ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Золжаргал: Улстөр тогтвортой болох тусмаа зах зээл тогтворждог жамтай

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх ёстой. Мөн ам.долларын ханш 1800 төгрөгийг даваад байгаа билээ. Энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцлаа.

- Ам.долларын албан ханш 1801 төгрөг болчихлоо. Та тайлбар хийх үү?

- Хавар долларын эрэлт их байдаг. Нийт валютын эрэлтийн 60 хувь нь хавар байдаг. Хавар өнгөрсөний дараа буюу оны хоёрдугаар хагаст орох урсгал нэмэгдээд явдаг. Тав, зургадугаар сард ноолуурын мөнгө орж ирдэг. Ийм давтамжтай.

Үндсэн шалтгаанууд бол олон. Нүүрсний орлого сул байгаа. Нүүрс гаргах хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь сул байгаад байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад л нүүрсний орлого нэгдүгээр улиралд 150 сая орчим ам.доллар дутуу байсан. Энэ мөнгөнөөс эхнээсээ орж ирж байна. Одоо зөрүү 100 орчим сая болж байна.

Нөгөө талд алтан дээрх санхүүжилт эхэлсэн. Валютын орлого орж ирж байгаа. Мөн дээр хэлсэнчлэн ноолуурын мөнгө орж ирнэ. Одоогийн ханшийн хөдөлгөөнийг улирлын чанартай л гэж харж байна. Яагаад гэвэл суурь баланс маань тэнцвэрчихсэн. Өнгөрсөн жилийн өдийд бид -400 сая ам.долларын худалдааны баланстай байсан бол одоо энэ тоо -9 сая ам.доллар болсон байгааг харж байна.

- Ханшийн энэ өсөлт түр зуурын гэж ойлгож болох уу?

- Хаврын эрэлттэй холбоотой түр зуурын хөдөлгөөн. Энэ нөхцөл байдалд уялдуулан Монголбанк захад тодорхой хэмжээний нөөцөөсөө нийлүүлсээр байгаа. Үүнийгээ үргэлжлүүлээд явж байна. Ханшийн энэ том эрэлтийг дан нөөцөөр хангана гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

Тэгэхээр валютын орох урсгал руугаа хандсан буюу валют оруулж ирэх бусад арга хэмжээ болох экспортоо яаж нэмэх үү, нүүрснийхээ төлбөрийг хэрхэн авах вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх гээд манайд ужгирсан валютын орох урсгалыг нэмэх асуудал их байна. Энэ бүгдийг эрчимжүүлэх УИХ дээр яригдаж байгаа тогтоолын төсөл маш чухал.

Өнөөдөр энэ асуудал хэлэлцэгдээд батлагдана гэж бодож байна. Байнгийн хорооны хурал зэргээс харахад гишүүд энэ тогтоолд маш их ач холбогдол өгч байгаа. Энэ тогтоолтой холбоотойгоор хийх ажил нэлээн эрчимжинэ. Олон хуулийн зохицуулалтууд хийгдэнэ. Төсвийн урсгал зардлыг танахаас эхлээд байгаа.

Мөн аж ахуйн нэгжүүд буюу жижиг, дунд, том хэмжээний бүгдэд нь тодорхой хэмжээний татварын болон татварын бус дэмжлэг хөнгөлөлтүүд энэ тогтоолд орсон байгаа.

Энэ тогтоол батлагдсаны дараа УИХ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Энэ болгон ханшинд эерэгээр нөлөөлнө.

- Улстөрийн нөхцөл байдал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байх шиг байна.

- Сүүлийн гурван сар өрнөж байгаа энэ улстөрийн нөхцөл байдал бидний орон зайг нэлээн хумих хандлагатай байна. Улстөр тогтвортой болох тусмаа зах зээл тогтворждог жамтай.

Улстөр тогтвортой болох тусмаа зах зээл тогтворждог жамтай.

Улирлын нөлөөлөл ч бас эерэг тал руугаа эргэх гэж байна. Тиймээс энэ жилдээ Монгол улс валютын ханшин дээр нэлээд тогтвортой байх эхний жил гарах болов уу гэж бодож байна. 2012, 2013 он бол дандаа маш том хасахтай явж ирсэн. Энэ хасахууд маань гэхэд худалдааны тэнцэл дээр гэхэд гурван тэрбум ам.долларын алдагдалтай явж байсан шүү дээ. Энэ жил энэ тоог нэлээн бууруулсан. Ийм үед Монголын эдийн засаг тогтвортой байх боломжтой. Цаашдаа нүүрсний орлого орж ирээд явбал эерэг үр дүнгүүд гарч ирнэ.

Бидний хамгийн санааг зовоож буй зүйл бол төлбөрийн тэнцэл маань эдийн засаг руугаа хүндрэл болоод орчих вий гэсэн эмээлт байгаа. Одоо 100 хувь орлого олдог байсан бол 80 хувийн орлоготой болсон нөхцөл байдал үүсээд байна. 2009 онтой харьцуулахад хямралын дүр зураг алга.

Эдийн засгийн хувьд хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд их зөрүү байгаа. Эдийн засгийн энэ мөчлөг дээр УИХ-ын тогтоол маш их ач холбогдолтой.

- Монголбанкнаас бодлогын хүүнд өөрчлөлт оруулах зэрэг мөнгөний бодлогод ямар өөрчлөлт орох вэ?

- Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Эхний хурал дээрээ эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцдэг. Тийм хэлэлцүүлгийн явцдаа хурлаа түр хойшлуулаад байгаа. Учир нь Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоол УИХ-аар хэлэлцэгдэж байгаа тохиолдолд хүлээлтийн тоонууд маань өөрчлөгдөх гээд байна.

Нөхцөл байдал долоо хоног бүр өөрчлөгдөж байгаа тохиолдолд жаахан хүлээе гэсэн шийдвэр гаргасан. Тогтоол батлагдахаар төгрөг талд гарах нөлөөллүүдийг тооцно.

Мөн валютын орох урсгал дээр ямар нөлөөлөл байна гэдгийг тооцож үзээд бодлогын хүүг өөрчлөх, эсэхийг шийднэ. Бодлогын хүүгийн нөлөөллийг та бүхэн мэднэ. Зургаан сарын дараагаас эдийн засагт нөлөөлдөг.

- Ханш 1800 төгрөгт хүрсэн учраас танд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй байна.

- Хариуцлага тооцох, тооцохгүйг би өөрөө ярих утгагүй.

Бидний хувьд валютыг оруулж ирэх дээр хоёр л боломж байдаг. Төгрөгийн нийлүүлэлтээ хумих, хүүгээ нэмэх. Энэ нь өөрөө эдийн засагт дандаа сөрөг нөлөөтэй. Хувийн секторын үйл ажиллагааг хумих, эдийн засгаа удаашруулах ийм л нөлөөтэй. Энэ хоёр шийдвэрийн дунд л Монголбанк сууж байдаг шүү дээ.

Монголбанк төгрөг талд л нөлөөлөх нөлөөлөл байгаад байдаг. Валют тал дээр интервэнцээс өөр зүйл байхгүй.

Монголбанк төгрөг талд л нөлөөлөх нөлөөлөл байгаад байдаг. Валют тал дээр интервэнцээс өөр зүйл байхгүй. Интервэнцийг бид мягмар, пүрэв гаригт бүрт хийж байгаа. Түүнийгээ нээлттэй зарладаг. Бид үйл ажиллагаагаа хийдгээрээ хийнэ. Цаашдаа бид валют орох урсгал дээр анхаарах нь л бидний сонирхол. Харин мөнгөний нийлүүлтээ хумих нь одоо зөв зүйл гэж бодохгүй байна.

- Валют орж ирэхгүй бол дотоодын эдийн засгаа золиослохоос өөр аргагүй биз дээ?

- Гадаад валют орж ирж байж төгрөгийнхөө нийлүүлэлтийг нэмдэг учраас орж ирдэг урсгал зогсчих юм бол тэрийг зохицуулах хэцүү. Өнгөрсөн жил тэнцвэржүүлэхийн тулд Монголбанкнаас мөнгө нийлүүлсэн. Зургаан их наяд төгрөг дутаж байхад гурван их наяд төгрөг хаана ч хүрээгүй. Талд нь хүрээд зогссон гэсэн үг.

Энэ жилийн хувьд тэр гурван их наядаа ч нэлээн танасан байгаа. Тэгэхээр эдийн засаг дахь төгрөг дутагдах нөхцөл валют орох урсгалаас л шууд хамааралтай гэдгийг та бүгд мэдэж байгаа.

Сая Олон улсын валютын сан ч манай тоонуудыг харсан. Цаашдаа валютын орох урсгалыг дэмжих буюу гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо дэмжих гэх арга замуудыг сонгоод барьж байна. Үүний хүрээнд алт, ноолуур гэсэн зүйлүүд яриад байгаа юм. Энэ хоёр маань нийт валютын орлого дээр 300-400 сая ам.долларын нэмэгдэл орлого болно гэж үзэж байгаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.