Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын говиос гаралтай элсэн шуурга өнөөдөр Шанхайг дайрна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын хойд нутгийг бүрхээд байгаа элсэн шуурга өнөөдөр үдээс хойш Шанхай хотод хүрэхээр байна. Шанхай хотын захиргаа энэ тухай иргэддээ мэдээлж, Бямба гарагийн өглөө хүртэл үргэлжлэхийг анхааруулжээ.

Мөн цонхоо хааж, битүүлэх, шаардлагагүй бол гадаа гарахгүй байх, гарвал амандаа маск зүүхийг зөвлөсөн байна.

Асар том элсэн шуурга Хятадын 10 муж, том хотуудыг нөмөрсний дотор Бээжин, Тяньжин хотууд багтсан юм. 1.6 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг бүрхэж байгаа нь Хятадын газар нутгийн 15 хувь болж байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ. Элсэн шуургыг Монголын говиос гаралтай гэж үзэж байгаа ба хойд туйлын хүйтэн салхи хүч нэмж байгааг Бээжингийн Цаг Уурын Төвийн мэргэжилтэн Жан Бихуй ярьсан байна.

Хүчтэй шуурганы улмаас Бээжингийн төвд мод унаж автомашинуудыг дарснаас замын түгжрэл үүссэн гэнэ. Мөн Хайдянь дүүрэгт тоосго унаснаас Баасан гарагийн өглөө явган зорчигч амиа алдсан тохиолдол гарчээ.

Үзэгдэх орчин муу байгаагаас Бээжингийн олон улсын нисэх буудалд Баасан гарагт 38 нислэг цуцлагджээ. Өчигдөр мөн 50 гаруй нислэг цуцлагдаж, саатаад байсан юм.

Шуурганы өндөр 5 км хүрч байгааг цаг уурчид мэдээлжээ. Хавар бүр Бээжинг дайрдаг элсэн шуурга цаг уурын өөрчлөлтөөс болоод сүүлийн жилүүдэд буураад байгаа юм. 1950-аад оны үед жилд 26 өдөр ийм үзэгдэл Бээжинд болдог байсан бол 2010 онд гурав болж буураад байжээ.

Цаг уурын дулаарал, цөлжилт, модгүй болж байгаатай холбоотойгоор ийм үзэгдэл цаашдаа нэмэгдэж магадгүй байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post