Уншиж байна ...

Мэдээллийн технологийн гарааны компаниудыг дэмжих Монгол, Японы хамтарсан консорциум байгуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар(НБИХГ)-ын HUB Innovation Center-т өчигдөр Япон улсын Токио хотын Шинагава дүүргийн захирагч Киоко Морисава тэргүүтэй тус дүүргийн мэдээллийн технологийн чиглэлийн холбогдох албаны хүмүүс зочиллоо.

Тэд хоёр улсын гарааны компаниудыг хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, харилцан мэдлэг туршлагаа солилцож, цаашид шинэ боломжуудыг нээх зорилготой иржээ. 

Тодруулбал хоёр талын хамтарсан консорциум байгуулах бөгөөд үүний урьтал болгож энэ сард багтан Санамж бичигт гарын үсэг зурцгаах юм. Ингэснээр хоёр улсын мэдээллийн технологийн чиглэлийн гарааны компаниудад хамтран ажиллах гүүр болно гэж талууд онцолж байлаа. 

Энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж буй хатагтай Киоко Морисавагаас хамтын ажиллагааны чиглэлээр зарим зүйлийг тодрууллаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Япон улс гарааны бизнесүүдээ хэрхэн дэмждэг вэ?

- Засгийн газрын тодорхой дэмжлэгүүд бий. Гэхдээ зөвхөн Засгийн газар гэлтгүй дүүрэг бүр гарааны компаниуддаа дэмжлэг үзүүлдэг. Жишээ нь Шинагава дүүргийн хувьд дундын оффист ажиллуулах, хөрөнгө босгоход нь дэмжих, тухайн салбарынх нь зөвлөх мэргэжилтнийг урин нэгдэл үүсгэхийн зэрэгцээ хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 

- Танай дүүрэгт инновац хөгжлийн төв байдаг гэж сонссон. Түүнд бойжиж буй мэдээллийн технологийн гарааны компаниуд ихэвчлэн ямар үйлчилгээнийх байдаг вэ?

- Голчлон ажлын бүтээмж нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настанд зориулсан халамжийн үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар үйл ажиллагаа явуулах компаниуд бий. Мөн байгаль орчин, дахин боловсруулалт зэрэгт төвлөрдөг компани ч их бий. 

- Хоёр талын хамтарсан мэдээллийн технологийн консорциум байгуулагдана гэсэн. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Мөн хүлээж буй үр дүнгээсээ хуваалцана уу?

- Шинагава дүүрэгт "Котанда хөндий" гэж байгууллага бий. Ирээдүйд "Цахиурын хөндий" болох зорилготой. Энэ байгууллага болон Улаанбаатар хотын Бизнес, Инновац хөгжлийн газар хамтраад консорциум байгуулах гэж байна. Хоорондоо мэдлэг туршлагаа солилцсоноор илүү их шинэ боломж гарах болов уу.

Би анх удаа Монгол Улсад ирж байна. Ирээд Монгол болон Японы хувийн хэвшлийн байгууллагууд олон хэлбэрээр хамтарч ажиллах боломж өндөр байна гэж бодлоо. Монгол залуус тун эрч хүчтэй байна. 

Б.Билгүүн: Энэ сард багтан Санамж бичиг байгуулна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НБИХГ нь 2016 онд байгуулагдсан бөгөөд инновац технологийн шийдлийн тусламжтайгаар Улаанбаатарт тулгамдсан асуудлыг шийдэх болон гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Ихэнх гарааны компанийн гол зорилго нь гаднын зах зээлд нэвтрэх байдаг тул гадаад харилцаагаа эрчимжүүлж байгаа тухайгаа тус газрын дарга Б.Билгүүн хэлж байв. Үүнийг нэг жишээ нь Япон улсын Шинагава дүүргийн инновац хөгжлийн төвтэй хамтрах юм байна. 

Тэрбээр "Токио хотын Шинагава дүүрэгт байрлах "Котанда хөндий" хэмээх байгууллагатай манайх Санамж бичиг байгуулах гэж байна. Гол зорилго нь хамтарсан консорциум байгуулах тухай юм. Монголын гарааны компани тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн Японы зах зээлд нэвтрэхэд бэрхшээлтэй байдаг. Гаднын том компанийн ажлыг гүйцэтгэхэд өндөр шаардлага тавигддаг тул бэрхшээл үүсэх тохиолдол бий. Тиймээс Японы талтай хамтарч байгуулах консорциум нь Японы зах зээлд нэвтрэх, технологийн компаниудын ажлыг гүйцэтгэхэд том дэмжлэг болох гүүр нь юм" гэлээ.

Одоогоор HUB Innovation center нь НБИХГ-ын инновац хөгжлийн хоёр төвийн нэг юм. Энд 30 гаруй төсөл бойжиж байгаагаас гарааны гурван компани Шинагава дүүргийн албаны төлөөлөгчдөд үйл ажиллагаагаа танилцууллаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдгээрээс нь "UPTECH" компанийг онцолъё. Тус компанийн залуус виртуалаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэх, байгалийн үзэсгэлэнт газар, музейнүүдийг VR технологиор орчинд нь очсон мэт харуулах үйлчилгээг санал болгодог байна. 

"UPTECH"-ийг үүсгэн байгуулагч Ц.Ариунболд "Манайх AR, VR технологид суурилсан контент болон интерактив вебсайтын үйлчилгээг санал болгодог. 2018 онд үүсгэн байгуулагдсан. Хэрэгжүүлсэн төслөөсөө дурдвал 2021 онд Виртуал өв соёл төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь Монголын байгалийн үзэсгэлэнт газрууд, музейг виртуалаар үзэх боломжийг олгодог. Ингэснээр өв соёлоо дижиталаар хадгалах, таниулан сурталчлах, хүүхэд залуусын сонирхлыг татах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн нэн ховордсон амьтдыг VR технологийн тусламжтай харах, харилцах  боломжтой болгосон. Богд хааны ордон музей, Монгол цэргийн музей, Архангай аймгийн музей, Өмнөговь аймгийн музейг VR технологиор үзүүлдэг.

Нэг сонирхолтой жишээ хэлэхэд Өмнөговь аймгийн онцлог газруудыг VR технологиор харуулахад хүмүүс тун сайхан хүлээж аваад, бодитоор нь очиж үзэхээр нэг байгууллагын хоёр автобус дүүрэн ажилтан аялахаар явж байв. Энэ мэт бодит үр дүн бий. Учир нь VR анхаарлыг 100 хувь төвлөрүүлж чаддаг.

Үүний зэрэгцээ боловсролыг виртуалаар эзэмших боломжийг бүрдүүлэхийг зорьж эхний удаад сансар огторгуйг хийгээд байна. Дараа нь хими, физик гэх зэргээр илүү баяжуулна. Шинжлэх ухаан хүүхдүүдэд сонирхолтой байх ёстой. Зөвхөн номоос суралцах боломжгүй шүү дээ. Тэгшитгэл бодоод суух биш урвал хэрхэн явагдахыг харах чухал. Тиймээс тэр боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Анх VR-ыг тоглоом гэж төсөөлдөг байсан цаг хоцорсон. Энэ технологи бизнесийн салбарт хүч түрж байна. Эрүүл мэнд, соёл, боловсрол гээд технологийн дэвшлийг оновчтой ашиглах шаардлага бий" хэмээн ярьж байв. 

Түүнээс гарааны бизнест төрийн ямар төрлийн дэмжлэг илүү чухал талаар асуухад "Төр өөрөөсөө хамааралтай зүйлс дээр дэмжих хэрэгтэй. Татварын хөнгөлөлт их чухал. Хоёрдугаарт хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих.

Төр гарааны компанитай хамтран ажиллах шаардлагатай байна. Тендер зарлагдахад гаднын бизнест өгчхөж байна. Мэдээллийн технологийн туршлагатай нэг л компани Монгол Улсын бүх юмыг хийгээд байвал бусад нь яах вэ. Бизнест шударга өрсөлдөөн чухал. Гэтэл тендертээ маш олон шалгуур тавьдаг. Түүнийг нь гарааны компани хангаж чаддаггүй. Тиймээс дэмжлэг гэдэг үг нэр төдий явах уу, бодит ажил болох уу гэдэг нь эндээс харагдана" гэж хариулсан юм.