Казахстан Монголын хооронд авто зам барих хамтын шийдвэрт хүрлээ
-Казахстан улсаас мэдээлж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг "Акорда" ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авсны дараа төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж, талууд Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэ үеэр Казахстаны Ерөнхийлөгч хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр болсон ажлуудын талаар дараах мэдэгдлийг хийлээ.
Касым-Жомарт Кемелевич Токаев: Би 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр стратегийн түнш байгуулах тухай бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөдрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй. Бид олон талт хамтын ажиллагааны бүхий л чиглэлд баялаг агуулгаар үр дүнтэй хэлэлцээр хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо.
Ерөнхийдөө уг айлчлалаар хэд хэдэн чухал бичиг баримтад бид гарын үсэг зурсан. Өнөөдөр гарын үсэг зурсан бичиг баримтууд хоёр улсын хамтын ажиллагааг улам хүчтэй эрчимжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байна.
Бид Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Монгол Улсын хороонд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа. Энэ нь хоёр орны харилцааг маш өргөжүүлэх боломжийг өгч байна.
Агаарын тээвэр, замын асуудлыг бас чухалчлах хэрэгтэй. Энэ дээр ноён ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр санаа нийлсэн асуудал нь юу вэ гэхээр хоёр улсын хооронд дөт зам нээх сонирхолтой байгаагаа баталлаа. Зам барих хамтын шийдвэрт хүрлээ. Энэ нь дороо шийдэгддэг асуудал биш ч гэлээ нэг зорилготой байгааг харуулж байна. Тийм учраас энэ ажлын хүрээнд хамтын Засгийн газрын хамтарсан ажлын баг ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.
Цаашид Казахстан Монголын авто замын асуудлыг шийдсэнээр худалдааны эргэлтийг өргөжүүлэх, цаашлаад бусад орнуудад ч гэсэн бидэнд боломж нээгдэнэ гэдгийг харж болно. Ялангуяа худалдааны эргэлтийг сайжруулахад маш шинэ том түлхэц болох билээ.
Та бүхний мэдэж байгаагаар би түрүү жил ШХАБ-ын арга хэмжээний үеэр Алтай дамжсан хэлэлцээ хэмээх саналаа дэвшүүлсэн. Алтай тойрсон дөрвөн орны худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлал, соёлын салбарын асуудлаар бид нар нийтлэг байр суурьтай байвал маш том боломжуудыг нээж өгөх билээ. Тэгэхээр энэ нь цаашдаа Алтайн аялал жуулчлалыг кластер болгож хөгжүүлэх бололцоог бидэнд олгож байгаа явдал юм.
Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй ард түмэн билээ. Тэр дундаа геологийн эрэл хайгуул газрын хэвлийг ашиглах арвин туршлагатай. Энэ чиглэлд Казахстаны арвин туршлагыг цаашид хамтын ажиллагаандаа шингээн ажиллах бүрэн боломжтой.
Түүнчлэн мал, малын өвчний эсрэг вакцины үйлдвэрлэл Казахстанд ажиллаж байгаа. Цаашид хамтарсан уг чиглэлийн үйлдвэрийг байгуулж ажиллахад бид нар бэлэн байгаа.
Мөн Монголын дэлхийг сансраас ажиглах систем байгуулах тухай санаачилгад туслахад бэлэн байгаа. Казахстанд цахим хөгжлийн асуудалд мөн чухалчлан ач холбогдол өгдөг, стратегийн чанартай салбар гэж үздэг.
Түрүү жил Астанад зохион байгуулагдсан "Silk Way Star" олон улсын шоунд Монголын дуучин Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд маш халуун дотно санагдсан. Иймэрхүү төсөл хөтөлбөрүүд бидний оюун санааны соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд түлхэц болно.
Казахстанаас жил болгон Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож байгаа. Цаашид бид нар энэхүү сургалтын тэтгэлгийн тоог ахиулж Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин бэлдэхэд бэлэн байгаа. Энэ жил Монгол Улсад "стади эн Казахстан" боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн түүнчлэн Казахстаны их сургуулийн салбарыг нээх асуудлыг санал болгож дэвшүүлсэн.
Цаашид манай хоёр орны хотууд хооронд ах дүүгийн хот байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо. Энэ нь бидний нөхөрсөг хамтын ажиллагааг худ худалдаа эдийн засгийг цаашид бэхжүүлэхэд шинэ зам бидэнд тавьж өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
