийн логог бүтээсэн байдал

-Танайх ямар бүрэлдэхүүнтэй, хэрхэн ажилладаг нь сонирхол татаж байна?

-Маркетинг гэдэг бол багийн ажил. Манайх мэргэжлээрээ 10 болон түүнээс дээш жил ажилласан гадаад, дотоодын олон брэндийг Монголын зах зээлд амжилттай байршуулсан туршлагатай, өндөр түвшинд бэлтгэгдсэн экспертүүдээс бүрдсэн хүчтэй багтай. Багийн гишүүн бүр юуг яаж хийхээ гаргууд мэддэг болохоор бид олон төсөл дээр үр дүнтэй ажиллаж чаддаг. Ажил маань бидний хобби гэж хэлж болно. Манай хамгийн чухал зарчим бол ажилдаа чин сэтгэлээсээ хандах юм. Цаад хүн мөнгө төлж бид түүнд нь тааруулж юм хийж байна гэж хэзээ ч боддоггүй.

Аливаа ажилд багийн бүх гишүүд чухал үүрэгтэй. Тиймээс бид үйчлүүлэгч бүрээ багийн гишүүн хэмээн үзэж нэг үр дүнд хүрэхийн төлөө сэтгэл шулуудан ажилладаг. Мөн хэрэглэгчдэд таашаагдах, тэдний амьдралыг илүү сайхан болгох брэндийг бүтээж, хөгжүүлэхэд манай ажлын зорилго оршдог. Аливаа ажлыг хийх зөв арга технологи гэж бий. Бид ажлыг аргалж хийхээс зайлсхийдэг. Анхнаасаа ном журмынх нь дагуу хийвэл нэгдүгээрт сайн брэнд бий болох боломжтой. Хоёрт үр ашиггүй хөрөнгө оруулалт хийх эрсдэлд орохгүй. 

 

Монголын бейкери, тортны зах зээлд тэргүүлэгч Жүр үр брэндийн "Аз жаргалаа хуваалцъя" шинэ концепцид зориулсан сурталчилгааны зураг авалт

-Сүүлийн үед ямар чиглэлийн ажлуудыг голчлон хийж байна вэ?

-Орчин үеийн хүмүүсийн завгүй амьдралын хэв маягаас шалтгаалж эрүүл мэндийн болоод, эко бүтээгдэхүүний зах зээл дэлхийд өсч байна. Энэ чиг хандлага манайд ч орж ирсэн. Бид кальци, амин дэм, галбиржуулах бэлдмэл гэх мэт эрүүл мэндийн шинээр гаргаж буй бүтээгдэхүүнүүд дээр төвлөрч ажилласан. Мөн эдийн засгийн хямралыг давахын тулд бизнес эрхлэгчид шинэ төсөл хөтөлбөр бэлтгэж банкнаас зээл хүсэх, хөрөнгө оруулалт босгохыг зорьж байна. Бид ийм төслүүдийн зах зээлийн судалгаа, шинжилгээн дээр сүүлийн үед их ажиллаа.

“Монголчууд бид өөрсдөө франчайз бизнестэй өрсөлдөхүйц өөрийн гэсэн онцлогтой маш гоё кофе шопын сүлжээ нээж болно. Манайд энэ чиглэлээр бодсон судалсан олон санаанууд бий”

-Дотоодын зах зээлд франчайз бизнесүүд их орж ирэх болжээ. Түргэн хоолны, кофе шопын том сүлжээнүүд нээгдэхийн хэрээр дотоодын үйлчилгээний газрууд хумигдаж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Хамгийн энгийнээр бол франчайз сүлжээгээр үйлчлүүлэх нь хүмүүст таалагдаж байнаа л гэсэн үг. Тэгэхээр бид яагаад манай кофе шопыг биш Café bene-г, Tomn & Toms, KFC-г сонгоод байгааг нь судалж, ойлгох хэрэгтэй. Тэдний нууц бол энэ моделийг бий болгохын тулд маш их судалж, төлөвлөсөн, бэлдсэн, бусдаас ялгарах онцлог давуу тал, өрсөлдөөний стратегиа сайн боловсруулсан. Бас хангалттай цаг хугацаа, хөрөнгө зарцуулж, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байж энэ үр дүнд хүрсэн нь гарцаагүй. Кофе шоп гэхээр зөвхөн тохижилт, кофе хоёр биш юм. 

Хэнд зориулах вэ гэдгээс шалтгаалаад бүтээгдэхүүний нэр төрөл, иж бүрдэл, үнийн бодлого, үйлчилгээний стандарт, интерьер, экстерьер дизайн гээд маш олон зүйл нийлж байж таны кофе шопын брэнд өөрийн гэсэн онцлогтой болно. 

Сүүлийн 4 жилийн хугацаанд Монголд Солонгосын франчайз кофе шопын 40 гаруй салбар нээгдсэн байна. Монголчууд бид франчайз бизнестэй өрсөлдөхүйц өөрийн гэсэн онцлогтой маш гоё кофе шопын сүлжээ нээж болно. Зах зээлд хоосон орон зай зөндөө байна. Манайд энэ чиглэлээр бодсон судалсан олон санаанууд бий.

“Мэдээллээ санасан үедээ биш төлөвлөгөөнийхөө дагуу тогтвортой оруулдаг байх нь чухал. Чанартай чанаргүй хэт олон контент түгээх нь хэрэглэгчийг залхаадаг”

-Өнөө цагт сошиал сувгийн сурталчилгааны хэлбэрүүд хамгийн өргөн ашиглагдаж байна. Энэ чиглэлийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч их болжээ. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулж фэйсбүүк дээр хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ үр дүнтэй сурталчилах талаар зөвлөгөө өгөөч.

-Амжилттай сурталчилгаа хийхийн тулд хамгийн түрүүнд хэнд хандаж ямар үр дүнд хүрэхийг зорьж байгаагаа тодорхойлоод бичээрэй. Тэгээд энэ үр дүнд хүрэхийн тулд ямар мэдээллүүдийг хэзээ оруулах төлөвлөгөөгөө боловсруулж төсвөө гаргана. Мэдээллээ санасан үедээ биш төлөвлөгөөнийхөө дагуу тогтвортой оруулдаг байх нь чухал.

Чанартай чанаргүй хэт олон контент түгээх нь хэрэглэгчийг залхаадаг. Мэдээллийн гол санаагаа эхний хоёр мөрөнд багтаахыг хичээх хэрэгтэй. Бас нэг чухал зүйл бол эх хэл дээрээ үг үсгийн болон утга найруулгын алдаагүй зөв бичих шаардлагатай. Хүмүүсийн асуултанд болж өгвөл түргэн шуурхай хариулж байх, илт гүтгэж доромжилсон, бүдүүлэг үг хэллэг хэрэглээгүй бол өөртөө таалагдаагүй коментыг нь устгах хэрэггүй. Энэ нь таныг хэрэглэгчээс тань холдуулах болно гээд яривал олон зүйл бий. Мэдээлэл тань олон хүнд харагдлаа гээд худалдан авалт хийнэ гэсэн үг бас биш юм. 4P, 5P, 7P гээд бараг бүх хүн мэддэг маркетингийн хольцууд болон өрсөлдөөний стратегиа зөв тогтоогоогүй бол хэрэглэгчийн сонголтонд өртөхгүй. Тэгэхээр мэдээллийн ямар нэг суваг хүчтэй хөгжсөн ч гэсэн цаана нь маркетингийн суурь ухаан тэр чигээрээ явж байдаг гэдгийг бид мартаж болохгүй. Манай хувьд харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг фэйсбүүкээр идэвхижүүлэлт хийхдээ энэ зах зээлд тэргүүлэгч Ogilvy-н аргачлалаар ажилладаг.

Юуны түрүүнд маркетингийн стратегийг нь тодорхойлж төлөвлөгөө гаргадаг. Тиймээс манай хөтөлсөн хуудсууд эхний нэг сарын хугацаанд хандалт нь хоёр дахин нэмэгдэж харилцагчдын маань бүтээгдэхүүн үйлчилгээний танигдах байдал борлуулалт шууд өсөж эхэлдэг.  

 

Дээд зэрэглэлийн монгол гэр, тавилга үйлдвэрлэгч “Хаадын гэр” брэндийн шинэ концепци бүтээлт

-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. 

Брэндартэ компанийн хаяг: Маршал таун, кинг тауэр 122-6 тоот
Холбоо барих утас: 70122080, 8810 8412

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.